|

Ю.Цэдэнбалыг огцруулсан нууц хуйвалдаан

saikhnaa 2016/09/16 1015 0

Ю.Цэдэнбалыг огцруулсан нууц хуйвалдаан

 

Ю.Цэдэнбалыг өвчний учир, өөрийнх нь зөвшөөрснөөр НТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын албанаас чөлөөлсөн МАХН-ын ТХ-ны 1984 оны VIII бүгд хурлын шийдвэр гээч нь монголын ард түмнийг хууран мэхэлж хууль бусаар төрийн эргэлт хийсэн хуйвалдааны баримт бичиг байсан байна.

 
Хуйвалдааныг ОХУ-ын судлаач Надиров "Цэдэнбал 1984 он”, Шинкарев "Цэдэнбал түүний цаг үе” бүтээлүүдээрээ анх илчилж дэлхий дахинд зарлажээ 
 
Нэг. Хуйвалдаанд Москвагийн оролцоо
 
Бүүр 70-аад оны дунд үеэс Цэдэнбалыг огцруулах асуудлыг ЗХУКН-ын ТХ-ны УТТ, НБД нарын газрын хурлуудад 10 шахам жил хэлэлцэж янз янзын хувилбарууд боловсруулж байж. Эдгээрээс 1983,1984 оны хурлын протоколуудыг сонирхуулъя.
 
1983 оны 11-р сард А.А. Громыко тэргүүтэй УТТ-ны дөрвөн гишүүн гарын үсэг зурсан монголын удирдлагын байдлын тухай албан бичгийг УТТ-ны хуралд оруулан хэлэлцүүлжээ. Тэр бичигт МАХН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын тухай асуудлыг шийдвэрлэхгүйгээр, өөрөөр хэлбэл Цэдэнбалыг энэ албан тушаалаас зайлуулахгүйгээр МАХН, Монголын удирдлагын байдал жинхэнэ ёсоор сайжрахгүй.
 
Тиймээс Ю.Цэдэнбалаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт ТХ-нд нь гаргуулах шаардлага бий болж байна. Түүнд АИХ-ын дарга ч юмуу, ямар нэгэн хүндэт албан тушаал санал болгоё гэжээ. УТТ энэ асуудлыг хэлэлцээд үүнийг дахин судлан үзэж, энэ ажилд зөвлөлтийн монгол дахь төлөөлөгчдийг татан оролцуулж эцсийн шийдвэр гаргах санал оруулж ирэхийг УТТ-ны гишүүн А.А.Громыко нарт даалгажээ. Уг хурал нэгдсэн шийдвэр гаргаж амжаагүй боловч "бидний оролцоотойгоор, гэхдээ мэдэгдэхгүйгээр" гэж товчооны гишүүд санал нэгджээ. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984 УБ 1977, 106 дахь тал) 
 
А.А.Громыко нарын УТТ-ны дөрвөн гишүүн БНМАУ-ын байдлын тухай хоёрдох бичиг 1984 оны 4-р сарын 28-нд УТТ-нд оруулж хэлэлцүүлжээ. Тэр бичигт Цэдэнбал ерөхий нарийн бичгийн даргын албан тушаалыг эрүүл мэндийн шалтгаанаар сайн дураар орхих нь зүйтэй гэжээ. Цэдэнбалыг огцруулах янз бүрийн хувилбарыг ЗХУКН-ын ТХ арав шахам жил хэлэлцсэний эцэст анх удаа эрүүл мэндийн шалтгаан дээр санал нэгдсэн байна. УТТ-ны тогтоолд зохиогчдын саналыг сайшаагаад хэрэгжүүлэх практик арга хэмжээ авахыг тэдэнд даалгажээ. 
 
ЗХУКН-ын ТХ-ны 2-р нарийн бичгийн дарга Горбачев 1984 оны зунаас Цэдэнбалыг огцруулах ажлыг гардан зохион байгуулжээ. 
Зүв зүгээр ажлаа хийж байсан Цэдэнбалыг эмнэлгийн шинжилгээ хийлгэх нэрээр Москвад дуудан ирүүлж 1984 оны 7-р сарын 30-нд эмнэлэгт хэвтүүлж, тархины хүнд өвчтэй учир онгоц, галт тэргээр зорчихыг хориглосон эмнэлгийн хуурамч акт гаргуулан Цэдэнбалыг гэрийн хорионд оруулж амжжээ. Өвчний учир ажиллах боломжгүйг Цэдэнбалд өөрийнхөө ерөнхий нарийн бичгийн дарга Н.У.Черненкогоор хэлүүлэх санал тавьсан боловч тэрээр татгалзжээ. Черненко хүнд өвчтэй байсан учраас тухайн үед Зөвлөлтийн нам, төрийн бүх ажлыг Горбачев гардан удирдаж байжээ.
 
