|

Д.Отгондалайгийн амжилтыг луйвардсаныг монголчууд төдийгүй, Азийн ард түмэн эсэргүүцэж байгаа

saikhnaa 2016/08/15 836 0

Д.Отгондалайгийн амжилтыг луйвардсаныг монголчууд төдийгүй, Азийн ард түмэн эсэргүүцэж байгаа

 

Рио-де-Жанейрогийн олимпийн зуны XXXI наадам ид дундаа  орж байна. Олимпод тамирчдаа илгээсэн улс орнууд,  дэлхий нийт Риогийн зүг чимээ чагнан анирдаж байна. Тамирчдынхаа тоглолтын бичлэг, телевизийн шууд дамжуулалтыг амьсгаа даран үзэж, хамт байгаа юм шиг дэмжин уухайлж бас ялалт, ялагдлын үнэ цэнийг мэдэрч, шүүгчдийн шүүлтэд ч дор бүрдээ дүгнэлт хийж сууна.

 

Монголчуудын хувьд Олимпийн наадмын ес дэх өдөр, Риогийн цагаар наймдугаар сарын 14-ний 18.30 цагт, Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 15-ны өглөөний 6.30 цагт сонирхогчдын боксын төрлийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд мөнгөн медалийн төлөө   Францын боксчин Софиян Оумиятай тулалдсан шилдэг боксчин Д.Отгондалайгийнхаа тоглолтыг үзэж, улмаар түүний амжилтыг луйвардсан шүүгчдийн бүрэлдэхүүнийг эсэргүүцэж, шударга ёсыг уландаа гишгэж байгаад бухимдлаа илэрхийлж байна.

 

 

Энд Монголд  байгаа бид төдийгүй тэнд Бразилд байж, боксын тэмцээнийг дэргэдээс нь харж байгаа олон мянган үзэгч  ийм байр суурийг илэрхийлж байгаа нь телевизийн бичлэгүүдээс тодхон харагдаж байна. Нэг сая хүний багтаамжтай ч хөл гишгэх газаргүй чихцэлдэж  боксын зааланд дүүрэн суусан үзэгчид, орон орны төлөөлөл  нэгэн дуугаар Монголын тамирчныг дэмжиж, ялалтад нь баяр хүргэж байсан. Шүүгчдийн саналаар "2:1” харьцаагаар ялагдлаа гэхэд нь мөн  нэгэн дуугаар эсэргүүцсэн. Д.Отгондалай 2:1 харьцаагаар ялагдсан биш ялсан. Тэр хоёр биш гурван үе илүүрхэж ялсан.  Тиймээс шүүгчдийн булхай хэрээс хэтэрч, улайм цайм луйвардаж байгаад Монголын ард түмэн сэтгэл маш дундуур байна. Манай тамирчин Д.Отгондалайгийн  Францын тамирчин Софиян Оумиятай хийсэн тулааны рингний шүүгчээр Аргентин улсын, хажуугийн шүүгчээр Эквадор, Вьетнам, Бразил, Словак, Куб улсын  шүүгчид  тус, тус ажилласан. Үүнээс компьютерийн шүүлтээр Эквадор, Вьетнам, Бразил улсын шүүгчдийн үнэлгээг сонгон авч 2:1 гэсэн оноолтыг өгч Францын тамирчинд ялалтыг өгсөн юм.

 

Францын тамирчин Софиян Оумия 21 настай, олон улсын болоод тив, дэлхийн чанартай тэмцээнд амжилт үзүүлж байгаагүй нэгэн. Тоглолтын тактик, ур чадвар, хурдын хувьд манай тамирчнаас аль ч талаараа дутмаг байсныг үзэгчид, бокс сонирхогчид,  байтугай шүүгчид, боксын мэргэжилтнүүд  бүгд харсан.  Монголын шилдэг ширэн бээлийтэн Д.Отгондалай бол 2014 оны Азийн тоглолтын аварга, 2015 оны Азийн аварга боксчин билээ. Тэгвэл  шүүгчид яагаад Францын тамирчин Софиян Оумияд ялалтыг  өгсөн бэ. Яагаад. Энэхүү  булхай луйврын үйлдэлд  хариулт нь тун тодорхой байна. Учир нь Д.Отгондалай, Софиян Оумия хоёрын  хэн  ялсантай нь Олимпийн наадмыг  зохион байгуулж буй рингний эзэн орон Бразилийн тамирчин Робсон Консейсау алтан медалийн төлөө тоглоно. Түүнд зөөлөн боорцог тустай болохоос  хатуу самар хэрэггүй. Энэ үүднээс буюу сонирхогчдын боксын төрлийн  эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Бразил улс алтан  медаль авахын төлөө шунахайрч ийм ичгүүр сонжуургүй луйвар хийж байгаа нь тун харамсалтай юм. Бразилийн тамирчид бол олимпийн наадам зохион байгуулах эрх авсан эзэн орныхоо нэрээр  олимпийн эрхийг шууд авсан. Бусад орны тамирчид бол хэдэн жилийн хөлс хүч, хөдөлмөрөөрөө уралдаж, тэмцэлдэж олсон эрхийнхээ дагуу  очиж үнэн хүчээ үзэж байгаа.

 

Цэнхэр гариг дээр хүмүүн төрөлхтөн, хүн гэдэг  элэг сэтгэл  нэгтэн бид энхтайван, найрамдал, эв нэгдлийн илэрхийлэл болсон Олимпийн наадмаа зохион явуулж байж яагаад улс орон, тивээр нь ялгаварлан гадуурхаж, үнэн хүчээ үзэн тоглосон тамирчдын хөлс хүч хөдөлмөрийг үл хүндэлж, үнэгүйдүүлэн хөсөрдүүлж, амжилтыг нь булхайцаж луйвардана вэ. Олимп ийм байх ёсгүй.

 

Азийн тоглолтын аварга, Азийн аварга, Монголын шилдэг ширэн бээлийтэн Д.Отгондалайгийн амжилт-ялалтыг луйвардсан шүүгчдэд зөвхөн монголчууд төдийгүй, Азийн ард түмнүүд, Риогийн рингэнд түүний үнэн хүчээ үзүүлэн тулалдсан шударга ялалтыг харсан, үзсэн, мэдсэн шударга хүн бүр, үнэнч үзэгч болгон шүүгчдийн бусармаг шүүлтэд  шүүмжлэлтэй хандаж байгаа нь дамжиггүй. Дахиад хэлье. Олимп бол энхтайван найрамдал, нөхөрлөл, эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Тамирчдын амжилтыг  улс орон хийгээд тивээр нь  ялгаварлаж, үгсэн нийлж, хуйвалдан луйварддаг байж болохгүй ээ. Боксын спортыг дэмждэг, сонирхдог, боксчдын хүч хөдөлмөрийг үнэлдэг, тэднийг хайрладаг, хүндэлдэг бүх хүн шударга бус шүүлтийг эсэргүүцэн гомдоллож байна.  

 

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top