|

Сонгуулийн хорооны гишүүдийг цагдаа дээр байцааж байна

marsbold 2016/06/24 475 0

Сонгуулийн хорооны гишүүдийг цагдаа дээр байцааж байна

 

Аймгийн Сонгуулийн хороо есөн гишүүнтэй. Эдгээр гишүүдийг аймгийн ИТХ-аас Сонгуулийн хорооны гишүүнээр баталсан байдаг. УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийг шударгаар, хуулийн хүрээнд явуулах зорилгоор төрийн албан хаагчдыг тодорхой шалгуурын дагуу аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр томилж ажиллуулдаг. Нөгөө талаас аймгийн Сонгуулийн хорооны есөн гишүүн Орхон аймагт болох УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуулийг хуулийн хүрээнд явуулах үүрэг хүлээсэн хүмүүс юм. Тэгвэл ганц нэг хоногийн өмнөөс аймгийн Сонгуулийн хорооны нэр бүхий таван гишүүнийг Цагдаагийн газраас тодорхой асуудлын дагуу шалгаж эхэлжээ.

Аймгийн АН-ын 18 гишүүн ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад байсан. Өчигдөр 16.00 цагт Захиргааны хэргийн шүүхээс аймгийн Сонгуулийн хороонд даалгасны дагуу АН-ын нэр бүхий 11 гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохоор болжээ. Үнэмлэх гардуулах ёслолын өмнөхөн энэ ажиллагаа тодорхой шалтгааны улмаас тасалдсан байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Д.Доржпүрэв аймгийн Цагдаагийн газарт "аймгийн Сонгуулийн хорооны нэр бүхий 5 гишүүн АН-ын 18 хүнийг нэр дэвшигчээр бүртгэх санал хураалтад дэмжиж гар өргөсөн. Тэд авлига, хээл хахууль авсан байж болзошгүй тул шалгаж өгнө үү” хэмээн өргөдөл гаргасан сураг байна. Энэ шалтгааны улмаас нэр бүхий 11 хүн аймгийн ИТХ-ын сонгуульд оролцох боломжгүй, аймгийн АН энэ удаагийн орон нутгийн сонгуульд 29 хүний бүрэлдэхүүнтэйгээр өрсөлдөх чадамжгүй болгожээ. Сонгуулийн ерөнхий хорооноос аймгийн Сонгуулийн хороонд нэмж 11 хүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгох нь та бүхний бүрэн эрхийн асуудал гэсэн чиг заавар өгсөн аж. Үүний дагуу аймгийн Сонгуулийн хороо хуралдаж шийдвэрээ гаргах гэж байтал Цагдаагийн газраас нэр бүхий таван гишүүнийг нь мөрдөн байцаалтад дуудсан байна.

Сонгуулийн тухай хуулиар аймгийн ИТХ-ын сонгуулийг аймгийн Сонгуулийн хороо зохион байгуулна. Үүрэг, хариуцлагыг нь хүлээх тухай тодорхой заасан. Цагдаагийнханд сонгууль ямар ч хамаагүй. Харин иргэдийн аюулгүй амар тайван амьдралын баталгааг л хангах үүрэгтэй үйлчилгэний байгууллага. Гэтэл төлөөлөгч Д.Доржпүрэв Сонгуулийн хорооны гишүүдийг 18 хүний талд гар өргөлөө. Бусдын нөлөөнд автсан, улмаар хээл хахууль авсан байж болзошгүй гэдэг шалтгаанаар өргөдөл өгч шалгуулж байгаа нь АН-ынхаа эсрэг, тэдний жирийн гишүүн, дэмжигчдийн эсрэг хийж буй увайгүй үйлдэл гэж бухимдах хүн ч олон байна.