Цэдэнбал эмнэлэгт хэвтсэний долоодох өдөр буюу 8-р сарын 7-нд Горбачевын элч ТХ-ны хэлтсийн орлогч М.Н.Смирновский Крымд амарч байсан Ж.Батмөнх, Д.Моломжамц нартай уулзаж, Цэдэнбалын өвчний актыг танилцуулаад зөвлөлдөх шаардлагатай учир амралтаас буцах замдаа Москвад уулзая гэсэн М.Горбачевийн хүсэлтийг дамжуулжээ. Харин ингэж уулзахаас өмнө энэ сэдвээр ярилцахгүй байхыг манай хоёр даргаас Смирновский хүсчээ. (Ш.Г. Надиров, Ю.Цэдэнбал- 1984 он 118 дэх тал) 
 
Амралтаас буцахдаа уулзая гэсэн байтал манай хоёр дарга яарч тэр дороо Москвад ирж наймдугаар сарын 9-нд М.С. Горбачевтай уулзсан байна. 
Уулзалтанд УУТ-ны гишүүн Д.Ф.Устинов, В.М. Чебрыков, нарийн бичгийн дарга К.В.Русаков, эмч Е.И.Чазов (ЭХЯ-ны IV газрын дарга) байлцжээ. Горбачев хэлэхдээ Цэдэнбал өвчний учир ажлаа орхих шаардлагатай боллоо. Бид Цэдэнбалын эрүүл мэндийн байдалтай холбогдуулан ямар арга хэмжээ авахыг зөвлөлдөх хэрэгтэй боллоо гэсэн бол эмч Чазов- Цэдэнбал өөрийн байдлыг ойлгохгүй байна. Эхнэр нь эмч нарын дүгнэлтийг хүлээж авахгүй байна. Эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай гэжээ.
 
Батмөнх – Байдал ноцтой болсон учраас хагас дутуу арга хэмжээ авч болохгүй гэдэг нь бидэнд тодорхой байна. Нэгдүгээрт манайд тэгэж эмчлэх боломж байхгүй болохоор Москвад Цэдэнбалыг үргэлжлүүлэн эмчлэх нь чухал гэж бидэнд санагдаж байна. Хоёрдугаарт ойрын үед УТТ-г хуралдуулж энэ байдлыг танилцуулна. Гуравдугаарт өнөөдөр бид Ю.Цэдэнбалыг халх голын ялалтын баярт оролцохоор явахыг болиулж чадна гэж бодож байна. 
Моломжамц - Цэдэнбалыг эмчлүүлж байхад албан тушаалд нь байлгаж байж болохгүй юу гэж болгоомжтойгоор хэлсэн байдаг.
Горбачев- Зүрхний дутагдал биш, харин тархины гэмтлийн тухай ярьж байгааг харгалзаж үзэхгүй байж таарахгүй. Тиймээс дээр ярьснаар Ю.Цэдэнбал ажиллах чадваргүй болсон. 
 
Моломжамц – Зөвлөлтийн эмч мэргэжилтнүүдээс хэн нэг нь өнөөдөр Чазовын хэлсний адил үгийг манай УТТ-ны хуралд яривал сайн байна гэжээ.
Энэ уулзалтан дээр Цэдэнбалыг Моломжамц өмгөөлсөн нь үнэхээр сэтгэл гаргав уу аль эсвэл манжлав уу гэх бодол төрдөг юм. Яагаад гэвэл удахгүй халагдах гэж байгаагаа сонсчихсон Моломжамц өмнө нь Зөвлөлтийн элчин Н.С. Щетининг гэртээ урьж "Цэдэнбал эдийн засгийн удирдлагыг эрс сулруулж, шийдвэр, гүйцэтгэлд өөрөөс нь хамаарах асуудлуудад гүйцэд оролцохгүй байна. Эхнэр нь ямарч жолоодлогогүй хүн болж хувирлаа.
 
