Үндэсний хөгжлийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн "Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага /ЭТИС/ хөтөлбөртэй хамтран "Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нарын” зөвлөлдөх уулзалтыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөгчдийн дунд зохион байгуулж байна.
Тус уулзалт нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлогын уялдааг хангах, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцож орон нутгийн оролцоог хэрхэн хангах шийдлийг тодорхойлох зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа юм.
Зөвлөлдөх уулзалтаар "Үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлт”, "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, "Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд анхаарах асуудлууд”, "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан”, "Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, Төр хувийн хэвшлийн түншлэл, Концессын талаар баримтлах бодлого” гэсэн сэдвээр илтгэл тавьж орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгчдөд нэгдсэн ойлголт мэдээлэл өгөх бөгөөд 21 аймаг, нийслэлээс ирсэн хөгжлийн бодлого төлөвлөгч нар аймаг, нийслэлд ирэх 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөгжлийн бодлого, хөтөлбөрийн талаар танилцуулж, харилцан санал солилцож нэгдсэн ойлголтонд хүрнэ.
Тус арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр, НҮБ-ын суурин төлөөлөгч, Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Б.Транкман, GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал Др.Ш.Ханселманн болон бусад албаны дарга нар оролцож байна.