|

Энгүй их хүчтэн дархан аварга Б.Түвдэндорж

tonshuul 2016/11/21 1651 0
Үндэсний бөхийн домогт аварга Бадамдоригийн Түвдэндорж нь бөхчүүд болон ард түмэнд хүндлэгдэж, хайрлагдсан гайхамшигтай бөх байсан юм. Тэрээр Түшээт хан аймгийн Ахай гүн Лувсанхайдавын хошуу буюу одоогийн Булган аймгийн Хангал суманд 1916 онд төрсөн.
 

Энгүй их хүчтэн дархан аварга Б.Түвдэндорж

 

14 настайдаа буюу 1930 онд нутгийнхаа "Эргэл хайрхан” уулын овоо тахилгын наадамд анх удаа зодоглон түрүүлж бөх болох гараагаа эхэлсэн түүхтэй. Б.Түвдэндорж аварга улсын их баяр наадамд долоон удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэж, найман удаа шөвгөрсөн улам нэмэх, үнэн дэлгэрэх, бат нягт, үнэн хүчит өрнөн дэлгэрэх, улс даяар дуурсах, шалгарсан бат хүчит, улам баясуулагч, харилтгүй хүчит, олныг баясуулагч, түмнээс төгөлдөр, далай даян, дархан аварга юм. Монголчуудын хайртай аварга, домогт бөх Б.Түвдэндоржийн 100 жилийн ойг тохиолдуулан түүний туулж өнгөрүүлсэн амьдралын түүхийг хүргэе.
 
 
14 НАСТАЙДАА АНХ УДАА ЗОДОГЛОВ
 
Б.Түвдэндорж Лувсанхайдав хэмээх тайж хүний хүүхэд байжээ. Түүний аавыг эсэргүү хэмээн авч яваад хороосон гэдэг. Тиймээс хойд эцгээрээ овоглосон аж. Харин ээжийг нь "хайнаг” Сэрээнэн гэх бяртай, биерхүү, хайнагийн шар даахтай үгүйтэй модыг ганцаараа өргөж ачдаг хүн байжээ. Түвдэндорж ядуу тарчиг амьдралд өссөн учир ээж, дүү хоёроо хүний гар харуулахгүй хэмээн багаасаа хүнд хүчир ажил хийж сурчээ. Тэрээр айлд тариа тарьж, анжис чирч, мод түлээ бэлтгэнэ. 17 настайдаа Цагаан эргийн дамжлага баазад ажилд орж цэргийн албанд татагдах хүртлээ ачигч хийсэн байна. Тэр баазад Орос бараа их ирдэг байж.
 
Эхлээд 70 кг-ын шуудайтай гурилыг хоёроор нь зөөхөд даадаггүй байсан бол яваандаа түүртэлгүй зөөдөг болжээ. Б.Түвдэндорж аварга 1930 онд нутгийнхаа "Эргэл хайрхан” уулын овоо тахилгын наадамд анх удаа зодоглон түрүүлж бөх гараагаа эхэлсэн байна. 1939 онд 23 настайдаа ардын цэргийн албанд татагдаж Төв аймгийн Заамар сумын агтан дээр томилогдсон үедээ эхнэр Даштайгаа танилцсан байна. Тэр жилийнхээ үндэсний баяр наадмаар барилдаж, цолгүй бөх арслан цол авч, залуу жанжин Ж.Лхагвасүрэн болон Х.Чойбалсангийн бөх хэмээн алдаршжээ.
 
Б.Түвдэндорж 1941 онд Өлзийсайхан арслангаар ес даван түрүүлж аварга, 1945 онд Цэвээнравдан заанаар ес даван түрүүлж даян аварга, 1946 онд Чимэд-Очир арслангаар арав даван түрүүлж дархан аварга цол хүртсэн байна. Мөн тэрээр Монголын тамирчдаас анх удаа "Спортын гавьяат мастер” цол хүртсэн болохоор ууган гавьяат тамирчин хэмээн алдаршсан юм. Домогт аварга маань гараа, дэвээ сайхан, бие бялдар тэгш бөх байжээ.
 
