|

А.Ганболд: Х.Болдбаатар дарга 2014 онд л гэхэд 18 удаа Солонгос явж казино тоглосон

tonshuul 2015/02/10 1037 0

 А.Ганболд: Х.Болдбаатар дарга 2014 онд л гэхэд 18 удаа Солонгос явж казино тоглосон

 

2008 оны УИХ-ын сонгуулиас хойш Улаанбаатар гэлтгүй хөдөө орон нутгат намаараа тапцаж аймаг, сум, дүүргийн удирдлагууд хоёр, гурав хуваагдан тэмцэлдсэний балгаар төсвөө хугацаандаа баталж чаддаггүй, засаглалын хямрал нүүрлэж, тухайн нутгийн ард иргэд хамгийн ихээр хохирдог хачирхалтай синдром хаа сайгүй үргэлжилсээр байна. 
 
Улаанбаатарын харьяаны Налайх дүүргийн Засаг дарга X Болдбаатартай холбоотой шуугиан сүүлийн хоёр сар  хүчээ авч одоогоор оргл үедээ орчихоод байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрөөр Налайхын зорьж нэгдүгээр хорооны Баянзүрхийн наймдугаар гудамжны заасан хаягаар очвол дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд тосч уулзан үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дараах тайлбарыг хийсэн юм.
 
-За сайхан өвөлжиж байна уу?
 
-За даа хэрүүл, тэмцэл ихтэй зутруухан л өвөлжиж байна даа.
 
-Та сая энэ хавийн хогийг ачуулж байсан юм аа даа?
 
-Өө тийм. Энэ хойд гудамжинд хүн бүл муутай нэг айл хогон дээрээ муу усаа асгаад барьцалдаад хөлдчихсөн, ачиж чадахгүй байна гэнэ. Очиж жолоочтой нь элбээд ховхолж өгч ачилцах санаатай, зав муутай л байна.
 
-Та хэзээнээс Налайх дүургийн ИХТ-ын даргаар ажиллаж байгаа вэ?
 
-Би энэ ажлыг 2012 оны 12 дугаар сарын 5-нд хүлээж авсан. Өмнө нь Налайхын уурхайд 30 гаруй жил ажилласан жирийн нэгэн инженер 2012 оны сонгуулиар Налайхад анх удаа АН ялалт байгуулахад Х.Болдбаатар Засаг дарга болж, би ИТХ-ын дарга болсон ухаантай. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Улаанбаатар хотын ЗДТГ, НИТХ-ын зүгээс Налайх дүүргийн ирээдүй, ард иргэдийн амжиргааг сайжруулах чиглэлээр маш чухал тогтоол шийдвэрүүд гарч, эрчимтэй ажиллаж байгаа боловч сүүлийн үед манай Засаг дарга Х.Болдбаатар гэдэг хувь хүний хариуцлагагүй, сахилга батгүй үйл ажиллагаанаас болоод дүүргийн ажил гацаанд орж, төсөвт байгууллагын албан хаагчид цалингаа хоёр сар хаалгачихаад өр, зээл нь хэцүүдээд сууцгааж байна.
 
-Асуудал юунаас эхлэв. Та жаахан дэс дараатай тайлбарлахгүй юу?
 
-Засаг дарга Х.Болдбаатар бид хоёр АН-ын гишүүд гэдгийг хэлсэн. Налайх дүүргийн ИТХ-ын 25 төлөөлөгчийн 12 нь АН, 13 нь МАН, МАХН зэрэг бусад намын төлөөлөл байгаа. Бид өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд 56 хувийн ирцтэйгээр дүүргийнхээ 2015 оны төсвийг баталсан юм. Тэгсэн чинь Засаг дарга Х.Болдбаатар өөртэйгөө ашиг сонирхол, авдаг, өгдгөөрөө нэгдсэн Оч.Ганболд, Ч.Одонхүү, Ш.Хаанаа, Т.Чулуунгэрэл, Өсөхбаяр зэрэг АН-ын гишүүдийг турхираад ИТХ-ын 11 дүгээр хуралдааны шийдвэрийг хүчингүй гээд дайрчихсан.
 
