|

“Хэт бага” нь Монголд ашиггүй, “Хэт өндөр” нь хөрөнгө оруулагчдад ашиггүй!

saikhnaa 2016/06/14 769 0

“Хэт бага” нь Монголд ашиггүй, “Хэт өндөр” нь хөрөнгө оруулагчдад ашиггүй!

 

Р.Жигжид сайд  стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэх тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалт бүхий төлбөр авах асуудлыг зохицуулах зорилготой гэх тодотгол дагуулсан хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьж байсан билээ. Түүнийг тийм төсөл өргөн барихаас өмнө "Сентерра Гоулд” хийгээд Монголын Засгийн газрын хоорон дахь тохиролцооны асуудал болоод Монголын Засгийн газар стратегийн орд газрууд дахь хувь эзэмшилдээ уян хатан хандаж, 34-50 хүртэлх хувийг заавал эзэмших байдлаар зохицуулалт хийсэн хуульдаа өөрчлөлт хийх хуулийн төсөл боловсруулсан талаар, төр нь ашигт малтмалын ордуудаас хувь эзэмших заалтыг тусгай лиценз эзэмшигч болгон өөрчилж нэмэлт роялти авдаг байхаар шийдэх гэж байна гэхчлэн мэдээллүүд гадны цахим хуудсуудаар гараад байсан юм. Ерөнхийд нь бол стратегийн ордын төрийн хувийг шилжүүлэх хуулийн төсөл гэхэд болох юм. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын нөөц ашигласны татвар буюу роялтиг нэмж төлснөөр төрийн хувь эзэмшлээс авах боломж бүрдэх бөгөөд, тэрхүү татварын хувь хэмжээг 5 хувь гэсэн эхлэл босго яригдаж байгаа ч, Засгийн газар эцэслэн тогтооно гэх мэдээлэл байсан. Ер нь бол манай тухайд нэгэнтээ төрийн хувь эзэмшлээрээ "солих” гээд байгаа роялтигийн асуудлаа ямар хэмжээнд шийдсэн бэ гэдэг асуулт тавигдах ёстой болж ирсэн. Хэдийгээр "Сентерра гоулд”-ын тухайд асуудал өөр түвшинд яригдаж байгаа ч, манай тухайд нэгэнтээ орд газруудаа эргэлтэд оруулахдаа гадныхантай цаашид хамтрах нь ойлгомжтой тул дээрх асуудал анхаарлын төвд байх хэвээрээ юм.

Салбарын сайд хэлэхдээ Монголын төр тухайн ордод хувь эзэмшихгүй боллоо ч, хувийнханд өгсөн хувь хэмжээтэй дүйх татвар хураамжийг авах боломжтой гээд байгаа юм. Тэгээд төлбөрийнх нь дээд хэмжээг 5 хувь гэж оруулж байгаа гэв. Тодруулбал, Ашигт малтмал ашигласны төлбөр гэж дунджаар 5 хувийн татвар авахаас гадна өсөн нэмэгдэх татвар нэмж авах гэнэ. Стратегийн ордын тухайд төр эзэмшиж байгаа хувиасаа ногдол ашиг авах ёстой гэнэ. Тэгэхдээ орд газраасаа хамаараад татварын хэмжээ нь тогтоогдоно гэж байгаа.

Яахав тэгээд хэлэх ярих бол нэг хэрэг. Гол нь үнэхээр үр дүн дагуулах уу гэдэг нь чухал. Төр хувь эзэмших замаар олох ашгийн хэмжээ болон роялтигаас олох орлогын хэмжээг нарийвчлан тооцож харьцуулан, үнэлгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй хандах нь чухал гэдгийг эдийн засагчид угаасаа хэлдэг. Роялтиг хэт бага хэмжээгээр тогтоох нь Монголд ашиггүй бол хэт өндрөөр тогтоох нь хөрөнгө оруулагчдыг үргээхэд хүрч болзошгүй гэсэн байр сууриуд байна. Стратегийн чанартай томоохон төслүүдээ урагшлуулах гэж байгаа бол үүн дээр тулхтай шийдвэр гаргах учиртай.

Мэргэжилтнүүд хэлэхдээ "АМНАТ тооцох үнэлгээг тодорхойлж байгаа өнөөгийн аргачлал, практикаа дахин нягтлах, шинэ хуулиар төлбөр ногдуулах үнэлгээг тогтоохдоо судалгаа тооцоотой хандах. Борлуулалтын үнэлгээ борлуулалтын орлого хоёрын хооронд хоёр дахин зөрүү байгаа тул нэг талаас ААН-үүдийн борлуулж буй үнэ хэр бодитойд судалгаа хийх, нөгөө талаас борлуулалтын үнэлгээ тооцож буй аргачлал түүний суурь болгож авч байгаа жишиг үнийг бодит байдал руу ойртуулах арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг. Мөн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдэд хамааралтай байгааг баяжуулах үйлдвэрүүдэд хамааруулах. Учир нь баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа нь ашигт малтмал ашиглаж байгаа нэг хэлбэр юм. Иймд худалдан авалтын үнэ болон борлуулалтын үнийн зөрүүнээс АМНАТ авах нь зүйтэй.” гэсэн зөвлөмжийг гаргасан байдаг. Тэгэхээр нэгэнтээ том хувь хэмжээг орлох роялтигийн тухай яригдаж байгаа учраас улстөрчид хөнгөн хуумгай хандаж болохгүй юм.

