|

ТОЙМ: Жастин Капла нарыг хэн өмөөрөв

tonshuul 2015/02/11 1075 0

ТОЙМ: Жастин Капла нарыг хэн өмөөрөв

 

Б.ТӨГС

Ойрын өдрүүдэд Архангай аймгийн Цахир сумаас алдагдсан цорж Санжжав ламын занданшуулсан шарил, Монголын шүүх АНУ, Филиппиний иргэдийг татварын хэргээс ялласан гэсэн мэдээллүүд дотоодын төдийгүй олон улсын хэвлэлүүдийн сэдэв болоод байна. "Саусгоби Сэндс” компанийн ажилтан асан гурван иргэн, тодруулбал, ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан Жастин Капла, санхүү бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид, санхүүгийн менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком нарт тус бүр чанга дэглэмтэй хорих ангид таван жил зургаан сараас таван жил 10 сар хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Түүнчлэн "Саусгоби Сэндс” компаниас учруулсан хохирол болох 35.3 тэрбум төгрөгийг төлүүлэх шийдвэрийг гаргасан.

Авлигын шинжтэй эхэлсэн хэрэг татварын хэрэг болж, гурван ч удаа нэмэлт мөрдлөг хийж, удаан хугацаанд сунжирсан энэ хэргийн төгсгөлийн талаар байр суурь олон янз байна. Тухайлбал, иргэний хөдөлгөөнүүд болон цахим ертөнцөд Монгол бол бие даасан хараат шүүхтэй улс орон, гадныханд байгалийн баялгаа хаа хамаагүй ашиглуулдаггүй гэдгийг харуулах хэрэгтэй гэсэн байр суурь давамгайлж байна.

Тэгвэл эдийн засаг хямарсан, хөрөнгө оруулагчид дайжсан энэ үед гадаадын иргэдийг татварын хэргээр яллаж, шүүх хуралдаанд эрх тэгш оролцох боломжийг нь хангаж өгөөгүй нь байж боломгүй үйлдэл хэмээн бизнесийн байгууллагууд, олон улсын хэвлэлүүд ам уралдан мэдэгдэж байна.

Яллах тогтоолд гол үндэс­лэл болсон шин­жээч­дийн дүгнэлтийг "Саусгоби Сэндс” ком­пани хүлээн зөвшөө­рөхгүйгээ мэдэгдэж, татварын асуудлаар тайлбар гаргаж, олон нийтэд мэдээлж байгаа. Өөрөөр хэлбэл, маргаантай байгаа асуудал. Гагцхүү гадаадын иргэдийг ялласан энэ хэрэгт болон шүүхийн шийдвэрт хэн ямар үнэлэлт дүгнэлт өгч байгааг тоймлон хүргэе.

Шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа "Саусгоби Сэндс” компанийнхан илэрхийлсээр байна. Тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан "Бид шүүхээс гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байна. Шинжээчдийн хилс дүгнэлтэнд үндэслэн ял оноох ёсгүй. Бид хуучин ажилтнуудаа тууштайгаар хамгаалж буй бөгөөд давж заалдана” гэж ярьжээ. Түүнчлэн тус компани татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэх энэ хэрэг, хэргийг шалгасан үйл явц, дүгнэлтийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, шүүх үйл явцад бүрэн оролцож чадаагүй, өөрийн гэрчүүдийг дуудах боломж олгоогүй хэмээн мэдэгдсэн юм.

Харин иргэний хөдөлгөөнүүд энэ хэрэгт Монголын шүүх байгууллагын ганц шударга шийдвэр энэ боллоо. Дотоод, гадаадын иргэдэд Монголын хууль адилхан үйлчлэх ёстой гэсэн товчхон дүгнэлтэд санал нэгдсэн. "Бид энэ хэргийг одоогоор ажиглаж байна. Америкийн элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэл шүүхийн шийдвэрт хэрхэн нөлөөлөхийг анхаарч байна. Хэрэв шүүх байгууллага шийдвэрээсээ буцвал бид дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх болно” гэж Байгаль орчны иргэний зөвлөлийн хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар хэллээ. АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Пайпер Кэмбэлл болон бусад албан хаагчид шүүх хуралд оролцсон ба хурлын үеэр орчуулгын холбоотой асуудал үүсч байсныг ажигласан гэдгээ мэдэгдэлдээ онцолсон юм. Түүнчлэн үйл явцыг анхааралтай ажиглана гэдгээ шүүх хурлын дараахан мэдэгдсэн билээ.

Тэгвэл энэ асуудлаар бусад байгууллагууд ээлж дарааллан мэдэгдэл гаргасаар байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр буюу хоёрдугаар сарын 9-нд Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын нүүрс ассоциаци хамтран гаргасан мэдэгдэлдээ "...Манай улсын Эрүүгийн болон бусад олон хууль тогтоомж өнөөгийн нийгэм, эдийн засгийн харилцааны өөрчлөлтийн хурдыг гүйцэхээ больж, амьдралд нийцэхгүй болсныг дээр дооргүй ойлгож, эрчимтэй өөрчлөлт хийх гэж оролдож буй энэ үедээ үр дагавар нь Монголын нэрийг олон улсын тавцанд сэвтээж мэдэх ийм хэргийг зориуд Эрүүгийн хуулиар шийдвэрлэсний зорилгыг ойлгоход бэрхшээлтэй юм. ...Татварын маргаанаар гадаадын иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн 30 гаруй сарын турш хилээр гарахыг нь хориглон байж мөрдөн шалгасан энэхүү хэрэг дээр гаргасан шүүхийн шийдвэр нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн түрүүнд анхаарлаа хандуулдаг бизнесийн эрхзүйн орчноор үл барам Монголд хүний эрх, эрх чөлөөний асуудал ч эргэлзээтэй байгааг харуулж, ардчилал хөгжсөн орнуудын иргэдэд айдас төрүүлэхүйц мэдээлэл болон түгж байна...” хэмээн онцолжээ.

