|

“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг аймгуудад байгуулна

saikhnaa 2016/03/11 711 0

“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг аймгуудад байгуулна

 

Нийслэлийн "Иргэд хүлээн авах төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, төрийн 200 гаруй үйлчилгээг төвлөрүүлсэн  "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг өнгөрсөн нэгдүгээр сараас ажиллуулж Баянзүрх дүүргийн "Дүнжингарав” худалдааны  төвд эхэлсэн билээ

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 21 аймгийн удирдлагуудтай  сар бүр хийдэг цахим хурлыг өмнө нь Засгийн газрын ордноос хийдэг байсан бол өнөөдөр  "Дүнжингарав" дахь "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-д боллоо. Учир нь   энэхүү цахим хуралдаанаар энэ оны зургаадугаар сарын дотор бүх аймгуудад төрийн нэгдсэн үйлчилгээний төвийг байгуулах болсонтой холбогдуулан Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон албаны бусад хүмүүс тус арга хэмжээнд оролцлоо.

Хурлын эхэнд НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун аймгийн удирдлагуудад Дүнжингарав худалдааны төв дахь "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн дотоод бүтэц болоод үйл ажиллагааг танилцууллаа. Тэрээр "Төрийн үйлчилгээг хурдан шуурхай, нээлттэй хүргэх зорилгоор "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийг өнгөрсөн нэгдүгээр сарын 14-өөс эхлэн нэг цэгээс ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл  100 таван мянга орчим иргэн энэ нэгдсэн төвөөр үйлчлүүлсэн байна. Тодруулбал 27 байгууллагын 242  төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж төрийн үйлчилгээг иргэдэд ойр хурдан шуурхай, тэгш, нээлттэй байдлаар хүргэдэг болголоо. Тухайлбал тус төвд Нийслэлийн өмчийн харилцааны газар, НЗДТГ, Нийслэлийн улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн байгаль орчин, Ногоон хөгжлийн газар, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө, Авто зам, Өмчийн харилцааны газар зэрэг нийслэлээс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 200 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Түүнчлэн зарим үйлчилгээний төлбөрийг шууд тушаахаар зохицуулж Улаанбаатар, Голомт банкны салбарыг байгуулжээ. "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нь нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан” гэдгийг  танилцууллаа.

Мөн ирэх дөрөвдүгээр сард Хан уул дүүргийн "Мишээл экспо” худалдааны төв болон Сонгинохайрхан дүүргийн "Драгон” төвд нэмж хоёр нэгдсэн үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар болсон байна.

Ингэснээр алслагдсан дүүргийн иргэдэд  төрийн  үйлчилгээ улам ойр болгож  чирэгдэл олон шат дамжлаггүйгээр, богино хугацаанд авах боломж бүрдэх юм. 

Цахим хурлын төгсгөлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт  цаг үеийн асуудлаар аймаг, орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.  Тухайлбал аймгуудад Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах Засгийн газрын үүргийг хугацаанд нь буюу энэ оны зургадугаар сарын 1-ний дотор санаачилгатай, үр дүнтэй хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгалаа.  

 Түүнчлэн  цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ болон шар усны үерээс болгоомжлох сэрэмжлүүлгийг иргэд, малчдад шуурхай хүргэх шаардлагатай байгааг анхаарууллаа. Мөн төл хүлээн авах болон хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангуулахад онцгой анхаарч ажиллахыг Засаг дарга нарт  тус тус даалгав.

Санал болгох

Сэтгэгдэл

top