|

Хулгайчийг 7 хоногоос 12 жил хүртэлх хугацаагаар хорино

saikhnaa 2016/03/25 882 0

Хулгайчийг 7 хоногоос 12 жил хүртэлх хугацаагаар хорино

 

Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрөгч хоногт иргэд, байгууллагаас нийт 3841 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 140, зөрчлийн 1074, согтуугийн 290, зам тээврийн ослын 268 мэдээлэл иржээ.

 

Тэдгээрээс гэмт хэргийн шинжтэй 84 үйлдэл бүртгэгдснийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Өмчлөх эрхийн эсрэг буюу хулгайлах гэмт хэрэг 41 бүртгэгдсэн нь нийт гэмт үйлдлийн 50 хувийг эзэлж байгаа юм.

 

Тухайлбал, Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэр нэгдүгээр байрны гадна зогсоолд байсан автомашины толийг Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд суух хаягтай А нь согтуурсан үедээ хулгайлсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлжээ.

 

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны 10 дугаар байрны гадна зогсоолд байсан автомашины шилийг хагалж, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд суух хаягтай П нь эд зүйл хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоосон байна.

 

Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн "Д......” дэлгүүрийн лангуунаас Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд оршин суух хаягтай Н нь 130 мянган төгрөг хулгайлсан хэргийг илрүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

 

Энэ мэтчилэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нийслэлийн хэмжээнд хоногт 30 дээш удаа бүртгэгддэг. Бусдын өмчлөх эрхэнд халдсан этгээдүүдийг одоо дараах байдлаар шийтгэж, хариуцлага хүлээлгэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг хулгайлах

 

145.1.Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

 

145.2.Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

145.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан буюу их хэмжээний хохирол учирсан, түүнчлэн нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

145.4.Энэ хэргийг булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Харин ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх шинэчлэн баталсан Монгол Улсын Эрүүгийн хуульд дараах байдлаар заажээ.

 

Арван долоодугаар бүлэг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг

 

17.1 дүгээр зүйл. Хулгайлах

 

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол долоо хоногоос таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл долоо хоногоос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

2.Энэ гэмт хэргийг:

 

2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;

 

2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;

 

2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;

 

2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

3.Энэ гэмт хэргийг:

 

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

 

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна. Энэхүү хууль ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.

 

Б.Хүлэг

Санал болгох

Сэтгэгдэл

top