 

"Саусгоби ресурс” компани нь Торонто болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд нийт хувьцааных нь 47.9 хувийг Торонто болон Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдэг. Туркойз хилл ресурс нь Саусгоби компанийг 2012 оны есдүгээр сараас удирдах болсон. Туркайз хилл ресурс компанийн ихэнх хувийг Рио Тинто эзэмшдэг. "Саусгоби ресурс” компани нь Монгол Улсын өмнийн хэсэгт орших төмөрлөгийн болон эрчим хүчний нүүрсний орд газрын хайгуул болон олборлолтын үйл ажиллагаанд төвлөрөн ажиллаж байна. Овоот толгойн ордоос олборлосон нүүрсээ Хятадын зах зээлд нийлүүлдэг.

 

Мөн Монгол дахь Америкийн худалдааны танхим энэ асуудлаас үүдэн Монголын бизнесийн орчны тухайд гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг ойлголт үүсч болзошгүй байгаад санаа зовж байгаагаа илэрхийлээд өдгөө явагдаж буй АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монголд үзүүлэх тусламжийн талаарх хоёрдугаар хэлэлцээрийг дэмжих боломжгүй болсноо мэдэгдэв.  Монголын бизнесийн зөвлөлөөс мөн энэхүү татварын маргааныг иргэний журмаар шийдэх бүрэн боломжтой байтал эрүүгийн хэрэг болгон шийдэж, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсонд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Тус байгууллагын хүсэлтээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл урьдчилан хорих 461 дүгээр ангид очиж Жастин Капла нартай уулзсан.  Хотын дарга ямар учраас тэдэнтэй уулзав гэдэг нь асуулт дагуулсан. Тэгвэл тэрээр "Сүүлийн үед гадны иргэний биед халдлаа, амь насанд нь хүрлээ, сүүлдээ татвар төлөөгүй нэрээр ял хүртэл оноож байна.  Бид "Найрсаг Улаанбаатар гэж ярьдаг. Гэтэл бидний хийж байгаа үйлдлүүд үүний эсрэг байна. Тиймээс ямартай ч хотын даргын хувьд Жастин Каплатай уулзъя гэж бодсон. Тэр хүн шүүх ажиллагаа Монголын хуулийн дагуу болсонгүй гэж надад хэлсэн. Үнэхээр тийм бол харамсалтай л байна. Бид хөгжлөө ингэж хойш татаж болохгүй” гэж тайлбарласан юм.

Тэгвэл олон улсын хэвлэлийн томоохон агентлагууд гадны иргэдийг өмөөрсөн нийтлэлүүдийг гаргасаар байна. "Time” сэтгүүлийн тоймч Ханна Бичийн нийтлэлээс "Шүүх хурал тус улсад ардчилал улам ихээр дэлгэрэхийг илтгэхийн оронд харин ч хэд хэдэн ноцтой зөрчилтэй явагдан "байгалийн баялгийн хараал” гээч үйл явцтай тэмцэж буй энэ улс эдийн засгийн байдлаа улам бүр хүндрүүлэх нь үү гэх болгоомжлолыг нэмэгдүүлэв. Байгалийн баялагтай холбоотой үндсэрхэг үзэл түгээгчид улс төрийн тавцанд байр сууриа бэхжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтад таатай орчин хумигдах болжээ. Монголын баялгийг гадныхан цөлмөж байна гэсэн үзэл бодол газар авснаар гадаадын хөрөнгө оруулалтын хууль ч улам чангарсан юм. ...Монголын газрын тосны агентлагийн дарга асан Д.Амарсайхан мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байхдаа гэнэт нас барсан явдал юм. Тэрээр хоригдож байхдаа эрүүл мэнд нь муудаж эмнэлгийн тусламж удаа дараа хүссэн ч түүний хүсэлтийг үл ойшоосон гэдэг. "SouthGobi Resources”-т ажиллаж байсан гадаадын гурван иргэн Д.Амарсайханы нас барсан 461 дэх хорих хэсэгт хоригдох болжээ”  гэх хэсгүүдийг иш татаж болно. Мөн Ройтерс агентлаг уламжлахдаа "Өнгөрсөн баасан гаригт байгалийн баялаг ихтэй Монгол Улсын шүүх АНУ-ын нэг, Филиппины хоёр иргэнийг татварын мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн хэргээр таваас дээш жилээр хорих ял оноожээ. Энд тэмдэглэхэд, хэдэн жилийн өмнөөс тус улсагд эрчээ авсан байгалийн баялгийн үндсэрхэг үзэл гэж хэлж болох үйл явцын улмаас 2014 оны арваннэгдүгээр сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 71 хувиар буурсан байна. 2012 оны тавдугаар сард Монголын төрийн зохих байгууллагууд "SouthGobi Resources” компанийн оффист нэгжлэг хийгээд тус компанийн Овоот толгой дахь орд газрыг Хятадын "Чалко” корпорац дийлэнхийг нь худалдан авах тухай гэрээг илрүүлснээс бүх зүйл эхэлжээ. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулан энэ гэрээг хүчингүй болгож чадсан юм. Олон зууны турш Хятадтай тэрсэлдэж ирсэн Монгол байгалийн стратегийн орд газраа хүчирхэг хөршдөө өгөхийг хүссэнгүй гэлтэй” хэмээн нийтэлсэн юм. Ийнхүү энэ хэрэг зөвхөн Монголд төдийгүй олон улсад онцлох сэдэв болоод байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top