ДАРХАН АВАРГЫН ДАРХАН МЭХ
 
Түүний дархан мэх нь хөнтөрч суйлах, хөлд ороход нь дарна. Б.Түвдэндорж аварга нохой мордох мэх хийхийг цээрлэдэг, атаа жөтөө, уур уцаараас цэрвэж явдаг, даруу зантай нэгэн байжээ. 51 настайдаа наадмын дэвжээнээ өвдөг шороодолгүй тав давж, 512 хүчтэнээс уран мэхээрээ шалгарсан 16 шилдэг бөхийн нэг болж байсан аж. 1958 онд Спортын төв ордон баригдаж ашиглалтад ороход үндэсний бөхийн багш, дасгалжуулагчаар ажиллаж үндэсний бөх хөгжихөд өөрийн хувь нэмрээ оруулсан гавьяатан юм. Түүний шавь нараас арслан, аварга, дэлхийн хошой аварга, олимп, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай 10 гаруй бөх төрсөн байна. Тэрээр шавь нартаа "Хүн ажил хийснээрээ мууддаггүй юм. Ажилд нухлагдаж явсан минь ийм амжилтад хүргэсэн. Хөдөлмөрлө, битгий шантар. Тэгвэл та нар амжилтад хүрнэ шүү” хэмээн захиж хэлдэг байжээ. 
 
Б.Түвдэндорж аваргын мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ үеэр түүний отгон охин Т.Отгончулуунтай уулзаж аавынх нь тухай дурсамж хөврүүлсэн юм.     
 
Булган аймгийн Хангал суманд Б.Түвдэндорж аваргын хөшөөг босгожээ.
 
Отгон охин Т.Отгончулуун:
"МИНИЙ ХҮҮХДҮҮД ХӨДӨЛМӨРЛӨ, АМЬДРАЛ АХУЙГАА САЙХАН АВЧ ЯВ” ГЭЖ ХЭЛДЭГ БАЙСАН
 
Отгон охин Т.Отгончулуун, нөхөр, зээ хүүгийн хамт.
 
-Хүүхэд байхад "За миний хүүхдүүд хөдөлмөрлө, амьдрал ахуйгаа сайхан авч яв, энэ сайхан зодог шуудгийг оёод сурчих” гээд биднийг эр, эм гэлтгүй оёулаад суулгана. Аав маань зодог шуудгаа өөрөө оёно. Миний ээж Даш өдөржин оёдлын машины ард сууж юм оёхын хажуугаар хэдэн хүүхдээ хооллоно. Миний мэдэхийн аав маань том хүрэн дээлтэй явдаг байсан. Барилдаан болоход хэдэн зодог шуудаг оёод аваачиж өгдөг. Энэ нь аавын минь үлдээсэн өв хөрөнгө шүү дээ.
 
Үр хүүхдэдээ халамж анхаарал тавихаас гадна 34 жил бусдын үр хүүхдийг сурган хүмүүжүүлсэн хүн. Ямар ч гэсэн үр хүүхдэдээ үлгэр дууриалал болсон сайхан аав байсан. Биднийг загнаж, зандарч байгаагүй. Сахилгагүйтсэн хүүхдийг "Чи яасан гэнэ ээ” гээд бариад авахаар ээж "Ийм том мангар юм байж хүүхэд битгий алчих” гээд гар хүргүүлдэггүй байсан гэсэн. Сүүлд манай нэг ах биднийг зодуулж байхгүй яасан юм бэ гэж хэлж байж билээ.
 
