Билгийн тооллын XYII жарны хөхөгчин хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ахмад настнуудын төлөөлөл болсон 9 бууралтай Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн А танхимд алд цэнхэр хадаг дэлгэн золгож амар мэндийг нь айлтгалаа.
Төрийн
золголтод Монгол Улсын баатар, Гадаад харилцааны сайд асан, Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд, Төв аймгийн Баянбараат сумын харъяат, 97 настай
Пунцагийн Шагдарсүрэн, Анхны эмэгтэй цагдаа, цагдаагийн ахмад ажилтан,
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат, 90 настай Гомбожавйн Дашзэвэг,
Ахмад дайчин, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат, 94 настай
Ундрахын Доржпалам, ШУА-ийн гишүүн, эдийн засагч, Өвөрхангай аймгийн
Хайрхандулаан сумын харъяат, 86 настай Пунцагдашийн Лувсандорж, Халдварт
өвчин судлалын үндэсний төвд сувилагч байсан Төв аймгийн Дэлгэрхаан
сумын харъяат, 87 настай Санжаагийн Хойлог, Хэвлэлийн уран сайхны
редактор, зураач, Соёлын яам, Гадаад хэргийн яаманд хэлтсийн даргаар
ажиллаж байсан, Булган аймгийн Тэшиг сумын харъяат, 82 настай Донгойн
Доржнамжим, малчин, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харъяат, 96 настай
Шаравын Дэнсмаа, тогооч, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харъяат, 88
настай Дампилын Долгоржав, тээврийн жолооч, Завхан аймгийн Яруу сумын
харъяат, 82 настай Дорлигийн Гаамаа нар оролцов.
Монгол Улсын
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг нар ахмадуудын амрыг эрэн золгож, сар шинийн мэнд
дэвшүүлэн гарын бэлэг гардуулав.