|

Д.Даваасамбуу: Эрдэнэт үйлдвэрийн үр өгөөжийг Монголчууд хүртсээр байна

saikhnaa 2016/08/18 955 0

 

Дэлхийн улс орнуудын "Эв нэгдлийн их наадам” хэмээн нэрлэдэг зуны олимп энэ жил Бразил улсын Рио Де-Жанейро хотноо болж байна. Тус наадмын шууд дамжуулалтын  Алтан түншээр ажиллах нэр хүндтэй үүргийг Эрдэнэт үйлдвэр ХХК хүлээж, Монголчууд цэнхэр дэлгэцтэйгээ "уяатай” өдрүүд үргэлжилсээр байна.  МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэж байгаа "Рио-2016” олимпийн наадмын нэвтрүүлгийг Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэж 500 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.  Энэ удаагийн олимпийн наадмыг  тус үйлдвэрээс 14 хүний бүрэлдэхүүнтэй хөгжөөн дэмжигчдийн баг үзэж, сонирхож байгаа бөгөөд эхний ээлжийн багийг ахалж явсан   Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Даваасамбуугийн сэтгэгдлийг хүргэе.

Д.Даваасамбуу: Эрдэнэт үйлдвэрийн үр өгөөжийг Монголчууд хүртсээр байна

 


     Д.Даваасамбуу: -Дэлхийн спортын шилдгүүд цугласан олимпийн наадмыг дэргэдээс нь үзнэ гэдэг бол ховор хувь завшаан. Манай үйлдвэрээс эхний ээлжинд 10 хүний бүрэлдэхүүнтэй баг явж, олимпийн наадмыг үзээд ирлээ. Дараагийн ээлжинд 4 хүн явсан.  Лондонгийн олимпийг манай үйлдвэрээс 60-аад  хүн, Бээжингийн олимпийг 100 гаруй хүн очиж, үзэж байсан. Харин энэ удаагийн олимп газар нутгийн хувьд хол, алсын Бразил улсад болж байна. "Рио-2016” олимпийн наадмын шууд дамжуулалтын алтан түншээр Эрдэнэт үйлдвэр оролцож байгаа. Энэ бол Эрдэнэт үйлдвэр үндэсний хэмжээний үйлдвэр болсныг, зөвхөн Эрдэнэтчүүдэд төдийгүй Монгол улс даяар шууд дамжуулан үзүүлэхэд том дэмжлэг үзүүлж байгааг харуулсан үйл явдал юм. Ийм шийдвэрийг гаргасан Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын багийнхан,  Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар нарт талархаж байна.

     Эрдэнэт үйлдвэрийн хамт олон олимпийг дэмжих санд маш идэвхтэй, санаачилгатай оролцсон. Үйлдвэрлэлийн үндсэн цехийн ажиллагсад нэг өдрийн цалингаа хандивлаж, нийт 92 сая төгрөгийг манай хамт олон төвлөрүүлж өгсөн. Олимпийн шууд дамжуулалтад 500 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, алтан түншээр ажиллаж байна. Энэ бүхэн Эрдэнэт үйлдвэрийн үр өгөөж Монголын ард түмэнд хүрч байгаагийн нэг тод жишээ юм. Олимпийг дэргэдээс нь үзсэн сэтгэгдлийн хувьд, мэдээж сэтгэлийн хөдөлгөөнөөс эхлээд өөр л дөө. Одоогийн байдлаар, манай тамирчид жудо бөхөөр нэг мөнгө, боксын төрөлд нэг хүрэл медаль аваад байна. Манай жудочдоос дэлхийд чансаагаараа тэргүүлж буй 3 бөх бий. Тэднийгээ гарцаагүй медаль авна, дахиад  хоёр ч бөх медаль авах боломж бий, ямар ч гэсэн манай жудогийн бөхчүүд 5 медаль авна гэсэн таамаглалтай очсон. Олимпийн дэвжээ хатуу байлаа, бас газар нутаг хол, цагийн зөрүү зэрэг нь манай тамирчдын сэтгэл зүйд нөлөөлсөн болов уу.  Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Хангарьд клубээс 2 бөх бэлтгэл хангагчаар явсан. Тэдний нэг, 2014 оны дэлхийн аварга Г.Болдбаатарт ялагдаж байсан бөх олимпийн аварга боллоо. Үүнийг хараад манай "Хангарьд”-ын бөхчүүд оролцсон бол медальд хүрэх байж дээ гэх бодол төрсөн.  Энэ мэтчилэн бид тамирчдаа  сэтгэлээр дэмжиж явлаа. Энэ удаагийн олимпод Хангарьд клубын 2 тамирчин усан сэлэлтийн төрөлд маш сайн оролцлоо. Эрэгтэй ангилалд Б.Дөлгөөн, эмэгтэй ангилалд Б.Есүй нар уралдаж, хоёулаа 60-р байрт орсон. Б.Есүй өөрийн өмнөх рекордоо ахиулан тогтоосон. Дэлхийн улс бүхэнд өндөр хөгжсөн усан сэлэлтийн спортын төрөлд Монгол  улсаас тамирчид оролцоно гэдэг бол энэ төрлийн спорт Монголд хурдацтай хөгжиж, манайханд их ирээдүй байгааг энэ хоёр тамирчны амжилт харууллаа. Гэхдээ олимп гэдэг бол тамирчин хүний бүтэн 4 жилийн нөр их хөдөлмөр, бэлтгэлийг шалгасан аргагүй том наадам юм байна.  Жудо бөхийн төрөл манай улсад өнгөрсөн 4 жилд маш эрчимтэй хөгжиж, дэлхийд манай бөхчүүд гайхагдсан үе байсан. Тэр ч утгаар нь бид маш их зүйл хүсч, найдаж байлаа. Гэхдээ юм нэгээр дуусахгүй гэдэг. Үргэлжлээд манай чөлөөтийнхөн барилдана. Тэдэндээ бас их итгэл найдвар тавьж байна. Ер нь амжилт гэдэг бол өмнөх ололтоо ахиулж байгааг л хэлнэ. Манайхан Бээжин, Лондонгийн олимпоос тус бүр тав, таван медальтай ирж байлаа. Тэгэхээр өмнөх медалийн тоогоо нэмэхийн төлөө хичээх хэрэгтэй. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн нийт хамт олны нэрийн өмнөөс бүх тамирчиддаа амжилт хүсч, Риогийн тэнгэрт эх орныхоо төрийн далбааг дахин дахин мандуулахын ерөөл өргөе.

 


 



 М.БАЛЖИННЯМ

- See more at: http://www.erdenettoday.mn/index.php/production/2016-03-16-02-12-30/item/1118-2016-08-18-05-52-08#sthash.waLa6j2f.dpuf

Санал болгох

Сэтгэгдэл

top