Хүмүүс аавыг минь дуугүй, ширүүн ааш зангүй, байнга инээчихсэн явдаг байсан гэж ярьдаг. Би 30 нас хүртлээ аав ээжтэйгээ хамт амьдарсан. Манай гурван хүүхэд өвөөгийнхөө гал дээр гарсан. Эцэг эхээс 10-уулаа ч одоо тав нь энх тунх амьдарч байна. Намайг зургаан ах, хоёр эгчтэй болохоор аав ээж хоёр Отгончулуун гэж нэр хайрласан ч дүү маань гарсан юм. Одоо дүү Т.Нацагдорж маань 55 нас хүрч байна.
 
 
Спортын төв ордонд хүүхдүүдэд үндэсний бөх зааж байгаа нь.
 
Нэг ах минь барилддаг байсан ч ослын улмаас барилдаж чадахгүй болсон. Тиймээс аав ээж хоёр цагаан хэл амнаас айж "Эрэгтэй хүүхдүүдээ барилдуулах дэмий юм байна. Би өөрөө барилддагаараа барилдъя. Түмний хүүхдийг сургаж хүмүүжүүлээд явж байя” гэсэн гэдэг. Би гурван хүү, нэг охинтой. Манай дундах хүү Ундрал аавыг нас барахад гурван настай байсан. Аав ээж хоёр хүүхдүүдээ бөх болгоно гэж ярьдаггүй байсан хэрнээ манай хүүг гарсны дараа бөхийн холбооноос хүмүүс ирэхэд аав "Наад хүүхдээ нэг хараадахаач” гээд Г.Даваасамбуу гуайд хэллээ. Тэгсэн Г.Даваасамбуу гуай хүүгийн минь өмдийг тайлж хараад тойг нь их том байна гэхэд нь "За та нар наад хүүхдээ нэг бөх болгоодохоорой” гэж захиад өөд болсон доо.
 
Аавыг минь өвчтэй байхад Х.Баянмөнх гуай их ирдэг байсан. Хоёр Мөнх аавын минь шавь нар юм. Өвөөгийн захиж үлдээсэн хүү өнөөдөр 33-тай. Ундралыг 16-17 настай байхад нь бөхийн удамтай, аваргын хүүхдүүдийг сүмод авна гэхэд явуулж байлаа. Сүмод 15 дахь жүро буюу Монголоор начин цол авсан. Үүнээс хойш хоёр сарын дараа гэмтсэн учраас сүмогоо орхиж эхнэртэйгээ Япон, Монголын хооронд бизнес хийж байна.
 
Уг нь бөх болох байх гэж бодсон. Хэрэв үндэснийхээ бөхөөр барилдсан бол ямар ч цолтой болох байсан юм гэж боддог. Ямар ч гэсэн сүмод хүч үзэж байгаад ирсэн. Манай Ундралыг өвөөтэйгөө адилхан гэж хүмүүс хэлдэг. Манай удамд барилддаггүй ч спортлог, тэргүүний 10 гаруй хүүхэд байгаа. Хүүхдийн хүүхдүүдээс удмын бөх гарна гэдэг итгэлтэй байна.
 
Их аварга, үндэсний спортын ууган гавьяат мастер Б.Түвдэндоржийг энгүй их хүчтэйбайсан талаар тэр үеийн бөхчүүд ярьдаг байжээ. "Домогт бөхчүүдийн омогт барилдаан”номд бөхчүүд түүний талаар юу гэж өгүүлснийг хүргэж байна.
Дархан аварга буур Н.Жамъян, дархан аварга Б.Түвдэндорж.
 
"Э.Өлзийсайхан арслан, П.Бат-Очир арслан, Б.Түвдэндорж аварга, Ц.Чимэд-Очир аварга”
 
Улсын арслан С.Самданжигмэд:
АВАРГА ХӨНТРӨХ МЭХЭЭРЭЭ БҮХ УЧРААГАА ӨВДӨГ ШОРООДУУЛСАН
 