Тэрчлэн энэ дашрамд АМНАТ-ыг гадныхан хэрхэн шийдсэн байдгийг авч үзье. Эхлээд хоёр хөршийн жишээг харъя.

Хойд хөрш: Оросын Холбооны Улсын тухайд газрын тосноос бусад уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа олон улсын зах зээлийн үнийг баримтлах талаар тухайлан заасан хуулийн зохицуулалт байхгүй. Борлуулалтын буюу гэрээний үнэнээс улсаас олгосон татаас, НӨАТ, тээврийн болон даатгалын зардал зэргийг хассан дүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулдаг аж. Төлбөрийн хэмжээ үнэлгээний 0-8 хувь, нүүрс, антрацит, нефтийн бүтээгдэхүүний нэгжид 11-700 рубль байдаг юм байна.

Өмнөд хөрш: Хятад улсад газрын тос болон газанд 5-10 хувиар, бусад ашигт малтмалуудад 0.3-60 юанаар тооцож төлбөр ногдуулдаг. Энэ нь тус улс эцсийн бүтээгдэхүүн болгодог өөрийн боловсруулах үйлдвэртэй байдагтай холбоотой аж. Харин давсанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа түүний төрөл, хэмжээ, олборлож буй аргаас хамааруулан өөр өөр аргачлалаар төлбөр ногдуулдаг онцлогтой юм байна.

Австралид: Австрали улсад Mineral resource rent tax буюу ашигт малтмалын нөөцийн түрээсийн татвар авдаг. Энэ татварыг тус улсад үйл ажиллагаа явуулж буй төмрийн хүдэр, нүүрсний үйлдвэрүүд төлдөг аж. Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг муж улс бүр өөрийн хуулиар тусгайлан тогтоодог байна. Тус улсын Нью соут уэлс муж улсад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг уурхайн гаднах ex mine үнэлгээнд ногдуулах бөгөөд энэ үнэлгээг тодорхойлохдоо борлуулсан баяжмалын дэлхийн зах зээлийн үнээр тооцсон борлуулалтын орлогын дүнгээс уурхай дээрх баяжуулалтын зардал, борлуулалтын зардал, уурхай дээрх удирдлагын зардал, элэгдлийн зардлыг хасч тодорхойлох ба ийнхүү тодорхойлогдсон дүнгийн 4 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулдаг юм байна. Уурхай дээрх баяжуулалтын шууд зардалд бутлах тээрэмдэх зардал, концентрацжуулах болон цэвэршүүлэх зардал, шинжилгээний зардал, борлуулалтын зардалд борлуулалтын цэг хүртэлх тээврийн зардал, CIF нөхцөлтэй борлуулалтын хувьд гадаад борлуулалтын тээврийн зардал, агентын шимтгэл багтдаг бөгөөд зөвхөн уурхай дээр гарсан удирдлагын нийт зардлын 33.33 хувийг уурхай дээрх удирдлагын зардал гэж үздэг аж.

Чилид: Манай уул уурхайн салбар Чилийн туршлагыг хөрсөн дээрээ буулгахад гэмгүй гэдэг. Тэгвэл тус улсад уул уурхайн бүтээгдэхүүн ашиглах эрх бүхий хувь хүн, хуулийн этгээд бүх төрлийн, бүтээгдэхүүний эхний шатны борлуулалтадаа "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-ийг төлдөг. Хэрэв компани уул уурхайн бүтээгдэхүүн бусдаас худалдан авч, борлуулах тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдохгүй. Жилдээ 12000 тонноос бага хэмжээний цэвэр зэсийн борлуулалт энэ төлбөрөөс чөлөөлөгдөх ба 12000-50000 хүртэлх тонн цэвэр зэсийн борлуулалтын үнэлгээнд бүтээгдэхүүний тоо хэмжээнээс хамааран 0.5%-4.5%, 50000 ба түүнээс дээш тонн цэвэр зэсийн борлуулалтанд үйл ажиллагааны ахиуц ашгаас хамааран 5% – 14% -ын татвар ногдоно. Ахиуц ашиг нь 35% ба түүнээс бага бол 5 хувь, 85% ба түүнээс дээш бол 14 хувь байх ба ахиуц ашгийн хувиас хамруулан төлбөрийг хэдэн хувиар ногдуулахыг тодорхойлсон хүснэгт байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тодорхойлогдсон татвар ногдуулах орлогод тохируулга хийх замаар уул уурхайн үйл ажиллагааны орлого буюу ашигт малмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах орлогыг тодорхойлдог. Уул уурхайн үйл ажиллагааны орлого буюу ашигт малмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах орлогын дүнг, тухайн компанийн борлуулсан цэвэр зэсийн үнийг дэлхийн зах зээлийн үнээр үржүүлсэн нийт орлогын дүнд харьцуулж энд дурдсан ахиуц ашгийн хэмжээг тодорхойлдог юм байна.

Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top