|

Монголчууд аймшгийн киног “жонхуу” болгодог уу

saikhnaa 2016/03/30 1478 0

 

Монголд алгуурхан хэрнээ зоригтойгоор хөгжиж буй салбар бол аймшгийн кино. Сүүлийн хэдэн жил дорвитой ахиц гарч аймшгийн киногоор дагнасан уран бүтээлчид ч бий боллоо. Үзэгчид "Монголчууд аймшгийн кино хийж чаддаггүй, жонхуу болгодог” гэсэн үнэлгээ нэгэнт өгчихөөд байгаа энэ үед хөгжиж байна гэж хэлэхэд эсэргүүцэх хүн гарах биз. Сул зохиол, муу жүжиглэлт гээд. Тэгвэл сонирхогчийн хувьд Монголын кино урлагийн энэ төрөлд гэрэл асаж буйг олж харснаа хүүрнэе.

Өнгөрсөн жил "Зоорь”, "Хүүхэлдэй”, "Хөлтрөг” зэрэг цөөнгүй уран бүтээл гарсан бол он гараад "Ороолон” киногоор үргэлжилсэн. Ингэж жил бүр шинэ аймшгийн кино үзэгчдийн хүртээл болж байгаа нь нэгт ашигтай байгаагийнх, хоёрт хөгжиж байгаагийнх биз ээ. 

Монголын түүхэнд хамгийн олон үзэгчтэй, хамгийн их орлого олсон нь Ц.Ууганбаярын "Зоорь” кино байдаг. Тус кино 156 сая төгрөгийн орлого олсноор аймшгийн киноны төрөл дотроо толгой цохиж байгаа юм. Үүнээс өмнөхийг шүүвэл 2000 онд гарсан "Ядуугийн зовлон” киног нэрлэх байх. Гэхдээ тухайн үед орлогоо ил зарладаггүй, кино театрыг зоригсод харьцангуй цөөн байжээ. Тэгвэл "Ядуугийн зовлон” киноны хоёрдугаар анги удахгүй дэлгэцэнд гарах гэж байгаа тул үүнийг онцолмоор санагдлаа.

Учир нь "Ядуугийн зовлон” бол сэдэв нь ч, ахуй нь ч монголчуудад ойр кино билээ. Барууны кинонд ихэнхидээ цус сорогч, зомби, цуврал алуурчны тухай гардаг бол азиуд сүнс сүгтэй киног илүү хүлээж авдаг онцлогтой.  Алтанд шунасан Сэндэр эгч, амьдарлаа залгуулах гэж ядарч буй Хүдэр, цэрэгт явсан хүүгээ хүлээсэн эмгэний сүнс гээд л. Тэгээд ч Монголын киночид бусад орныхныг бодвол компьютер график бага ашигладаг нь харин ч илүү үнэмшилтэй болгох магадлалтай гэхэд буруудахгүй. Тиймээс ахуй амьдралд ойрхон сэдвээс төрсөн "Ядуугийн зовлон” киноны удаах анги аймшгийн кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгэжээ. Үйл явдал хэрхэн үргэлжлэх бол, өмнөх шигээ сайн кино болж чадах болов уу гээд л. Саяхан гол дүр болох Хүдэр /МУГЖ Д.Хүрэлхүү/ галзуугийн эмнэлэгт байгаа зураг авалт хийсэн байсан. Мөн "юндэн гөөгөө” төрхөөрөө од болсон жүжигчин Ц.Цэрэнболд, нэг хэсэг дуулианы эзэн болсон жүжигчин Ц.Алдармаа нар тоглож байгаа нь сонирхол татаж байгаа юм.

Энэхүү киног 10 жилийн өмнө хийсэн Ц.Хүсэлбаатар найруулагч, гол дүрд нь тоглосон Д.Хүрэлхүү нар хэвээрээ байгаа тул "Ядуугийн зовлон-2” кино Монголын киночдын 10 жилийн хугацаан дахь өөрчлөлтийг харуулах нь.

Сайн нь магтаалаараа урам авч, муу нь шүүмжлэлээр алдаагаа засдаг хойно. Аймшгийн  киноны тоо нь чанараасаа илүү байгаа ч энэ нь өөрөө чанартаа анхаарах цаг ойртож буйн илрэл биз.

Эх сурвалж Zindaa.mn     http://news.zindaa.mn/1t45

Санал болгох

Сэтгэгдэл

top