-Би Б.Түвдэндорж аваргатай 1941 онд наадмын бэлтгэлд цуг гарахдаа анх танилцсан юм. Тэр жил цэргийн бөхчүүд Хүүшийн аманд бэлтгэлд гарахад цэргийн халуун усны дарга байсан улсын заан Лувсанбалдан гуай Лхагвасүрэн жанжны даалгавраар бидэн дээр очиж мэх зааж бэлтгүүлсэн юм. Тэгэхэд Түвдэн, Ж.Цэвээнравдан, мундаг Н.Наваан, Э.Өлзийсайхан, Ө.Гарамдагва гэсэн бөх байлаа. О.Лувсанбалдан заан нэг өдөр "хөнтрөх" гэдэг мэх заасан. Энэ бол суганы хонхрын барьцнаас барьж, мөрнөөс барьсан гарыг нь нөгөө гараараа огцом татаж тавиулан урдуураа хөндлөн гүйлгэж хөл авч унагадаг мэх юм. Аргагүй л бяртай хүний мэх. Бөхчүүд бүгд сонирхлоо. Тэр дундаас Түвдэндорж бусдаас илүү анхаарч сурах гэж мэрийж эхэлсэн юм.
 
Эхэн үедээ эв дүйгээ олоогүй байхдаа хүний гараар хүзүү толгой руугаа цохиулчихаад ярвайж суудагсан. Тэгсэн хэрнээ шантралгүй өдөр болгон бидэнтэй барилдаж, энэ мэхээ давтсаар сүүлдээ гаргууд сайн хийдэг болсон. Тэр сорилго дээр О.Лувсанбалдан гуай биднийг халгайн дээр барилдуулж, халгайгаар ороолгодог байсан болохоор Түвдэндоржид унахгүй гэж хэрээрээ мэрийх боловч яаж ч чадахгүй хөнтрөх мэхэнд нь орчихдог болсон билээ.
 
Ингээд бүгдээрээ наадамд барилдацгаалаа. Би ч нэг их шальсангүй. Харин мундаг Н.Наваан маань дөрөвт үлдэж, Э.Өлзийсайхан үзүүрлэн Түвдэндорж босоо түрүүлсэн юм. Түвдэндорж амныхаа бөхөөс эхлээд үзүүрийн бөх хүртэл бүх учраагаа хөнтрөх мэхээр өвдөг шороодуулсан юм. Ингэж аваргын гол дархан мэх болсон доо. Үүнээс хойш улсын наадамд тав түрүүлэхдээ бүх хүчтэй учраагаа хөнтрөх мэхээр л орхидог байсан. Үүнийг бидний үеийнхэн, тухайлбал, Ж.Цэвээнравдан, Г.Цоодол, Ч.Нямжав, Бадамсэрээжид нарын ахмад бөх андахгүй мэднэ. Ер нь хүчтэй хүн өөртөө тохирсон даацтай мэх сурчихвал тун ч дийлдэхгүй болдог нь Түвдэндоржийн барилдаанаас харагддаг байсан юм.
 
Намайг 25 жилийн ойгоор дөрөвт үлдээд байтал Түвдэндорж амлаад авчихлаа. Жаахан шар хөдлөөд "Чи намайг амлаа юу, тэнгэр харуулна" гэж аархвал аварга нэг инээмсэглэчихээд яваад өглөө. Би хөнтрөх мэхийг нь хийлгэхгүй юмсан гэж бодон мэх төлөвлөж гарсан юм. Тэгээд өрж бужигнуулж байгаад гүйлээ. Хоёр гар, бүдүүн гуянд нь сайн хүрсэн боловч үнэхээр өргөж дийлээгүй даруулчихсан юм. Илүү хүн гэдэг аргагүй л илүү байдаг юм билээ. Ер нь Түвдэндоржийг бяртай гэдгийг би мэддэг байсан. Цэрэгт түгээгч байхдаа торхтой 100 кг-ын шар тосыг биедээ хүргэхгүй тэргэн дээр өргөөд тавьж байхыг нь харсан.
 
Энэ бүхнээс бодоход биднээс хол тасархай бөх байсан юм билээ. Аварга манай хоёрынх сүүлдээ айл саахалт амьдарч, бид чамгүй сайхан үерхэж явлаа. Бяр ихтэйдээ ч тэр юм уу, жаахан аархуу, бүдүүн баараг зантай, гүндүүгүй сайхан эр байсан.
 