Дээд удирдлагадаа энэ асуудлыг уламжилж өгнө үү гэсэн хүсэлтийг нь элчин сайд тэр дор нь няцаасан байдаг” (Ц.Жамбалсүрэн. Ю.Цэдэнбал, эрин үеийн түүхэн элч. 2012 он 369 дэх тал) Мөн эргэлтийн дараа дараачийн үйл явдлуудад Цэдэнбалыг өмгөөлж хамгаалсан үг яриа, үйлдэл Моломжамцаас гараагүй. Цэдэнбалыг АИХ-д үлдээх талаар ч эсрэг байр суурьтай байсан гэдэг.
 
Хоёр. Эргэлтийн үед Цэдэнбал, түүний гэр бүл, хүүхдүүдийн үзэл бодол, байр суурь ямар байв?
 
Өвчний учир албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийг өөрөөр нь гаргуулахаар манай эрх баригчид Цэдэнбалтай Москвад 2 удаа уулзсан байна. 1984 оны 8-р сарын 10-нд Ж.Батмөнх, Д.Моломжамц хоёр эмнэлэгт уулзахад Цэдэнбал, "Та нар намайг ажил битгий хий гэж байгаа юм уу? ажилгүй бол би үхнэ шүү дээ" гэжээ. Хоёр дарга тэр өдөр бас Филатоватай уулзжээ. Филатова "эмнэлгийн дүгнэлт гээч нь Цэдэнбалын эсрэг чиглэсэн худал дүгнэлт.
 
Чазов эмч хүний ёс зүйгээс няцаж, Зөвлөлтийн дээд байгууллагын хүслийг дуулгавартай биелүүлж байна.Та нар Цэдэнбалыг албан тушаалаас нь өөрчлөх шийдвэр гаргавал тэр тэсч чадахгүй үхнэ. Түүний үхлийн буруутан нь та нар байх болно. Цэдэнбалын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан байна гэж үзэж байна. Та нар тусалбал Цэдэнбал цааш ажиллаж чадна. Тэр бол туршлага ихтэй, мэдлэг сайтай хүн” гэжээ. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984 он 126 дахь тал)
 
Манай дарга нар яаравчлан нутаг буцаж, МАХН-ын ТХ-ны УТТ-г хуралдуулж, Цэдэнбалыг НТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албанаас чөлөөлж оронд нь Ж.Батмөнхийг баталжээ. Цэдэнбал эмнэлэгт хэвтсэнээс хойш 17-хон хоногийн дотор түүнийг огцруулж амжжээ. Энэ шийдвэрийг танилцуулахаар Д.Моломжамц, Т.Рагчаа, Ц.Намсрай нар Москвад хүрэлцэн ирж Цэдэнбалтай эмнэлэгт уулзсан байна.
 
Ю.Цэдэнбал "Та нар намайг бүх ажлаас халах гэж байна уу? Та нар хуйвалдагчид, эргэлтэнд оролцогчид, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хүсэлт гаргахаас эрс татгалзаж байна. Улаанбаатарт намайг буцааж аваачихыг хатуу шаардаж байна. Улаанбаатар руу ниссэний улмаас эрүүл мэндийн байдал муудвал эмч нар хариуцлага хүлээхгүй гэсэн гарын үсэг хийж өгөхөд би бэлэн байна. Хамтран хөдөлмөрлөсний төлөө нам, улсын идэвхтэнүүдэд талархал илэрхийлэх учиртай. Та нарын үйл ажиллагаанд би ямар ч саад болохгүй.” гэжээ. Хоёр удаагийн уулзалтын аль алинд Цэдэнбал ажлаас чөлөөлөгдөх зөвшөөрөл өгөөгүй юм байна.
 
1984 оны НТХ-ны VIII бүгд хурал Цэдэнбалыг өөрийн нь зөвшөөрснөөр чөлөөлөв гэсэн нь худал байсныг дээрхи баримтууд нотолно.
Филатова болон хүү Зориг нь Д.Моломжамц, Т.Рагчаа, Ц.Намсрай нартай уулзаж, Цэдэнбалыг АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар юмуу намын хүндэт даргаар ажиллуулах асуудлыг бас хөнджээ. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984он 136 тал)
 
Дараахан нь Филатова Москвагаас Ж.Батмөнхтэй утсаар холбогдож Америкийн Коммунист намд хүндэт даргын албан тушаал бий, Цэдэнбалыг намынхаа хүндэт даргаар үлдээж болохгүй юу гэж хүсэхэд Манай намын дүрэмд тийм заалт байхгүй гэж Ж.Батмөнх хариулжээ. (Д.Дожоодорж, Ю.Цэдэнбалыг огцруулах хуйвалдаан 1991он 24 дэх тал)
 
Гурав. Ю.Цэдэнбалыг албан тушаалаас нь өөрчилсөн тухай 
 
Цэдэнбал өвчилж ажиллах чадваргүй болсон гэх ойлголтыг ТХ-ны УТТ, бүгд хурал, олон нийтэд нэгэнт өгсөн учраас түүнийг огцруулах асуудал ямар нэг эсэргүүцэлгүй болж өнгөрчээ. 
 
