|

Эрүүл саруул байсан бүсгүй “ГРАНД МЕД” эмнэлэгийн буруутай үйлдлээс болж амиа алдав уу?

saikhnaa 2016/05/18 1238 0

Эрүүл саруул байсан бүсгүй “ГРАНД МЕД” эмнэлэгийн буруутай үйлдлээс болж амиа алдав уу?

 

Швейд улсад ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн О хэмээх 27 настай цэл залуухан бүсгүй  Монголдоо томоохонд тооцогддог "ГРАНД МЕД” эмнэлэгээр үйлчлүүлээд амиа алдсан харамсалтай гарсан.

Энэ талаарх мэдээллийг  Fact.mn сайт өмнө нь мэдээллэсэн. Тэгвэл уг хэргийн талаар бид эргэн сурвалжилж талийгаач бүсгүйгийн ар гэрийнхэнтэй нь холбогдож болсон явдын талаар тодрууллаа. Тэрбээр талийгаач бүсгүйг О гэдэг байсан бөгөөд 27 настай Швейд улсад ажиллаж амьдарч байгаад Монголдоо ирээд удаагүй байсан аж. О бүсгүйн хөл нь өвдөөд байхаар нь ээж нь "Гранд мед” эмнэлэгийг сайн хэмээн итгэж охиноо дагуулан очжээ. Гэтэл эмнэлэгийн зүгээс шинжилгээ авч "нурууны диск суулттай байна” гэсэн онош тавин улмаар "хөнгөн хагалгаанд ороод зүгээр болно” хэмээн мэдэгджээ.

Мөн эмнэлэгийн зүгээс эмчилгээндээ 92 хувийн баталгаа өгч байна, хагалгааны нийт төлбөр 5 сая болно гэж хэлсэн байна. Ингээд О бүсгүйн ар гэрийнх нь тус эмнэлэгээр шат дарааллан бүх үйлчилгээг хийлгэж, хагалгаанд оруулахаар болжээ.  Гэвч 5 сарын 17-ны өдөр 9 цагийн үед хагалгаанд орохоор цааш орсон охин нь хагалгаандаа ч орж чадалгүй үүрд нойрсжээ.

Ар гэрийнхнийх нь хэлж байгаагаар "өмнөх орой нь талийгаачид нойрсуулах эм өгөөд унталтын байдалтай байхад нь өглөө нь дахин наркозанд оруулснаас болж  ачаалал даалгүй өнгөрсөн” хэмээн мэдэгдэж байгаа юм. Түүнчлэн тэд тус эмнэлэгийн мэдээгүйжүүлэлтийн тасгийн эмчийг буруутай хэмээн үзэж байна. Талийгаач бүсгүй урьд нь ямар нэгэн хууч өвчингүй эрүүл саруул байсан гэдгийг түүний ээж хэлсэн юм.

Одоогоор талийгаач бүсгүйн үхлийн шалтгаан нь тогтоогдоогүй байгаа бөгөөд уг хэрэг дээр ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн ажиллаж байгаа аж.

Бид энэ талаарх мэдээллийг "Гранд мед” эмнэлэгийн удирдлага, эмч нараас тодруулах гэсэн боловч үүдэнд нь байгаа хамгаалагч нар нь "дарга, удирдлагууд болон энэ талаар тайлбар өгөх эмч нар бүгд байхгүй байна” хэмээн халгаагаагүй юм. Эрдэнэт хүний алтан амыг сахин ажилладаг эмнэлэгийн байгууллага хэдэн бор төгрөгнөс болж хүний амыг юман чинээ саналгүй хариуцлага алдав уу? Уг нь "ГРАНД МЕД” гэх энэ эмнэлэгээр хэр баргийн борчууд үйлчлүүлээд байдаггүй төлбөр өндөртэй, үйлчилгээ сайтай гэх. "Гранд мед” эмнэлэг шиг  Монголдоо дээгүүрт тооцогддог зарим хувийн эмнэлэгүүд үйлчлүүлэгчээ мөнгөөр хардаг хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй. Үнэхээр тус эмнэлэгийн удирдлагуудын нүдэнд мөнгө харагдаж, үйлчлүүлэгчээ юман чинээд тооцолгүй алтан амыг нь хороов уу?  Уг нь "ГРАНД МЕД” эмнэлэгийн уриа "ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ” гэсэн уриатай юм билээ. Гэтэл өвчтнөө эрүүл хүний нүдээр хардаг уу, мөнгөний нүдээр хардаг уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байна.