Улсын аварга Ж.Цэвээнравдан:
БИДНЭЭС ИЛҮҮ БӨХ ГЭДГИЙГ НЬ МЭДЭВ
 
-Б.Түвдэндорж аварга бид нас ойролцоо, наадамд нэгэн үед барилдаж явсан найз бөхчүүд. Аварга маань бие арлаар ч, бяр тэнхээгээр ч биднээс хол илүү бөх байлаа. Барилдаж байхад бяр илүүтэй нь мэдрэгдээд байх боловч чухам аль хэр бяртай хүн байсан бэ гэдэгт тодорхой хариулахад хэцүү юм. Тэр үед хүний бяр чадлыг хэмждэг одоогийнх шиг багаж хэрэгсэл байгаагүй болохоор бөхчүүд гол төлөв чулуу өргөж, чулуугаар бяраа тэмдэглэж орхидог зуршилтай байсан. Харин Түвдэндорж аваргыг тийм, ийм чулуу өргөж гэнэ гэж дуулддаггүй юм. Ер нь өргөөгүй ч байх.
 
Бөхчүүдийн ярьдгаар Сэлэнгийн бирваазад ачигч байхдаа /нас нь 21-22-той л байсан байх /70 кг-ын шуудайтай гурилыг хоёроор нь давхарлан өргөж ачдаг байсан гэдэг юм. Энэ ч бас л багагүй бяр. Гэтэл аваргыг үүнээс хавьгүй илүү бяртай, үнэн хүчтэй хүн болохыг би нэг удаа нүдээр үзэх завшаан тохиолдсон юм.
 
Намайг Сөгнөгөрийн амралтад ажиллаж байхад аваргынх тэнд үнээ сааж, сүү цагаан идээгээ амралтад өгдөг байлаа. Нэг удаа бидний хэдэн бөхчүүд аваргынд цуглаж, энэ тэрийг ярьж наадаан цэнгээн болж байгаад оройтсныг мэдсэнгүй. Нэг мэдэхэд үхэр нь ирэх цаг болчихсон байж.
 
Гэтэл эхнэр нь цухалдаж "Хашаа хороо цэвэрлээгүй, нойтон баасан дээр хальтирч унаад хэмхрэх байлгүй, би. Энэ хүн яахав, ингээд сууж байхаараа болдог хүн" гэж үглэх маягтай болов. Түвдэндорж эхнэр рүүгээ нэг харснаа уцаарлав бололтой "Гараад, овоолоод хаячихъя" гэхээр нь бүгдээрээ гарч үхрийн ширэн дээр нойтон ялгадсыг тал талаас нь овоолоод тэргэнд хөллөдөг бүдүүн хар хайнаг /шар/ авчирч, олсоор оосорлон хүзүүнээс нь зүүгээд зүтгүүллээ. Гэтэл нөгөө хайнаг маань сөхөрч унаад хөдөлж чаддаггүй юм байна. Аварга уурлаж "Шар болохоо алдсан турсага байна" гэсээр хайнагаа гаргаад өөрөө хоёр мөрөөрөө оосорлоод явдаг юм байна. Яаж барах вэ л гэж бодож байлаа. Гэтэл аварга огцом зүтгэхдээ хальтирмаар болсноо тэр чигээр нь чирээд явчихлаа шүү.
 
100-гаад метр газар аваачиж асгачихаад жишим ч үгүй эргээд ирэхэд нь "Хүнд байна уу" гэхэд "Хүнд юм мөр тасалчихаа шахлаа, уурандаа л дийллээ" гэж байж билээ. Ийм л хүчтэй аварга байсан. Тэр ачааг бидний хэн нь ч хөдөлгөхгүй байсан даа. Ингэхээр биднээс илүү бөх байсан нь мэдэгдэж байгаа биз дээ. Ер нь аварга өөрийгөө бусдад унана гэж итгэдэггүй бөх байсан юм. Ардын хувьсгалын ойгоор бид хоёр барилдаж, би мэхийг нь хариулж дээр нь тусахад аварга шууд босоод дэвэх гэж байсан. Булхайцсандаа биш санаанд нь багтахгүй байхгүй юу даа.
 
