|

ОЛОН "ХУВЬСАГЧ"-ТАЙ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ

saikhnaa 2016/09/15 839 0

ОЛОН "ХУВЬСАГЧ"-ТАЙ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ

 

Улс орноо эдийн засаг, засаглалын хямралаас гаргах амлалт өгч үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан бялуугаа хуваалцахаар уймарч байх зуур Ардчилсан намынхан орон нутгийн сонгуульд анхаарлаа хандуулж эхэлжээ. Учир нь cap гаруйхны дараа болох орон нутгийн сонгуульд Ардчилсан намынхан аймаг, нийслэлийн сонгуульд бүдэрсэн нэр дэвшигчдээ дахин сойжээ.
 Тухайлбал, өнгөрсөн зургаадугаар сард болсон НИТХ-ын ээлжит сонгуульд хүч үзэж, бүдэрсэн Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан экс орлогч Т.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн есдүгээр тойрогт нэр дэвших мандатаа авсан байна.

Төрийн орон сууцны корпорацийн тэргүүн дэд захирал асан Д.Алтанхуяг мөн л Чингэлтэй дүүргийн 17 дугаар тойргийг "онилсон” бол дүүргийн Засаг даргын орлогч Б.Батхуяг 12 дугаар тойрогт нэр дэвшихээр болжээ.

Үүнээс гадна 2012-2016 оны хооронд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Наранбаатар өнгөрсөн зургаадугаар сард нийслэлд хүч үзсэн ч, бүдэрсэн. Тэгвэл энэ удаад тэрбээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр тойргийг сонгожээ.

Харин өнгөрсөн зургаадугаар сард НИТХ-ын ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшиж унасан Д.Бат-Эрдэнэ дүүргийн сонгуульд нэр дэвших аж. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар ажилладаг тэрбээр дүүргийнхээ 14 дүгээрт тойргийг "онилсон” байна.

Баянзүрх дүүргийн Ардчилсан намыг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа тэргүүлж, сонгуульд оролцох аж. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр бэлтгэл ажлаа хангаж байсан тэрбээр намаасаа дэмжлэг авч чадаагүй юм. Иймд орон нутгийн сонгуульд хүч үзэхээр болж, 23 дугаар тойрогт нэр дэвшинэ.

Мөн дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясах өнгөрсөн НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадалгүй бүдэрсэн. Тэгвэл энэ удаад дүүрэгтээ дахин өрсөлдөхөөр болсон байна. Харин өнгөрсөн зургаадугаар сард Ардын намаас НИТХ-ын сонгуульд нэр дэвсэн ч азгүйтсэн Н.Атармаа дахин өрсөлдөнө.

Гэхдээ нийслэлд бүдэрсэн нэр дэвшигчдийг дүүрэгт сойх аргыг Ардын намынхан Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, Г.Батсайхан, Э.Нарантунгалаг, Б.Цэрэн нар өнгөрсөн удаад НИТХ-ын ээлжит сонгуульд өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй. Тэгвэл дүүргийн сонгуульд өрсөлдөж, даагаа нэхэхээр шийдсэн байна.

Сонирхуулахад, Хүмүүнлэгийн элч дуучин О.Анхбаяр Хан-Уул дүүрэгт дахин өрсөлдөхөөр мандатаа аваад байна. Гэхдээ энэ удаад тэрбээр бууриа сэлгэж, Ардын намыг сонгожээ.

Түүний хувьд өнгөрсөн зургаадугаар сард УИХ-ын гишүүн Г.Уянгын тэргүүлж байсан Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс НИТХ-ын сонгуульд өрсөлдсөн ч, ялалт байгуулж чадаагүй юм. 2016 оны УИХ-ын сонгуульд тус тойргоос нэр дэвшиж, бүдэрсэн Хан-Уулын Засаг дарга Ж.Ганхуяг дахин хүч үзэхээр төлөвлөж байсан. Гэвч намын гишүүд нь түүнийг энэ удаад өнжөөх шийдвэр гаргасан гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар тойрогт УИХ-ын дарга М.Энхболдын охин М.Хулан нэр дэвшихээр мандатаа аваад байгаа аж. Мөн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хүргэн дүү Б.Золбоо тус дүүргийн 24 дүгээр тойрогт нэр дэвшинэ.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Учралын ялалт байгуулсан тойрогт "Чингис Соосэ” цогцолборын захирал М.Даваадорж өрсөлдөхөөр болсон байна. Ардчилсан намаас Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатар дүүргийн сонгуульд өрсөлдөхөөр мандатаа аваад байгаа аж. Түүнтэй хамт НИТХ-ын сонгуульд ялалт байгуулж чадаагүй Ч.Бэлэгсайхан болон Ш.Одгэрэл нэр дэвшинэ.

Энэ мэтчилэн орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид албан ёсоор тодроод байна. Энэ удаагийн сонгуульд эрх баригч нам барьцаа баталгаажуулахаар өрсөлдөхөөр бол сөрөг хүчин болох Ардчилсан намын даагаа нэхэж, УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар гаргасан алдаагаа засахыг хичээх нь дамжиггүй.

Санал болгох

Сэтгэгдэл

top