Харин НТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад дээд албан тушаалын төлөө ил далд өрсөлдөөн өрнөжээ.
Ж.Батмөнхтэй ЗХУКН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга К.В.Русаков "ВЧ"-гээр холбогдож ярихдаа нэгдүгээрт, Батмөнхөө Москвад бид таныг нэгдүгээр хүн гэж үзэж байна. Товчоо, бүгд хурал дээр хэн үг хэлж, таны нэрийг дэвшүүлж болохыг мэдмээр байна.
 
Тэр хүнийг та товлосон бол бид тэр нөхөртэй урьдчилан ярилцмаар байна гэхэд Ж.Батмөнх - түрүүн ярилцсан ёсоор намайг ерөнхий нарийн бичгийн даргаар сонгохоор ярилцаж байгааг нотлоод, миний нэрийг Д.Моломжамц дэвшүүлэхээр урьдчилан төлөвлөөд байна. Та нар түүнтэй яривал сайн байна гэжээ. К.В. Русаков хоёрдугаарт, Сайд нарын Зөвлөлийн даргын талаар шийдвэр гаргасан уу хэмээн асуухад Батмөнх- Энэ асуудлыг хэлэлцэж байгаа. Шийдвэрийн тухайд маргааш, нөгөөдрөөс та нарт хэлж чадна гэж найдаж байна.” гэжээ.
 
К.В.Русаков яриагаа үргэлжлүүлэн гуравдугаарт, УТТ-ны хуралдааныг 8-р сарын 17-нд товлосон биздээ гэхэд Батмөнх – тэгсээн. Русаков – "Нэгэнт тийм бол сайд нарын зөвлөлийн дарга, АИХ-ын тэргүүлэгчдийн даргын талаар ч түргэхэн шийдвэл зүгээрсэн” гэжээ. (1984.08.15-нд Батмөнхтэй К.В.Русаковын "ВЧ"-гээр ярьсан ярианы протоколоос.)
 
НТХ-ны нарийн бичгийн дарга Ц.Намсрай ЗХУКН-ын ТХ-ны ажилтантай аминчилж ярилцахдаа "Байдал түгшүүртэй хэвээр байна. Моломжамц ТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг өөрт нь санал болгохыг огт үгүйсгэхгүй байгаа болотой. Рагчаа Сайд нарын Зөвлөлийн даргын албан тушаалд үнэхээр өрсөлдөж байна. Майдар ч мөн энэ чиглэлээр ажиллаж байна” гэжээ. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984 он 132 дах талд)
 
Нураасан төрийг төвхнүүлэх амаргүй байсан боловч Горбачевтан шургуу шахан шаардаж, хөтлөн жолоодож байж НТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Батмөнхийг, сайд нарын зөвлөлийн даргаар Д.Содном нарыг батлуулжээ.
 
Дөрөв. Цэдэнбалыг огцруулах болсон шалтгаан, шалтаг 
 
Хоёр шалтгаантай. 
Нэгдэх шалтгаан нь гэвэл Зөвлөлтийн холбоонд хөгнөгдөж өгөөгүйгээс үүдэлтэй эртнээс эхэлсэн ужиг шалтгаан.
 
Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах гэж зөвлөлтийн удирдагчид нэг бус удаа шахалт үзүүлсэн юм билээ. 1973 онд Брежнев, Цэдэнбал хоёр Крымийн хойгийн урд эрэгт амралтын газар уулзаж ярилцжээ. Брежнев- цагийн өмнө Т.Живковтой сайхан ярилцлаа. ЗХУ-ын бүрэлдэхүүнд ХБНУ-ын эрхтэйгээр Болгарыг оруулах болсон тухай БКН-ын ТХ шийдвэрлэснийг надад мэдэгдлээ гээд Цэдэнбалд ямар сэтгэгдэл төрүүлснээ мэдэхийг хичээсэн бололтой харцаа тогтоон ажиглажээ. ТХ-ны нарийн бичгийн дарга К.Ф.Катушев нарын зэрэг хамт байлцсан олон хүний сэтгэл маш өндөр, бүүр догдолж хөөрсөн байдалтай харагдаж гэнэ. Гэтэл Цэдэнбал огт өөр зүйл ярьж, Брежневийн мэдээлэлд огтхон ч хариу бариагүй гэдэг. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984 УБ 44дэх тал) 
 
Мөн Москва орчмын Барвихид амарч байсан Цэдэнбалд социалист орнууд бүх талаар ойртон нягтрахад зориулж авах зарим арга хэмжээний тухай ТХ, СнЗ-ийн тогтоолыг 1975 онд Ш.Г.Надиров гардуулжээ. Таван хуудас тэр тогтоолыг Цэдэнбал хоёр дахин уншаад уг баримт бичгийн дээд булан дээр "БНМАУ-ын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хадгалсан нөхцөлд” гэж бичсэнийг Ш.Г.Надиров номондоо дурсжээ. (46 дахь тал)
 
Брежневийг залгамжилсан зөвлөлтийн нэгдүгээр хүн Ю.В.Андропов хэлэхдээ Цэдэнбал гаднаа ЗХУ-д үнэнч юм шиг хэрнээ, цаагуураа биднийг сайн фермийн саалийн үнээ л гэж үздэг байсан. Бүхий л асуудлыг ямагт өөртөө ашигтайгаар шийдүүлэх гэж оролдоно. Тэр ч байтугай биднийг Империалист хэмээн ад үздэг. Тэр биднийг сайн саадаг байсан. Брежнев ч үүнийг гадарладаг хэрнээ юу ч хийж чадаагүй гэсэн байдаг. (Монголын цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал- Ц.Жамбалсүрэн 2014 он 360 дахь тал)
 
Брежневийн хийж чадаагүйг тэдний залгамжлагч М. Горбачев гүйцээж Цэдэнбалыг огцруулсан баримт нотолгоо ийм. 
 
Хоёр дахь нь Монголын талын шалтгаан.
 
Олон жилийн турш халаа сэлгээнд өртөөгүй явсаар нас нь нэлээн ахиж, тэр хэрээр ажлын эрч хүч нь буурсан Д.Моломжамц нарын хэдэн өвгөн даргыг тэтгэвэрт гаргах санаа бодлоо Цэдэнбал дарга зарим нэгэнд битүүхэн ярьдаг байжээ. Үүнийгээ 1984 оны эцсээр болох НТХ-ны бүгд хурлаар хэлэлцүүлэх бодолтой байсныг нөгөөдүүл нь дуулж <<Түргэн>> авч Горбачевтантай хуйвалдсан юм байна.
 
Шалтаг нь бас хоёр.
 
Нэгдэх нь Цэдэнбалын мартах өвчин. Тавь гарсан үедээ нөгөө өрөөнөөсөө юу авахаар орсноо хүртэл тэрхэн хооронд мартдаг болсон өвгөн би ная хүртлээ гадаад дотоодод бөөний худалдаа эрхэлж, ер лүү өнгийсөн атлаа сонин хэвлэлд өгүүлэл, ном бичиж, радио телевизэд ярилцлага өгөөд явж л байна. 
Тэгвэл, нэгэн тархинд багтахын аргагүй мэдлэг <<шахаж>>, нэгэн биеэр даахын аргагүй хүнд ачаа үүрч цаг наргүй ажиллаж байсан Цэдэнбал дал дөхөөд мартамтгай болсон нь аргагүй шүү дээ.
 
Энэ нь өвчин биш настан болгонд тохиолддог эмгэг хууч. 
 
Олон улсын байгууллагын хуралд манайхаас өгөх илгээлтийн төслийг НТХ-ны холбогдох хэлтсүүд шат шатандаа орос хэл дээр бэлтгэн боловсруулаад, эцэслэн хянуулахаар Москвад эмчилгээнд (гэрийн хорионд) байсан Цэдэнбал даргад хүргүүлжээ.Дарга илгээлтийн төсөлд 17 төрлийн чухал засвар хийсний дотор <<Манай гаригийн залуучуудын хувь заяа Ази-Номхон далайн орнуудын залуучуудын гарт>> гэсэн агуулгын ноцтой алдааг <<Манай гаригийн маргаашийн хувь заяа дэлхийн залуучуудын гарт>> хэмээн залруулж засаад буцаасан байдаг. (Сумъяа-УБ. Бодлын эрх 2002 он 11 дэх тал)
 