Улсын арслан Г.Цоодол:
ГАРАА, ДЭВЭЭ САЙХАНТАЙ БӨХ
 
-Б.Түвдэндорж аварга бид нэг үеийн бөхчүүд юм. Аварга маань биеийн галбираар Хадбаатартай төстэй, суйлдаг, хөнтөрдөг, гүйж орсон хүнийг дадамгай дардаг мэхтэй байлаа. 1938 оны наадамд гурав давж, хойтон жил нь шууд түрүүлсэн хүн дээ. Түвдэндоржийг байхгүй бол наадам эзгүйрээд нэг л эвгүй байдагсан. Аваргад янз бүрийн саад тотгор тохиолдоогүй бол элбэг 10 гаруй түрүүлэх байсан. Ер нь цагийг эзэлсэн их бөх байсан даа. Гараа, дэвээ хэчнээн сайхантай гээч.
 
Улсын арслан Ц.Бадамсэрээжид:
ТҮРҮҮЛСЭН БӨХИЙН ШАГНАЛЫГ АВАВ
 
-Б.Түвдэндорж аварга хувьсгалын жилүүдэд төрсөн бөхчүүдээс хамгийн тэнхээтэй мөртөө гуалигхан биетэй /120 кг орчим жинтэй/ бөх байсан юм. Агаарт эргэлдэн нисэгч бүргэд шувуу шиг уужуу тайвуухан атлаа уран гоё дэвсээр гардаг бөх байсан. Энгүүн яриа хөөрөөтэй, хэнтэй ч болов дорхноо л танилцчихдаг, сайхан зан ааштай хүн байв. 1940-өөд оны үед юм уу даа, тонн хэрийн жинтэй цементэн том хоолойг хээрээс олж дотор нь юм хум хадгалъя” хэмээн ихэд олзуурхан хүнээс үхэр тэрэг гуйж аваад түүнийгээ хүчлэн өргөж тавьтал тэрэг хэмхэрч өрөнд орж байсан гэдэг.
 
Түүний гол мэх нь хөнтөрч суйлдаг. Тэрийгээ их чадамгай хийнэ. Хааяа хөлд нь гүйж орсон хүнийг алдалгүй бариад хүчлэн дарчихдаг байсан. 1954 оны наадамд бид хоёр үлдэж, би түүнд сээрэн дунгуй мэхээ хийсэн боловч хариу хүчтэй мэхэнд орон унаж үзүүрлэсэн юм. Намар нь спартикадын үндэсний бөхийн барилдаан бага цэнгэлдэх хүрээлэнд болоход улсын арслангаас дээш цолтой 12 бөх тойргийн журмаар барилдсан юм. Би эхлээд нэг гэсэн дугаартай сугалаа татсан нь Түвдэндоржтой таарсан байв.
 
Түвдэндорж надаас "Чи өнөө сээрэн дунгуйгаа хийх үү” гэхэд нь би хийнэ дээ гэсэн. Тэгээд би үнэхээр сээрэн дунгуй хийх гэж байгаа дүр үзүүлээд ноцож байгаад гэнэт бусгаад зайлчихсан чинь аварга хүчиндээ ойччихдог юм байна. Тэгээд босч ирээд "Аа, чи намайг залилж унагаалаа. Жинхэнэ бяр хүчээрээ хаяагүй” гээд тахимаа өгдөггүй. Би спартикадын бөхийн комиссын дарга, улсын арслан Ванчинхүү гуайд хэлж байж тахимаа авч байж билээ. Хэд хоногийн дараа Налайхад болсон наадамд би Түвдэндоржийг аанай л сээрэн дунгуйгаараа хаяж түрүүлсэн юм.
 