Шүүхийн шийдвэрээр нэр бүхий 11 хүний сонгуульд оролцох эрх нээгдэж, нэр дэвшигчийн мандатаа авах гэж байгааг АН-ын гишүүд дэмжигчид мэдэж байжээ. Тухайлбал, аймгийн АН-ын гишүүн, цагтаа энэ намын дарга байсан, одоо үйлдвэрийн орлогч захирлаар ажилладаг Д.Энхбат дээрх 11 хүнд тус бүр нэжгээд мөнгөн аяга, хүн бүрт нэг сая төгрөг өгч сонгуулийн ажилд нь амжилт хүссэн байна. Үүний дараа үйлдвэрийн орлогч захирал Б.Алтанхуяг мөн тэдний нэрийн дансанд нь тус бүр нэг нэг сая төгрөг хийхээ амлаж, амжилт хүсээд байсан аж. Энэ бүхнийг Д.Доржпүрэв сайн мэдэж байсан хэрнээ хэн нэгэн хүний захиалгаар, даалгавраар аймгийн Сонгуулийн хорооны таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад хандаад байгаа нь энэ.

Өнөөдөр АН-ын зарим гишүүн, дэмжигчид "Д.Доржпүрэв гэж хэн бэ, тэр хэний даалгавраар намынхаа нөхдийн араас "Түгжилдэж” байна вэ, Тэр хэний эрх ашгийг илүү хамгаалав. Тэр өөрөө үнэхээр шударга ариун хүн мөн үү” гэж дайрч эхэлсэн бололтой. Ямар ч байсан хэвлэлийнхэнд олдсон мэдээллээр Д.Доржпүрэв төлөөлөгч өөрийн эзэмшлийн "ONYX” баар, рестораныхаа цахилгааны төлбөр болох 3 сая төгрөгийг одоо болтол төлөөгүй. Түүний өмнөөс энэ баарны гэрэл, цахилгааны төлбөрийг аймгийн АН-ын дэд дарга Р.Гантулга "төлдөг” болох тухай шуугиж байсан. Өнөөдөр гэр хорооллын жирийн нэгэн айл, өрх хэрэглэсэн гэрэл, цахилгааны төлбөрөө төлөлгүй гурав хоног хугацаа хэтэрсэн бол тогыг нь шууд л тасалдаг. Гэтэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч энэ том албан тушаалтан хувийн компанийнхаа хэрэглэсэн тогны мөнгийг төлөхгүй луу унжиж, улмаар намаараа ч юм уу эсвэл татвар төлөлөгчдөөр төлүүлсэн үү бүү мэд. Өөрөө лав төлөхгүй байгаа зэрэг үйлдэл нь түүнийг намын нөхдийнхөө араас "Түгжилдэх” нь аргагүй гэх хүн захаас аван таарч байна.

Д.Доржпүрэвийнхээр бол аймгийн Сонгуулийн хорооны гишүүд өөрсдийн итгэл, үнэмшлээрээ асуудалд хандан хэлэлцэж буй зүйлийнхээ төлөө гар өргөсөн нь буруу бол тэнд ажиллаж төрийн албан хаагч олдох уу. Эсвэл аймгийн Сонгуулийн хороо гарах гэж буй шийдвэрийнхээ талаар тэргүүлэгч Д.Доржпүрэвээс асуух уу. Д.Доржпүрэв аймгийн АН-ын дарга асан М.Батчимэгийн бие төлөөлөгч, "бие хамгаалагч” байсан. Эсвэл энэ бүхэн УИХ-ын эрхэм гишүүн М.Батчимэгийн холоос шидсэн чулуу юу. Ямар ч байсан өнөөдөр аймгийн АН орон нутгийн сонгуульд 29-үүлээ оролцох боломжтой байсан ч түүнийг нь Д.Доржпүрэв боомилж байгаа бололтой. Нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаар ёслолын гоонжоо өмсөөд үсээ засуулаад гоёчихсон яваа Р.Рагчаа тэргүүтэй 11 хүний хувь заяаг өнөөдөр Д.Доржпүрэв атгаж байгаа бололтой.

Эх сурвалж:  Erdenetnews.mn    http://www.erdenetnews.mn/?p=7018

Санал болгох

Сэтгэгдэл

top