Зөвлөлтийн хөгширсөн, хүнд өвчтэй удирдагчид сүүлчийн амьсгалаа хүртэл албан тушаал дээрээ байсаар байлаа. Түүнийг бодвол Цэдэнбал гадна талаасаа ч тун хэвийн харагдаж байсан бөгөөд мартахаас өөр эрүүл мэндийн ямар нэгэн асуудалгүй байв гэж номынхоо төгсгөлд Надиров бичсэн байдаг. Цэдэнбалыг нас барахад шүүх эмнэлэг тархины биш бөөрний өвчин үхэлд хүргэснийг тогтоожээ.
 
Цэдэнбалыг огцруулах болсон нөгөө нэг шалтаг нь Филатовагийн араншин. Догшин, ширүүн, давилуун араншин түүнд байсныг үгүсгэхгүй ээ. Филатовагийн зан ааш нь чадвар муутай, хариуцлагагүй, ая тал засдаг дарга нарт ус болсон байх. Харин ажил үйлс нь монголчуудад тус болсон. Түүний эрхэлж байсан хүүхдийн фонд нь өнөөгийн төрийн түшээдийн жил бүрийн улсын төсвөөс өч төчнөөн тэрбум төгрөг авч сонгуулийн шав тавьж тараадаг үрлэгтэй зүйрлэхийн аргагүй. Хүүхдийн фондоор хот, хөдөөд боссон үй олон барилга байгууламж Анастасия Ивановнаг монголд үүрд алдаршуулан сүндэрлэж байна. 
 
Тав. Судлаачдын үзэл бодол, дүгнэлт
 
Цэдэнбалын хүү Зориг "Сүүлчийн долоон жил, эцгийн тухай тэмдэглэл” номондоо "Хуйвалдааныг Д.Моломжамц, Ц.Намсрай нар хошуучилж, НАХЯ-ны сайд Лувсангомбо санал нэгдсэн” гэжээ. (Ц.Зориг, Сүүлчин долоон жил, 46,47 дахь тал)
 
- МУИС-ын Доктор Профессор Ц.Жамбалсүрэн номондоо "Монголын эрх баригчдын нэг хэсэг Монгол-Зөвлөлтийн найрамдлын төлөө цогтой тэмцэгч Ю.Цэдэнбалыг хамгийн олиггүй хууль бус бохир аргаар огцруулах хэрэгт ЗХУКН, ЗХУ-ын УАХХ-г татан оролцуулснаараа хоёр орны харилцааны алтан үеийн түүхэнд хар хуудас болсон” гэж дүгнэжээ. 
 
- ЗХУ дахь гадаадын ЭСЯ-дын дипломатууд эргэлтийн талаар янз бүрийн үзэл бодолтой байсны дотор Унгарын дипломатууд "Зөвлөлт, Монголын хооронд хийгдэж байгаа хэлэлцээрүүдэд Цэдэнбал саад болж байсан учраас түүнийг Зөвлөлтийнхөн зайлуулсан гэж үзэж байв” хэмээн ЗХУ-д элчин сайд байсан Гүрбадам номондоо бичжээ. (Гүрбадам Ю.Цэдэнбал Түүхэн үнэний тухай бодрол. 1994 он 44 дэх талд)
 
- Философич Д.Чулуунжав "Ю.Цэдэнбалыг хэн зайлуулсан бэ” номондоо Кремлийн гар ч биш, саарал байшингийн хуйвалдаан ч биш, өвчин эмгэг ч биш харин монголын нийгмийн дэвшилтэт хүчин л Цэдэнбалыг зайлуулсан юм шүү" гэжээ. (Номын 3 дах тал)
 
- Харин зохиолч, сэтгүүлч Д.Дожоодорж "Ю.Цэдэнбалыг огцруулах хуйвалдаан" номондоо – "Уг үйл явдалд биеэр оролцсон амьд гэрчүүдийн (Ж.Батмөнх, Д.Моломжамц, Ц.Намсрай, Т.Рагчаа нартай хийсэн ярилцлагаа хэлж байна.) яриа баримтуудыг буруу байна хэмээн хэлэх зүрхтэй шүүмжлэгч хаанаас гарах билээ. Ю.Цэдэнбалыг огцруулахад шийдвэрлэх гол үүргийг Чулуунжавын хэлсэн шиг монголын нийгмийн дэвшилтэт хүчин биш эмч нарын акт байжээ гэдгийг би баталж байгаа юм" гэжээ. (Номын 27 дах талд)
 
