|

“Мөрөөдлийн баг”-ийн Засгийг авах “Ы” ажиллагаа замхарсан нь

saikhnaa 2016/05/13 556 0

“Мөрөөдлийн баг”-ийн Засгийг авах “Ы” ажиллагаа замхарсан нь

 

"М.Батчимэг аймгийн АН-ыг самарчихаад яваад өглөө. Намын нэр хүнд, гишүүдийн эрх ашгийг ч хохироож байна. Тэр хүн олон жилийн түүхтэй манай намыг "Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудын халаасанд хийчихлээ. М.Батчимэг үйлдвэрээс хэдэн төгрөг аваа бол. Яагаад заавал эрх барьж байгаа намыг үйлдвэрийн бөөрөнд хавчуулав” гэх мэт яриа хөөрөө Ардчиллын цэнхэр ордноос хальж иргэдийн амны зугаа болж байна. АН-ын дарга З.Энхболд тамгатай, тамгагүй "хутагт”-ууд болох Орхон аймгийн АН-ын хоёр талцаад байгаа удирдлагуудыг нийслэлд ирэхийг үүрэгдсэн байна. Үүний дагуу Г.Батмөнх, Б.Мягмарсүрэн, Д.Доржпүрэвтэргүүтэй "хууль бус”-аар сонгогдсон "Мөрөөдлийн баг”-ийнхан, С.Дангаасүрэн тэргүүтэй дөрөвдүгээр сарын 28-ны хурлаар сонгогдсон шинэ удирдлагын багийнхан Улаанбаатарт ажиллаж байна. Талцан маргалдагч талуудын тус бүрийн хурлын тэмдэглэл, аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн 33 нэр дэвшигчийн нэрсийг хүртэл намын дэргэдэх Дотоод хяналтын хороогоор оруулж байгаа гэнэ. АН-ын Дотоод хяналтын хорооны даргаар Эрдэнэтчүүдийн сайн танил аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга асан Б.Батхуяг ажилладаг аж.

Энэ сарын 9-10-нд шилжих шөнө М.Батчимэг гишүүний хуралдуулсан намын хорооны хурлаас /хурал ч гэж дээ намын хорооны гишүүн бус, энд тэндээс цуглуулсан хэдэн хүний хуйвалдаан гэвэл илүү үнэнд нийцэх мэт/ хоёр шийдвэр гаргасан байдаг. Эхнийх нь намын даргаар үйлдвэрийн удирдлагуудын санал болгосон Г.Батмөнхийг сонгосон. Хоёрт, аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвших 33 эрхмийн нэрийг баталсан аж. Эрдэнэтчүүдийн дунд "сахал” хэмээх тодотголтой Г.Батмөнх энэ удаад "утсан хүүхэлдэй” болсон хэрэг. Түүнд зориулж хаана ч хамаагүй хуралдаад огцруулж болох багийг хөшигний ард тодруулсан байдаг. Эндээс харвал Г.Батмөнх хүлээн зөвшөөрөгдсөн намын дарга биш. Зүгээр л сонгууль ойртсон, нэр дэвшүүлэгчдийг тодруулах энэ цагт сонгогчдыг төөрөгдүүлэх гэсэн ердийн нэг "Face”. Тиймээс тав хоногийн дараа ч, маргааш ч тэр Г.Батмөнхийг намын даргаас огцруулах нь алга урвуулахын төдий хэрэг учраас түүний ард намын тамгыг гартаа оруулж авах гэсэн хүмүүсийн том эрх ашиг бий. Хоёрдугаар асуудлын хувьд Г.Батмөнх тэргүүтнүүд аймгийн ИТХ-д 33 төлөөлөгч сонгохдоо М.Батчимэгийн хэлээд байгаачлан эв нэгдэлтэй, хэрүүл тэмцэлгүй байдлаар шийдсэн гэдэг нь үнэнд нийцэхгүй байгаа аж. Б.Мягмарсүрэн даргатай ШАК, Д.Өсөхбаярын тэргүүлдэг МоАХ зэрэг фракциудын хувьд 33 хүний нэрийг тодруулахдаа Шонхорын төлөөллөөс нэг ч хүнийг оруулаагүй байна. Тухайлбал, удахгүй болох аймгийн ИТХ-ын сонгуульд аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав нар тойроггүй үлдсэнийг юу гэж ойлгох вэ. Эсвэл энэ хоёр хүн Эрдэнэтчүүдэд тийм нүүргүй болсон хэрэг үү. Дээр нь өнгөрсөн дөрвөн жилд аймгийн ИТХ-д сонгогдон төлөөлөгчөөр ажилласан зарим эрхмүүд багтаагүй зэргээс харвал Батчимэгтэнгүүд эрх мэдлийн төлөө аймгийн АН-ыг самарч, ГОК-ыг улстөржүүлж, тэндээс мөнгө босгохоор улайрсан бололтой. Тийм биш л бол ширээний ард сууж байгаад эрх ашгаа хойш тавьж, сонгуульд ялах арга тактикаа боловсруулсан бол ингэж хуйвалдаан хийхгүй, үйлдвэрийг улс төржүүлэхгүй байх боломж байсан.

Хамгийн сонирхолтой нь үйлдвэрийн зарим нэг удирдлагыг улс төрд хор найруулах ажилдаа татан оролцуулж, эдийн засгийн хувьд дэмжлэг авах арга хэлбэрээр ажилласан энэ хуйвалдааны ард Д.Энхбат, В.Сумъяасүх тэргүүтэй хүмүүс байгаа гэнэ. Тэр бүү хэл Д.Энхбат энэ сарын 10-наас эхлэн өөрийгөө "аймгийн Засаг даргаар томилж” эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй яваа дуулдана. Дээрх хоёр эрхэм бол аймгийн АН-ын хорооны гишүүн биш. Энэ намын дүрмэнд "аймгийн АН-ын хорооны гишүүн аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй” гэж заасан юм байна. Д.Энхбат намын хорооны гишүүн болохын тулд Уртбулаг багийн АН-ын үүрийн даргыг дарамталж "Намын үүрийг хуралдуулж, намайг намын хорооны гишүүн болго. Үгүй бол дэмий шүү” хэмээн тов тодорхой үүрэг өгсөн тухай ч гишүүд нь ярьж буй. Ардчиллын ордон хавиас "Д.Энхбат одоо С.Дангаасүрэнг огцруулах ажлыг гардан гүйцэтгэнэ” гэх мессэж ч нисч байгаа гэнэ. Г.Батмөнхийг даргаар тавьж "утсан хүүхэлдэй”-н дүр эсгүүлчихээд ард нь Энхбаттангууд засаг эргүүлэх "Барбарос” төлөвлөгөө хэрэгжүүлж түүндээ эдийн засгийн дэмжлэг авахын тулд улс төрөөс ангид байсан үйлдвэрийн зарим нэр бүхий зарим удирдлагыг эгнээндээ нэгтгэсэн энэ удаагийн хуйвалдааныг нийтэд нь засгийг авах "Мөрөөдлийн баг”-ийн "Ы” ажиллагаа хэмээн нэрлэхэд буруудахгүй болов уу. "Мөрөөдлийн баг”-ийн ахлагч нь Д.Энхбат, В.Сумъяасүх нар байжээ гэдэг нь үйл явдлын өрнөлөөс харагдаад байх шиг.

Эх сурвалж: erdenetnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top