60

Ингээд бүсгүйн ээж болон эгчээс тодруулсан яриаг хүргэе.

Талийгаачийн төрсөн эгч Ц.Төмөртогоо:  

Энэ эмнэлэгийнхний нүдэнд зөвхөн мөнгө л харагддаг юм шиг хандсан

13242297_1069311226474191_1046329616_o

-Талийгаач О ямар шалтгааны улмаас тус эмнэлэгээр үйлчлүүлсэн юм бэ. Болсон явдын талаар ярихгүй юу?

-Талийгаачийн хөл нь өвдөөд байхаар нь "Гранд мед” эмнэлэгт хандаж шинжилгээ хийлгэсэн. Гэтэл нурууны диск суулттай байна гэсэн онош тавьж  хагалгаа хийх шаардлагтай, хагалгаа хөнгөн хэлбэрээр жижиг ажилбараар хийгдэнэ гэж хэлсэн. Эмнэлэгийн зүгээс 92 хувийн баталгаа өгсний дагуу бид  талийгаачийг бүх шинжилгээнд оруулж хагалгаанд оруулахаар болсон. Талийгаач урьд нь Швейдэд хүүхдээ төрүүлэхдээ бүтэн наркозанд орж төрж байсан. Эрүүл саруул ямар ч хүндрэлгүй төрсөн. Гэтэл Монголдоо ирээд энэ эмнэлэгээр үйлчлүүлээд хагалгаанд орж чадалгүй өөд болчихлоо.

-Тэгээд?                                                              

-Талийгаачид хагалгаа хийнэ гэсний  урьд орой нь нойрсуулах эм өгсөн. Тэгээд өглөө нь унтаа байдалтай байхад нь дахин дээрээс нь  наркоз өгсөн байгаа юм. Ингэхээр бүр унталтын байдалт орж, төв мэдрэлийн систем нь тэр чигээрээ унтаа болно биз дээ. Наркоз өгөөд зүрх нь 10 гаруй минут зогссон гэсэн. Гэтэл эмнэлэгийн зүгээс тухайн үедээ яаралтай зүрх судас дэмждэг тарианууд хийх ёстой байтал зөвхөн мөнгө л авах гэсэн хандлагатай байсан.  Хөөрхий дүү минь мэс ажилбарт орж чадалгүй өөд болсон. Бид тус эмнэлэгийн мэдээгүйжүүлэлтийн эмчийг буруутгаж байгаа.

-Та мөнгө л авах гэсэн хандлагатай байсан гэлээ. Өвчтөн хүнд байхад та нараас мөнгө нэхээд байсан хэрэг үү?

-Уг нь бид энэ эмнэлэгт мөнгөтэй байж үйлчлүүлж байгаа шүү дээ. Мэдээж үйлчилгээнийхээ мөнгийг төлөх хэмжээтэй байж энэ эмнэлгийг сонгосон. Бусад хувийн эмнэлэгүүд бол өвчтөндөө хагалгаа болон хийх ёстой эмчилгээнүүдээ 100 хувь хийчхээд дараа нь төлбөр тооцоогоо авдаг биз дээ. Гэтэл эднийх хагалгаа хийхийн өмнө бидэнд 92 хувийн баталгаа өгсөн шүү дээ. Өвчтөн хагалгаанд дөнгөж ороод зүрх нь зогсчихсон байхад ар гэрийнхнээс нь мөнгөө гээд нэхээд байгааг юу гэж ойлгох вэ. Мөнгөгүй бол юу гэж хувийн эмнэлэгт хандхав дээ. Арай дэндүү нүдэнд нь зөвхөн мөнгө л харагддаг юм шиг хандсан.