Харин аварга маань тү­рүүлсэн бөхийн шагналыг маань "Би авна" гээд авчихлаа. Яагаад гэвэл чи жинхэнэ бөх биш. Хүнийг залиар унагадаг бөх гээд өөрийнхөө шагналыг орхиод явчихаж билээ. Наргиа хошин зантай ч жинхэнэ эр хүний бяр хүчийг үзэх дуртай байсан. Түвдэндорж ер нь ам их хатуу авдаг хүн байсан. Ам авахдаа "За дүү хүүгээ хүртчихье" гэнэ. Харин үргэлж уужуухан далбаа өмсдөг байв. Түүнээс нь бариад авахад биеэ суллаж лавшруулан бариулж байгаад их хүчтэй хална. Хурууны өндөг цайртал хална даа.
 
Улсын арслан Ж.Чойжилсүрэн:
ТҮВДЭНДОРЖ АВАРГЫГ АНХ ХАРСАН МИНЬ
 
-Би төрсөн нутаг Архангай аймгийн Өлзийт сумын наадамд 1954 онд түрүүлснээс хойш бөхийн дон туссан хүн дээ. Хойтон жил нь хотод ирж Урт цагааны баруунтай орших хотын зах дээр Түвдэндорж аваргыг анх харсан. Тэгэхэд аварга маань мах мариа, хүч чад­лаар тааруухан хүн шиг харагдсанд "Өнөө алдарт аварга маань энэ үү” гэсэн бодол төрж, ба­рилд­вал хаячих юм шиг санагдаж байв. Гэтэл наад­маар зодоглоод цол гун­­шингаа дуудуулаад алгуур тайван нь аргагүй дэвсээр гарч ирэхийг нь хараад өөрийн эрхгүй сүрдэж, тэр бодлоосоо ичиж билээ. Аварга маань үнэхээр монгол бөхийн буян шингэсэн хүн байж дээ.
 
Бөхөд хорхойтой бидний хэдэн залуусыг цуглуулж, бөхийн гараа, дэвээ, шаваа, өрөлтөөс авахуулаад их зүйлийг тун ч уйгагүй зааж өгсөн. Тэр үед бидний хичээл Дунд голын хуучин модон гүүрний дэргэдэх зүлгэн дээр явагддаг байлаа. Ажлаасаа тарж яваа олон хүн Түвдэндорж аваргыг таньж, бас сониучирхан цуглаж, дорхноо бүчээд авна.
 
Үүнд нь бид том, багагүй баярлаж багшийнхаа заасан бүхнийг сурах гэж хичээнэ. Хичээл маань заримдаа жижиг наадам болж хувирна. Чухам энэ үед багш маань "Чамлахаар чанга атгаж барилд, аваргыг хаяж аварга болдог юм” гэж ухаан шингэсэн олон зүйлийг хэлж зөвлөдөгсөн. Чингээд "За хүүхдүүд минь архи, тамхинаас хол явж бай. Мөн бардам зан их халгаатай шүү. Би энэ гурваас болоод олон жил түрүүлэх боломжоо алдсан юм хэмээн аварга маань бяр хүчээр ааглаж явсан аатай залуу насны гэмээ чухам тэр үеэс л ойлгон ухаарч байсан юм.
 
 Улсын арслан У.Мижиддорж:
"ИЙМ ХҮН ГЭЖ БАЙДАГ АА"
 
-Б.Түвдэндорж аварга Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяр наадамд түрүүлснийхээ дараа Булган аймагт очиж барилдахад нь анх харж билээ. Сууж ирсэн машиныхаа тэвшин дээр гарчихсан зодог шуудгаа өмсөж байхад нь хүмүүс тойроод шавчихсан байхыг нь хараад "Ийм хүн гэж байдаг аа" гэж гайхаж билээ. Нуруу нь тэг дөрвөлжин, булчин нь адууны гуя шиг л юм харагдсан. Царай зүс ч гэж сайхан. Нямжав, Содном, Хорол заан нар дэргэд нь юу ч болохгүй байсан даа. Одоо бодоход бие нь хүнд, бяр их болохоор олон мэхний хэрэггүй байсан байх.
 