Үндсэндээ тэр өдрөөс хойш Налайх дүүргийн удирдлага хоёр тийшээ харж, ажил урагшаа явсангүй, төсөвт байгууллагуудын 500 гаруй хүний цалинг НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн захирагч Э.Бат-Үүл нарын тушаалаар "түр горим”-д оруулан хааснаар өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгөөр бүтэн хоёр сар цалинжиж байна. Бид бүгдээрээ банкны зээлтэй учир эхнээсээ "Найдваргүй харилцагч" гэдэг хар дансанд орж эхэллээ. Би л гэхэд 580 мянган төгрөгийн цалингийн зээлтэй учир хүүхдүүдээрээ төлүүлээд сууж байна.
 
-Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл яагаад Налайхын төсөвт байгууллагын ажилтнуудын цалинг "түр горим”-д оруулан зогсоочихоод байгаа хэрэг вэ?
 
-Ерөөсөө л Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарын зүй бус үйлдэлтэй холбоотой. Энэ хүний талаар сүүлийн гурваас дөрвөн сарын турш дүүргийн иргэдээс өдөр бүр гомдол, санал ирсэн. Уг нь надтай л адилхан амьжиргаатай байсан энэ хүн хоёрхон жилийн дотор гурваас дөрвөн байртай болж, өнөөдөр цоо шинэ Ланд-200 маркийн машин унаад давхиж явна. Жирийн сувилагч байсан эхнэр нь "Сузики витара”, хүү, хүргэн нь бүгд шинэ машин авч унацгаасан. 2013-2014 онд Болдбаатар гадаадад 38 удаа явсны ихэнх нь Солонгост очиж казино тоглосон баримт нь байна.
 
Сүүлийн жил гаруйхны хугацаанд газрын наймааг жинхэнэ утгаар нь цэцэгүүлж, тендерийн будлианд удаа дараа хутгалдсныг Налайхын иргэд дуу нэгтэй шүүмжилсээр байгаа тул дүүргийн ИТХ-ын XI хурлын шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Гэтэл тамгаа аваад алга болчихсон.
 
-Та хоёр хоёулаа АН-ын гишүүд байж яагаад хамтарч ажиллаж чаддаггүй юм бэ. Эсвэл ямар нэгэн тооцоо байдаг юм уу?
 
-Би буриад хүн. Ямар нагэн булхайтай, хулгай, луйврын шинжтэй зүйлтэй эвлэрч чаддаггүй гэх юм уу даа. Арай ахмад хүний хувьд "Болдбаатар аа чиний энэ хууль бус юмнууд чинь хэтэрч байна, битгий архи уугаад бай, ажилдаа хариуцлагатай ханд, байн байн Солонгос яваад байгаа чинь ямар мөнгөөр, ямар учиртай яваад байгаа юм’’ гэж аргадах, зэмлэх хослуулан наснаасаа олон хэлсэн. Миний үгийг тоож сонсох нь байтугай сүүлийн үед "Хоолонд чинь хор хийж ална, араас хутгалдаг Ганболдыг боож ална" гэж байнга дарамтлах болсон. Үнэндээ Монголын хууль, шүүх энэ хүнийг дийлдэггүй юм шиг байна. Одоо хөлөө гэмтээчихээд ажил дээгүүрээ харагдахаа ч больсон. Харагдахаараа архи уучихсан л байдаг. Өнөөдөр дүүргийн ажил яг зогсчихоод байна.
 
 -Та түрүүн Засаг дарга Х.Болдбаатар газрын наймаа хийгээд байна гэсэн. Баталгаа бий юу?
 
-Байлгүй яах вэ. Налайхын жирийн иргэдэд 0.7 га байтугай 0,5 га газар олдохгүй байхад Х.Боллбаагарыг тойрон хүрээлж, архиар дайлж цайлж, хээл хахуулийн журмаар асуудлаа шийдүүлсэн хүмүүс тав, дөрвөн айлын газрыг нийлүүлсэн юм шиг том газруудыг олноор нь хашаад авчихсан. Хууль бусаар газар авсан иргэдийн дунд хятад хүн ч байгаа. Өнөөдөр Налайхад үйл ажиллагаа явуулж байгаа тоосгоны 16 үйлдвэрийн 11 нь хятад эзэнтэй. Засаг даргын газрын хууль бус наймааны талаар иргэдээс ирүүлсэн санал, гомдол хангалттай бий.
 
-Өнөөдөр Налайхын ямар байгууллагууд цалингаа авч чадахгүй байгаа юм бол?
 
