|

Чуулганы танхимаас зээлийн хүүг бууруулна гэж хэлсэн Н.Баяртсайхан та хэлсэндээ хүрэх үү?

saikhnaa 2016/11/02 890 0

Чуулганы танхимаас зээлийн хүүг бууруулна гэж хэлсэн Н.Баяртсайхан  та хэлсэндээ хүрэх үү?

 

Төв банкнаас тодорхойлдог мөнгөний бодлогыг, засгийн газраас гардан гүйцэтгэдэг төсвийн бодлоготой хэрхэн уях вэ гэдэг дээр эдийн засагчид өөрсдийн санаа оноогоо хэлдэг. Ирэх жилийн мөнгөний бодлогын тухайд төв банкны зүгээс түрүүлж өөрсдийгөө магтчих гээд ядаад байгаа нь, "бушуу туулай борвиндоо баастай”гэдгийн  үлгэр болох вий гэгдэж байгаа юм.

Н.Баяртсайхан эрхэм төв банкны ерөнхийлөгчөөр томилогдохоо хүлээгээд  өнгөрсөн долдугаар сард чуулганы танхимд сууж байхдаа "Арилжааны банкны хүү өндөр байна гэж их ярилаа. Зээлийн хүү буух ёстой гэсэн бодлого барьж ажиллана. Оффшортой дэлхий даяар тэмцэж ажиллана. Энэ талаар бидний барих байр суурь тодорхой байх ёстой.” гэхчлэн хэлж ярьж байсан. Гэвч тэрбээр ажлаа авангуутаа мөнгөний бодлогыг хатууруулж, юун нөгөө зээлийн хүүг бууруулах манатай юм болж суугаа. Бодлогын хүүг өндөрсгөж, хатууруулж байхад арилжааны банкууд дагаад гэдийж таарна шүү дээ.

Ер нь бол манай төв банкны бодлого дөмөгхөн шиг байх хэрэгцээ, шаардлага эдийн засагт байгаа гэдгийг бид аль эрт санах хэрэгтэй байсан. Гэтэл төв банк нь засаг төрөөс шууд хамааралтайн хувьд улстөрийн угшилтай шийдвэрүүд эдийн засгийг залуурдаж таараад байдаг. Түүнчлэн Монголбанкинд Засгаас хараат бусаар ажиллах боломж бий юү? гэдэг асуулт тавигдаж ирсэн. Монголбанкны экс Ерөнхийлөгч Пүрэвдорж эрхэм  нэгэнтээ "Төв банкны үйл ажиллагаа улс төрчдийн мэдэлд байсан цагт ДНБ-ий өсөлт тогтворждоггүй төдийгүй инфляци дорвитой буурдаггүй нь нэгэнт нотлогдсон зүйл. Гэтэл манайд дэлхий нийтийн хандлагыг сөрж, бусдын алдаанаас суралцахыг хүсэхгүй байгаа үзэгдэл илэрч буй нь харамсалтай.Аливаа төв банк бол зөвхөн нийгмийн эрх ашигт үйлчилж байх үүрэгтэй институт юм. Харин энэхүү өндөр үүрэг хариуцлагыг ёс төртэй биелүүлэх баталгаа нь төв банкны хараат бус үйл ажиллагаа билээ. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс төв банк зарим тохиолдолд хүнд хэцүү арга хэмжээг зайлшгүй авах ёстой болдог. Ийм тулгамдсан арга хэмжээг цаг алдалгүй авч чаддаг байхын тулд төв банк хэнээс ч хараат бусаар шийдвэрээ гаргаж байх зайлшгүй шаардлага урган гардаг. Гэтэл үүнийг сүүлийн үед зарим УИХ-ын гишүүн хүртэл үгүйсгэж ярих болсныг анхаарахгүй орхиж болохгүй юм. Хариуцлагагүй улс төрд үйлчилж буй мөнгөний бодлого юунд хүргэдгийг Зимбабве улсын жишээнээс тод харж болно…” хэмээн хэлж байсан юм.

Тэгэхээр засаг солигдсоноос хойш төв банкны Ерөнхийлөгчийн ажлыг хүлээж авсан Н.Баяртсайхан захирал мөнгөний бодлогыг улстөржүүлж болохгүй гэдэг асуудлыг ажил хэрэг болгож чадах уу гэдэг асуулт яах аргагүй тавигдаж байгаа юм.  Гэвч эхэнд хэлсэнчлэн  ажлаа аваад удаагүй байхад Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлаас бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан. Энэ бол яах аргагүй анхаарал татсан шийдвэр гэдгийг хэлэх хэрэгтэй. Өмнө нь бол бодлогын хүүг бууруулсан  шийдвэрүүдийг гаргаж ирсэн байгаа. Монголбанк энэ он гарсаар бодлогын хүүг 2 удаа бууруулах шийдвэр гаргасан. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Д.Болдбаатар  хэлэхдээ "Мөнгөний бодлогын хүү бууруулсан шийдвэрүүд нь оны сүүлийн хагаст бодит эдийн засгийн идэвхжилийг тэтгэх үүрэгтэй байх юм. Төсвийн тодотголоор сангийн бодлогын тохиргоо хийж чадвал бодлогын хүүний энэ нөлөө илүү сайн үр дүнтэй байх болно.Төсвийн зарлагыг бууруулах нь хувийн хэвшлийн зээлийн эх үүсвэрийг чөлөөлж өгөхөөс гадна төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж валютын ханш сулрах дарамтыг бууруулахад чухал ач холбогдолтой бодлогын тохиргоо болоод байна. Мөнгөний бодлогын шийдвэр өөрөө ирээдүйд аажуу нөлөөлдөг бол сангийн бодлогын өөрчлөлт түргэн хугацаанд нөлөө үзүүлэх чадвартай байдаг.” хэмээн хэлж байсан. Тэгэхээр эндээс харахад төсөв мөнгөний бодлогын зөв уялдаа шаардлагатай харагдаж байгаа.

Харин төв банкинд Н.Баяртсайхан захирлаар очингуутаа тэс эсрэг алхам хийсэн. Захирлуудын зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд дурдсанаар бол  "Хэдийгээр инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах  ханш 7 дугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна. Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал 2 дахин буурлаа.

Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч  цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогын засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого  баримтална.” гэжээ.

Энэ мэдэгдлээс харахад бол Монголбанк нэг талаас хэт яарсан алхам хийж байгаа харагдаж байна. Бодлогын хүүний энэ өсөлтийг дагаад мэдээж зээлийн хүү нэмэгдэж таарна. Дагаад үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлж таарна. Эдийн засаг хумигдах эрсдэлтэй гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Түүнчлэн шинэ удирдлага Н.Баяртсайханд хандаж хэлэхэд мөнгөний бодлогоор хаа хамаагүй наадаж болохгүй эд.

Эх сурвалж:  Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top