- Тухайн үед Монголд ажиллаж, Цэдэнбалын талаар төвдөө мэдээлэл өгч байсан ЗХУ-ын УАХХ-ны төлөөлөгч В.Радченко "Голлох мэргэжил – тагнуулч” номондоо "Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа нь ЗХУ-ын удирдагч М.Горбачевын зааврын дагуу ЗХУ-ын УАХХ зохион байгуулж, Монголын удирдлагын зарим хэсгээр хийлгэсэн тусгай үйл ажиллагаа юм” гэжээ.
 
- Монгол улсын түүхийн V ботид "Цэдэнбалд асар их эрх мэдэл төвлөрч олон түмний дотор "дарангуйлах” нэр хүнд олсон учраас нам, төрийн дээд албанаас чөлөөлөхдөө тун болгоомжилж, сэрэмжтэй үйл ажиллагаа явуулж, Зөвлөлтийн талын дэмжлэг авч байж хэрэгжүүлсэн байна” гэж дүгнэжээ. / V боть т.345/
- Д.Чулуунжавын оношилсон шиг монголын нийгмийн дэвшилтэт хүчин ч биш, Д.Дожоодоржийнх шиг өвчний акт ч биш, харин монголын эрх баригчдын зарим нь Горбачевтантай нууцаар хуйвалдаж, Ю.Цэдэнбалыг нам төрийн удирдлагаас огцруулсан болохыг судалгааны дээрх олон баримтаас уншигчид маань оношилж байгаа гэдэгт өчүүхэн би огт эргэлзэхгүй байна.
 
Зургаа. Ю.Цэдэнбалыг ямар шалтгаанаар намаас нь хөөв?
 
МАХН-ын Төв Хорооны 1984 оны VIII бүгд хурал Ю.Цэдэнбал бол
- Монгол орныг хөгжүүлэхэд гарамгай хувь нэмэр оруулсан,
- Монголын ард түмэн, МАХН-ын өмнө түүхэн гавьяа байгуулсан
- Монгол Зөвлөлтийн нөхөрсөг харилцааг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн удирдагч гэж үнэлсэн атлаа НТХ-ны 1990 оны VIII бүгд хурал түүнийг дарангуйлагч хэмээн цоллож намаас нь хөөсөн юм.
 
Тус хурал дээр АИХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат "дарангуйлагчийг намаас хасаж, алдар цолыг нь хурааж, намын ариун нэрийг цэвэрлэе" (МАХН-ын ТХ-ны VIII бүгд хурал 1990.173 дахь тал) НТХ-ны УТТ-ны гишүүн Ц.Намсрай "Цэдэнбалаас салах ажиллагааг нэн даруй зааглаж тууштай хэрэгжүүлэх замдаа баттай орж зогсох хэрэгтэй" (мөн 239дэх тал) гэж бүгд хурлын гишүүдийг уриалан дууджээ.
 
Аймгийн намын хорооны I нарийн бичгийн дарга Б.Хурметбек "Цэдэнбалыг хайртайгийн хайртай, чадалтайгийн чадалтай дарга гэж өмнөх бүгд хурал дээр ард түмнээ хуурч түүнийг чөлөөлсөн. Гэтэл өнөөдөр яагаад тэр шийдвэрээ хүчингүй болгоё, түүнийг намаас хөөе хэмээн будилж байна вэ?" Ж.Гомбожав "Намаас Цэдэнбалыг хөөх тухай ярьвал өөрийг нь байлцуулъя" гэхчилэн олон хүн эсрэг санал хэлжээ. Тус хурал дээр санал шүүмжлэл гаргасан 72 гишүүн Цэдэнбалыг хөөх тухай ганц ч үг хэлээгүй. Гэтэл Цэдэнбалыг 100 хувийн саналаар намаас хөөсөн тухай бүгд хурлын тогтоол гарсан нь сонин.
 
