4-р сарын 28-ны өдөр Орхон аймгийн АН-ын хорооны хурал хуралдсан. Шөнийн 02 цаг өнгөрч асуудал сунжирсан учраас намын дарга М.Батчимэг хурлыг хаасан байна. Гэтэл Шонхорынхон зааланд үлдэж байгаад цөөнхөөр асуудлаа шийдэж дотроосоо намын дарга сонгоод маргаашнаас нь эхлэн шинэ намын даргыг хүчээр танилцуулж эхэлсэн. Шинээр сонгогдсон намын дарга хүртэл энэ шийдвэрт дотроо зөрчилдөж байсан гэх мэдээлэл ч бий.
Ингээд нам албан ёсоор 5-р сарын 09-ны өдөр хурал зарлаж өдрийн 15 цагаас эхлэн Шонхор фракцийнханыгаа гуйгаад хүчирхээ больжээ. Намын жирийн гишүүдийн хүч хөдөлмөрөөр зөөлөн сэнтийнд заларч бялууны хамгийн том хэсгүүдийг өөрсөддөө зүссэн тэд энэ удаад бүүр ч том санаархал агуулсан байна. Ингээд хуулийн хугацаа дуусахаас 15 минутын өмнө намын шийдвэр гарч нэр бүхий 33 нэр дэвшигчийн материалыг 24 цагтай уралдан баталж тогтоолоо гаргасан байдаг.
Орхон аймгийн АН-ын дарга М.Батчимэг зай завсаргүй намын даргаа өг гэсэн шахаан дунд нэгэнт энэ албан тушаалыг намын нөхдийн эв нэгдлийг бодож өгнө гэсэн шийдвэр дээрээ бат зогсож Орхон аймгийн МоАХ-ны дэд дарга Г.Батмөнхөд өгчээ. М.Батчимэг гишүүн Орхон аймгийн АН-ын дарга агсан Г.Зоригт даргын хадган дээр тавиад өгсөн тамгыг нь зүгээр нэг булааж авахыг тэвчээгүй хэмээн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс татгалзан нэрээ татсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр шүүрс алдан хэлсэн аж.
Улмаар 05-р сарын 09-ны өдөр намынхаа байранд ирэхийг үл шонхорууд Хүнсний үйлдвэрийн ойролцоо байх хүчний байранд хуралдан баян, ноён, дарга, даамал 18 хүний нэрийг бичиж жагсаалт үйлдэв. Эндээс бас нэгэн бодит байдал урган гарч байна. Тэд яагаад намынхаа байранд ирж хуралдаа оролцсонгүй вэ? Хэрвээ үнэхээр олонхи байж чадсан л юм бол гэсэн энгийн асуулт. Яагаад гэвэл тэд цөөнх болчих гээд байсан. Угаасаа тэд цөөнх байсан ч УИХ-ын дарга З.Энхболд, Д.Одхүү нарын халхавчин дор Орхон аймгийн намыг хүчээр авна гэж төлөвлөсөн байж. Хэдхэн хоногийн дараа ил таамаглал үнэн болж Орхон аймгийн Ардчилсан намыг 2 тамгатай болгожээ.
Улмаар албан ёсны тамга тэмдэгтэй АН-с орон нутгийн сонгуульд АН-с нэр дэвшигч 33 хүний нэрсийг хуулийн цаг хугацаанд нь сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөөр байтал Шонхорууд сонгуулийн хорооны цонхоор ногоон хавтастай 18 шонхорын материалыг шургуулсан байдаг. Д.Одхүүгийн бие төлөөлөгчийн ажлыг 8 жил хашсан Батдэлгэр гэгч залуу өнөөдөр Орхон аймгийн сонгуулийн хорооны даргаар ажиллаж байгаа. Тэрээр Сонгуулийн хороо гэдэг чинь цонхоор материал аваад сууж байдаг байгууллага ч биш хэмээн хэвлэлийнхэнд сүржин мэдэгдэл хийж байсан боловч 5 хоногийн дараа цонхоор орж ирсэн материалыг баталчихлаа. 5 хоногийн өмнө хэлсэн үгээ мартаад өнөөдөр хууль зөрчсөн юм байхгүй гээд хээв нэг сууж байна.
Маргаантай байгаа талууд намынхаа цэнхэр байшинд орж байгаад хаалгаа түгжээд учраа олох боломж багасч сонгуулийн хорооны эл шийдвэр 33 нэр дэвшигчдийн сонгогдох эрхэнд халдсан хэмээн үзэж шүүхэд хандахад хүргэжээ. Орхон аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэд хэдэн удаа хуралдсан. Ингэхдээ 2 өөр нэхэмжлэлтэй 2 өөр хурал байсан. Эхний хурлын шийдвэрээр Шонхор фракцаас нэр дэвшсэн 18 хүнийг хууль зөрчжээ хэмээн үзэж тэднийг нэр дэвшигчээр бүртгэсэн сонгуулийн хорооны тогтоолын хавсралтыг хүчингүй болгосон. Ингээд 18 хүн нэр дэвших хууль эрх зүйн үндэслэл бүрэн мөсөн байхгүй болжээ. Харин 2 дахь хурлын шийдвэр нь /18+/ гэсэн томъёололоор гараагүй. 18 тэртээ тэргүй хүчингүй болчихсон учир өмнөх 33 дотор нэр давхцаж байгаа хүмүүсийг бүртгэхийг даалгасан л шийдвэр байсан. Энэ бүх шийдвэрийг Шонхорууд давж заалдчихаад шүүх эцэслэн шийдвэрээ гаргаагүй байхад хүч түрэн хууль бус жагсаалтыг батлуулж Орхон аймгийн сонгуулийн хороог Монгол Улсын үндсэн хуулийг зөрчихөд хүргэлээ. Хуулийн дээр хөх тэнгэр байхаа болиод шонхорууд байдаг болжээ. Энэ бол тун ноцтой эмгэнэл.
Хэн нэгэн хүний их хуралын гишүүн байх гэж хүссэн хувиа хичээсэн зангаас, шонхор л биш бол бусад нь нисэхгүй гэсэн үзлээс болж АН Орхон аймгийн орон нутгийн сонгуульд оролцож чадахгүйд хүрлээ. Ямар сайндаа МАН-н нэр дэвшигчид өрсөлдөөн байхгүй амтгүй сонгууль хэмээн яваа сурагтай. Эцэст нь өрсөлдөгчгүй ялж байгаа МАН-д баяр хүргэе. 4 жил хийсэн хөдөлмөрөө салхинд хийсгэсэн АН-д эмгэнэл илэрхийлье.
Г.Батболд