-Бүх төлбөр нийлээд нийт хэдэн төгрөг болсон бэ?

-Шинжилгээнд гэхэд нэлээн мөнгө орсон. Бүх л үе шат үйлчилгээ нь төлбөртэй. Шинжилгээ болон зураг авхуулах гээд бүх шатны үйлчилгээг эднийхээс авсан. Эмчилгээний нийт төлбөр 5 сая төгрөг болсон. Мөн хэвтэж эмчлүүлэхэд дөрвөн ортой өрөө нь 52000, хоёр ортой өрөө нь 68000 байдаг юм билээ. Бид нар 68000  төгрөгийн үнэтэй өрөөг нь сонгож сунгуулсан. Талийгаач олон жил гадаад ажиллаж амьдарч байгаад ээжтэйгээ уулзах гэж Монголдоо ирсэн.  Өөд болохынхоо урьд орой  талийгаач ээжтэй хамт хонуулаач гэж сувилагчаасаа гуйсан боловч хонуулаагүй гэсэн. Ер нь хагалгаанд орох гэж байгаа өвчтөнд урьд өдөр нь сэтгэл зүйн бэтгэл үзүүлэх хэрэгтэй биз дээ. Ядаж ээжтэй хонуулчихаж юу нь болохгүй байсан юм бол.

Талийгаач бүсгүй О-гийн ээж Ц.Даваасүрэн:

Эрүүл байсан хүүхдээ энэ эмнэлэгт хөтөлж ирээд үхүүлчихлээ

13225164_1069311283140852_2053208999_o

-Юуны өмнө танд эмгэнэл илэрхийлье. Талийгаач хэдэн цагийн үед хагалгаанд орохоор орсон  бэ. Та нарт өөд болсныг нь хэзээ нь дуулгасан.  

-Өчигдөр буюу 5 сарын 17-ны өдөр 9 цагт хагалгаандаа орно гэж ороод тэр чигээрээ гарч ирээгүй. Бидэнд 11 цагийн үед амьсгал хураасан гэж хэлсэн. Ямар ч суурь өвчин байхгүй эрүүл саруул хоёр хөл дээрээ явж байсан хүүхэд шүү дээ. Бид үнэндээ энэ эмнэлэгийг 100 хувийн баталгаатай олон улсын сертификттай гэсэн үндэснээс  итгэж үйлчлүүлж байгаа. Тэрнээс биш өөр олон эмнэлэгүүд байгаа. Бид охиноо алуулах гэж энэ эмнэлэгт үйлчлүүлээгүй.

-Эмнэлэгийнхний зүгээс та бүхэнд ямар нэгэн тайлбар өгсөн үү?

-Надад одоогоор ямар ч тайлбар хариу өгөөгөгүй байгаа. Албан ёсоор дүгнэлт гарсны дараа хариу нь тодорхой болох байх. Эднийх зөвлөх эмч ч гэж байхгүй. Ийм том эмнэлэг байж зөвлөх эмч байхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хүмүүстээ хандаж хэлэхэд үнэтэй өндөр төлбөртэй гэсэн болгон худлаа байдаг юм. Хүний амь насыг хариуцаж байж ийм хариуцлаггүй байж болохгүй. Зүгээр байсан үр хүүхдээ энэ эмнэлэгт хөтөлж ирээд үхүүлчихлээ. Ийм юм амссандаа өөрийгөө буруутгаад ч болохгүй юм. Охин минь гадаадад олон жил болсон болохоор Монголдоо хаана ямар эмнэлэг сайн гэдгийг мэдэхгүй. Би л энэ эмнэлэг рүү хөтөлж ирсэн минь буруудлаа. Эгч нь өөрийгөө зүхээд сууж байна. Уйлаас өөр хийх юм олдохгүй юм./уйлав/

22

23

Эх сурвалж: Fact.mn У.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

top