П.Очирбат дараахан нь зарлиг гаргаж Цэдэнбалын бүх алдар цолыг хурааж, үхлүүд өвгөнд эр бяр, сүр хүч үзүүлсэнд монголын олон нийт ихээхэн дургүйцэж байсан билээ. Хорь гаруй жил дарга, сайд явж эрх ямбыг Цэдэнбалтай хамт эдэлж байсан П.Очирбат, Ц.Намсрай нар ТХ-ны бүгд хурлын индэр дээр яагаад социализм, цэдэнбализмыг үзэн ядагчийн дүрд гэнэт хувилж жүжиглэсэн юм болоо? Тойрон хүрээлэгчдийн зэлнээс толгойгоо мултлах гэсэн заль байв уу? Улс төрийн тэр эгзэгтэй цаг үед албан тушаалаа хадгалах, болж өгвөл ахиулах бодол байв уу гэх салаа оньсгыг үлдээсэн билээ.
 
Олон жил төр толгойлсон Цэдэнбалын үйл ажиллагаа, ажлын арга барилд дутагдал байсан нь мэдээж. Гэхдээ улс төрийн талаар түүнийг ингэж хэлмэгдүүлэх ямарч шалтгаан байгаагүй. 
 
Төрийн ордны өвөрт залсан Чингис тэргүүтэй хаадууд алдаа дутагдал гаргаагүй гэж зарим нь үзэж байгаа бол ёстой эндүүрэл, мунхаглал. Нийтлэгч Баабар өдрийн сонинд бичсэн "Имидж” өгүүлэлдээ Чингис дэлхийд ямар имиджтэй тухай жишээнүүд дурьдаад "сайнаасаа муу имидж нь хэвээр хадгалагдсаар байна” гэжээ. 
Сэхээтний төөрөгдөл, Дамба, Төмөрочир, Цэнд, Лоохууз нарын хэрэг гэгчээр Цэдэнбал олон хүнийг хэлмэгдүүлсэн мэтээр олон жилийн турш улиг домог болтол гүжирдэн гүтгэж ирснээс болоод Цэдэнбалын нэрийг хэлэхээс хүртэл айж эмээдэг болсон байна.
 
НТХ-ны УТТ 1956 онд Сэхээтний төөрөгдлийн тухай тогтоол гаргах үед нэгдүгээр хүн нь Цэдэнбал биш, НТХ-ны дарга Д.Дамба байжээ. Д.Дамба тэргүүтэй зарим нь олон сэхээтэнд арга хэмжээ авах гэж хатуурхсан боловч СнЗ-ийн залуу дарга Цэдэнбалын санал, санаачилгаар хэдэн хүнийг тогтоолд тэмдэглээд өнгөрсөн нэг ч хүнд арга хэмжээ аваагүй юм гэж төөрөгдөгч хоч зүүж явсан өвгөн Шагдаржав саяхан бичсэн "Захидал” номондоо дурсжээ.
 
НТХ-ны тухайн үеийн бүгд хурлууд Дамба, Төмөрочир, Цэнд, Лоохууз нарын дутагдлыг зааж, арга хэмжээ авсан байхад Цэдэнбал тэднийг хэлмэгдүүллээ гэх юм. Тэгвэл сүүлийн хорь, гучин жилийн дотор халагдсан олон зуун сайд, дарга нар цөмөөрөө хэлмэгдэгсэд, тэр цаг үеийн ерөнхийлөгч, Их хурлын дарга, ерөнхий сайдууд хэлмэгдүүлэгчид гэж үзэж болох уу.
 
Хагас зуун жил эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлж, ард түмнийхээ үйлсэд бие хайргүй хөдөлмөрөө зориулсан лидерээ харийнхантай хуйвалдан хууль бусаар огцруулж, харь газар гэрийн хорионд насан турш нь цөлж, өвчин эмгэг, ядуурлын зовлонд унагаж, алдар нэрийг нь түүхийн хогонд хутгасан гэмтнүүдээс ял асуух естой ч нэгэнт хожимджээ. 
 
Харин МАН-ын байгуулсан УИХ, Засгийн газар саяхан Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, нэр алдарыг нь мөнхжүүлэх шийдвэр гаргасныг монгол түмэн талархан угтаж байгаа тухай мэдээ, мэдээлэл өрнөж эхэллээ.
 
Цаашид Цэдэнбалыг ордны өвөрт байгаа Чингисийн удаах байранд залах, түүний нэрэмжит газрууд бий болгох зэргээр түүхэн байр суурийг нь эзлүүлээсэй.
 
Ю.Цэдэнбалын академийн тэргүүлэгч гишүүн,
түүхийн ухааны доктор Н.Цэрэн

Санал болгох

Сэтгэгдэл

top