1955 онд нэлээд харьсан хойно нь Сонгинод хэд хоног цуг амарсан. Тэгэхэд л 130 гаруй кг байсан юмдаг. Хүний мэх хийхийг ашиглахдаа сүрхий, зүгээр л дарчихна. Доогуур нь орж ер болдоггүй хүн. Их даруухан, элдэв долоон үггүй, нэр төр хөөцөлддөггүй хүн. "Уг нь хичээгээд барилдсан бол 10 түрүүлчих байлаа" гэж ярьдаг байв. Би 1952 оноос эхлэн нөхөрлөсөн. Намайг ид байхад харьж явсан хүн. 1957 оны улсын баяр наадамд долоогийн даваанд намайг амлаж, би унагасан болсон. Ид үед нь бол яагаад ч барахгүй. Ард нь гарсан ч унагаж чадахгүй байсан. Би улсын арслан цолтой бөх гэхэд Түвдэнгийн ид үед нь юу ч болохгүй хүн шүү дээ.
 
Б.Түвдэндорж аварга гарын уртай, их ажилсаг хүн. Барьсан сууц нь одоо ч Баянхошуунд бий. Доторх ханын шүүгээнүүдийг өөрөө хийсэн. Зодог шуудгаа тун гоёмсог хийдэг хүн. Ш.Батсуурь аваргыг хоёр дахь удаагаа түрүүлдэг жил нь наймд үлдээд амлаад унасан юм. Тэгээд гарч явахдаа хар дээл өмсчихсөн, хээр морь унаад явж байхыг нь хүмүүс хараад "Морь нь даадаг юм байх даа" гэцгээж байж билээ. Ер нь Түвдэндорж аварга шиг бөх их л ховорхон төрнө дөө.
 
 Улсын заан Ц.Лувсан:
БӨХИЙН ШИНЖИЙГ САЙН МЭДДЭГ, АЖИГЧ ГЯРХАЙ ХҮН БАЙСАН
 
-Б.Түвдэндорж аварга өөрийнхөө үеийн бөх­чүү­дээс бяр чадлаараа онцгой байсан юм. Тухайлбал, 1952 оны улсын баяр наад­мын барилдаанд Ерөнхий сургуулийн Самбуу, Б.Түвдэндорж аваргатай  таарч барилдсан юм. Тэгэхэд Самбуу дэгээ ороогоод автал Б.Түвдэндорж аварга хоёр хөлөө бага зэрэг салгаснаа хоёр суган дотроос нь дээш шувт татаж өргөн дэгээг нь мултлан хаяж байсан. Б.Түвдэндорж аварга олон талын барилдаантай, мэхтэй боловч их бяртай байс­наас учраа бөхөө барьж аваад өөр рүүгээ та­­таад буцаан түлхээд үлд­­сэн хөлийг суйлах, та­­хим­­дах зэрэг гарын үзүүрээр хийдэг мэхүүдээр хял­бар­хан унагадаг байв.
 
Ер нь Түвдэндорж аварга бөхийн шин­жийг сайн мэддэг, ажигч, гярхай хүн байсан бо­лолтой. Тэр үеийн бөх­чүүдийн нийтлэг нэг сай­хан чанар бол маш нө­хөр­­сөг, үнэнч шударга, хуу­р­ах, мэхлэх, бие биеэ муу­лах, элдвийн яриа гэж огт байхгүй байсан. Харин элэг бүснээс удаан зуурч барилддаг бөхөд их дургуй байсан сан хэмээн Б.Түвдэндорж аваргын талаар хуучилсан юм. Өнөөг хүртэл түүний энэ амжилтыг эвдэж чадаагүй байна.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top