|

Оффшортонгуудад уягдсан гэгддэг хуулийн төсөл гацаанаас гарав уу?

saikhnaa 2016/09/15 736 0

Оффшортонгуудад уягдсан гэгддэг хуулийн төсөл гацаанаас гарав уу?

 

Ж.Батзандан гишүүн гурван жилийн өмнө  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан байдаг. Уг хууль батлагдсанаар гадаадад, тэр дундаа оффшор бүсэд  данстай төрийн түшээд  АТГ-д  уг мэдээллээ заавал бүртгүүлж байх, цаашлаад улс төрийн өндөр албан тушаалтнууд оффшорт мөнгө хадгалуулахгүй байх эрхзүйн орчин бүрдэнэ гэдгийг хэлдэг.

Тэгвэл засгийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хуульзүй, дотоод хэргийн сайдад даалгажээ. Төсөлд, Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ офшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан байна.

Уг нь бол энэ хуулийн төслийг 2013 онд УИХ хэлэлцэхийг дэмжсэн ч анхны хэлэлцүүлэгт орохгүй байсаар өнөөг хүрсэн юм. Ж.Батзандан уг хуулийн төсөлтэй  холбоотойгоор хэлэхдээ  "Авлигын эсрэг хуульд нийтийн албан тушаалтан гэж төрийн, улстөрийн, захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний ахлах албан тушаалтан, үүн дотроо ерөнхий нягтлан бодогч болон ахлах нягтлан бодогч, УИХ-ын гишүүн, ерөнхийлөгч, бүх шатны ИТХ-ын гишүүд, Төрийн болон орон нутгийн оролцоотой компанийн эрх бүхий удирдлагуудад үндсэндээ энэ хууль үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, дээрх албан тушаалтнууд хамаатан садан, гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр оффшор мөнгө байршуулах, хадгалахыг хуулийн хүрээнд хориглох юм.

Энэ хуулийг хэсэг бүлэг этгээдүүд, оффшортонгууд санаатайгаар саад учруулж уясаар өдийг хүргэлээ. УИХ хэлэлцэхийг нь дэмжчихээд байхад гурван жил гацаалаа. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг бий.” гэж байсан юм.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top