-Налайхын ИТХ дахь АН-ын 11 гишүүний турхиралтаар 2015 оны төсвөө баталж чадаагүй нэрээр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл "түр горим" баталсан тухай албан бичиг өнгөрсөн пүрэв гараг буюу хоёрдугаар сарын 5-нд ирсэн. Энэ дагуу ТҮК, Ахмадын хороо, Чандмань Налайх, Цэцэрлэгжүүлэлтийн алба зэрэг туйлын бага цалинтай, арай гэж амьдралаа авч яваа, банкны зээлийн өртэй 500 гаруй хүн сард 192 мянган төгрөгийн цалингаар амьдарч байна.
 
Хэдийгээр би АН-аас Налайхын ИТХ-ын даргаар томилогдсон ч сүүлийн үед "Би намын хүн биш, Налайхын хүн” гэж Засаг дарга Х.Болдбаатар болон түүнийг тойрон хүрээлэгч ИТХ дахь АН-ын 11 төлөөлөгчтэй үзэлцэж явна. Дүүргийн ИТХ-ын олонх буюу 14 төлөөлөгч нь Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулахаар санал өгч баталгаажуулчихаад байхад хууль бус Засаг даргыг хамгаалдаг 10-20 журам байдаг юм байна. Өнөөдөр бид ингээд хүчин мөхөсдөж, Налайх дүүрэг авлигач, ажил дээрээ архиддаг, газрын хууль бус наймаагаар хоёрхон жилийн дотор хагартлаа баяжсан Засаг даргатай л сууцгааж байна.
 
-Налайх дүүрэг ажилгүй иргэн олонтой, амжиргааны түвшин доогуур байхад Засаг дарга, ИТХ хоёр нь хоёр тийшээ хараад суучихаар иргэдийнх нь амьдрал улам л дордож байгаа даа?
 
-Тэгэлгүй яах вэ. 2012 оны НҮБ-ын судалгаагаар Налайх дүүрэг ядуурлын түвшингээр 46.6 хувьтай гарсан нь Монгол Улсад толгой цохиж байгаа тааруухан үзүүлэлт л дээ. Налайхын иргэдийн дунд явуулсан судалгаагаар хамгийн тулгамдаж байгаа асуудлууд нь хогноос нь салгах, жилд 500 гаруй хүн уруулж байгаа золбин нохдын асуудлыг цэгцлэх, гэр хорооллын гэрэлтүүлэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эргэлт гаргаач гэсэн дөрөв тавхан асуудлыг шийдэж чадахгүй л сууцгааж байна. Уурхайн 100 жилийг аятайхан тэмдэглэх, цаашлаад Налайхын 35 мянга гаруй иргэдийг яс үндэс, шашин шүтлэг ялгалгүй ажилтай, орлоготой болгочих юмсан гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж явахад хажууд нь ийм л нэг яаж ч болохгүй Засаг даргатай болчихоод учраа олохгүй сууж байна Одоогоор Засаг дарга X Болдбаатар болон тойрон хүрээлэгчдийнх нь асуудлыг АТГ шалгаж эхэлсэн дуулдсан.
 
Бушуухан нэг тийш болгохгүй бол Налайхын амьдрал улам л муудах шинжтэй болчихлоо. Өнгөрсөн онд л гэхэд 18 удаа Солонгос явж казино тоглосон Засаг дарга Х.Болдбаатарын дураараа дургилт үнэхээр дэндлээ.
 
-Та Засаг даргатайгаа нийлж газрын наймаа хийгээд хоёр гурван байртай болчихгүй яагаад өнөөдөр ингээд гэр хороололд нүүрс үнэртүүлээд сууж байгаа юм бэ?
 
-Ах нь гурван хүүхэдтэй. Насаараа уурхайд нүүрсний тоосон дунд амьдарсан хүн. Бага охин Солонгост, том нь хотод, дундах нь Налайхдаа гар утас засаад бид хоёрт дэм болоод амьдарч байна. Би насаараа улсдаа үнэнчээр хөдөлмөрлөж яваа жирийн л нэгэн. Яагаад ч хулгай, луйвар хийж чадахгүй. Өнөөдөр энэ хавийнхаа айлуудыг хогноос нь салгачих санаатай. Товчхондоо ийм шив дээ.
 
Д.Түвшин
Эх сурвалж: 

Санал болгох

Сэтгэгдэл

top