Олон Улсын Хөлбөмбөгийн Байгууллагуудын Зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хөлбөмбөгийн ертөнцөд түүхэн шинэчлэл хийхээр боллоо. Тус хуралдаанаар нийтдээ 93 шинэчлэл хийхээр дүрэмд тусгаснаас гурав нь олны анхаарлыг гойд татсан шийдвэр байлаа. Эдгээр гурван шинэчлэлийн талаар цухас өгүүлье.
1. Талбайн шүүгч шийдвэр гаргахдаа видео бичлэг дээр үндэслэх боломжтой болжээ. Маргаантай юмуу эргэлзсэн тохиолдолд шүүгч видео бичлэгийг ашиглах болж байна. Энэ туршилтыг зун болох Америкийн цомын тэмцээнд анх удаагаа туршихаар болов. Видео бичлэгийг отон тоглолт, улаан хуудасны зөрчил, пенальтийн зөрчил зэрэг дээр ашиглах боломжтой . Эхлээд Америкийн цомд туршсаны дараагаар шилдэгт үл тооцогддог улсын зарим лигүүдэд хоёр жилийн хугацаанд турших ажээ.
2. Нэг тоглолтод дөрвөн сэлгээ хийх явдлыг туршиж үзэхээр болсон байна. Гэхдээ дөрөв дэх сэлгээг нэмэлт үед хэрэглэх гэнэ. Өөрөөр хэлбэл, тоглолтын үндсэн цагт бол гурван сэлгээ хэрэглэх журам хэвээрээ үлдэнэ. Харин нэмэлт үед нэг сэлгээ хэрэглэх боломжийг нээж өгчээ. Энэ туршилтыг зургаадугаар сарын 1-нээс эхлэхээр болсон байна. Нэмэлт сэлгээг турших агуулга нь багууд энэ боломжийг хөлбөмбөгчийнхөө эрүүл мэндийн төлөө ашиглах, тактикаа өөрчлөхөд хэрэглэх юмуу эсвэл "цаг барихад” зориулж буй эсэхийг хянаж үзэх ажээ.
3. Гурван давхар шийтгэлийг нимгэлэх шийдвэр гаргасан байна. Үүнд, торгуулийнхаа талбайд зөрчил гаргасан хөлбөмбөгч хаалгандаа пенальти заалгаж, мөн улаан хуудас хүртэж, үүн дээр мөн улаан хуудасныхаа улмаас тоглолт өнждөг гэсэн гурван давхар шийтгэлийг нимгэлэх, зөөлрүүлэх юм байна. ОУХХ-ны шинэ ерөнхийлөгч Жанни Инфантиногийн үзэж буйгаар бол хөлбөмбөгч торгуулийнхаа талбайд бөмбөгийн төлөө тэмцэж яваад зөрчил гаргавал улаан хуудас өгөхгүй байх нь зөв гэнэ. Харин бөмбөгийн төлөө бус өрсөлдөгчөө гэмтээх юмуу өөр зорилго агуулсан бол талбайгаас хөөх нь зөв аж. Энэ өөрчлөлт зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд Евро-2016 болон Америкийн цомд турших юм байна.
Эдгээр
гурван анхаарал татсан өөрчлөлтөөс гадна хөлбөмбөгч одоо эмчийн
тусламжийг талбай дээр богино хугацаанд авсан бол заавал талбайгаас гарч
байж эргэж орох хэрэггүй болжээ.
Мөн пенальти цохих үед хаалгач шугамаасаа урьтаж гарсан бол шар хуудас авч, пенальтийг дахин цохиулахаар болжээ.
Үүнээс
гадна төвийн цэг дээрээс бөмбөгийг тоглолтод оруулахдаа заавал урагш
гаргах бус хүссэн чиг рүү бөмбөгөө гаргаж болох юм байна. Энэ мэт олон
өөрчлөлтийг хийж, ойрын хугацаанд туршиж үзэхээр болжээ.
Р.Гэгээ