|

Хямрал 2023 он хүртэл үргэлжилнэ

saikhnaa 2016/03/04 851 0

Хямрал 2023 он хүртэл үргэлжилнэ

 

Эдийн засагч Х.Батсуурьтай Монгол Улсын нийт гадаад өр, түүнээс учирч болох эрсдлийн талаар ярилцлаа.

-Монгол Улсын гадаад өр өнгөрсөн оны байдлаар 44 их наяд төгрөгтэй тэнцэж байна гэсэн мэдээлэл байна. Зарим улстөрчийн яриад байгаачлан энэ нь үнэхээр бодит аюул мөн үү?

-Өнөөдөр бид өрийн талаар их ярьж байна. Харин энэ тухай ярихдаа зөвхөн Засгийн газрын өрийн талаар л яриад байдаг. Гэтэл үүний цаана өөр нэг ноцтой нөхцөл байдал үүсээд байгаа нь Монгол Улсын нийт гадаад өрийн асуудал. Гадаад өр гэдэг ойлголтод Засгийн газрын гадаад өр болон Хувийн хэвшлийн гадаад өр орно. Засгийн газар гэдэгт Монголбанк бас орж байгаа.

 

Өрөөс үүдэж эдийн засаг нь хямарч, дампуурсан Грек, Аргентин, Исланд гэх мэт улс орнуудыг аваад үзвэл шалтгаан нь дандаа гадаад өртэй холбоотой байдаг. Манай эдийн засгийн хувьд 44 их наяд буюу 22 тэрбум ам.долларын хэмжээний өртэй. Гадаад өр гэдэгт яагаад хувийн хэвшлийн өрийг оролцуулж яриад байна вэ гэж асуух байх. Учир нь хувийн хэвшил өөрөө эдийн засагт маш их нөлөөтэй, эдийн засгийн ная орчим хувийг дангаараа бүрдүүлж байдаг гэсэн тооцоо судалгаа бий. Гэтэл гадаад эх үүсвэрээс зээл авсан хувийн томоохон банк, компаниуд мөнгөө төлж чадахгүйд хүрвэл ямар байдал үүсэх вэ. Энэ тохиолдолд эдийн засаг хүнд цохилтод орно. Хувийн хэвшлүүдийн ам.доллараар авсан зээлүүдэд ихэнхдээ Засгийн газрын баталгаа өгөгдсөн байдаг. Эсхүл стратегийн томоохон ордууд барьцаанд нь явж байдаг.

 

Монгол улсын гадаад өрийн нөхцлийг аваад үзвэл 2009-2012 оны хооронд гадаад өр огцом өссөн. Миний санаж байгаагаар 2009 онд гурван тэрбум орчим ам.долларын өртэй байсан бол 2016 онд буюу долоон жилийн дараа 22 тэрбум болж өссөн байна. 22 тэрбум ам.долларын гадаад өрийн 16 тэрбум ам.доллар нь хувийн хэвшлийн өр. Хувийн хэвшлүүдийн авсан зээл эргэн төлөгдөх хугацаа нь 2016 оноос 2023 он гэсэн тооцоо бий. Яг үүнтэй давхцаад манай Засгийн газрын гадаад өрийн үндсэн төлбөр эхлэх учиртай. Тэгэхээр 2023 он хүртэлх жилүүд бол гадаад өрөөс үүдэлтэй маш хүнд жилүүд болно. Товчхондоо одоо үүсээд буй эдийн засгийн хямрал 2023 он хүртэл үргэлжинэ.

 

-Сая яригдсан өрийг тогтсон хугацаандаа, графикийн дагуу төлөөд явах боломж нь хэр байна вэ?

-Одоогийн байгаа нөхцөл, эдийн засгийн бодит боломжоор бол өрөө тогтсон цаг хугацаандаа төлөөд явах боломж огт харагдахгүй байна. Тэгэхээр эрх баригчдын зүгээс ямар арга хэмжээ авах вэ гэхээр шинэ өр тавьж хуучин өрөө дарах, эсхүл төлбөрийг хойшлуулах аргыг хэрэглэж магадгүй. Гурав дахь аргын тухайд гэвэл газар нутгаа түрээсээр өгөөд явах.

 

-"Монгол Улс өрийн асуудлаасаа болж 2017 онд дампуурал зарлана” гэж нэр бүхий улстөрчид өнгөрсөн хугацаанд ярьж байв. Хэрэв дампуурал зарласан тохиолдолд байдал хэрхэн өөрчлөгдөх вэ?

-Хэрэв тийм зүйл тохиолдвол Грек улс шиг шууд дампуурлаа зарлачих нь магадгүй хамгийн зөв зам байж болох юм. Дампуурал зарлахгүй гэвэл маш их хохирол амсаж болзошгүй. Том, том ордуудаа гадныханд алдах нөхцөл байдалд орно. Энэ талаар одоохондоо дэлгэрүүлж яриад хэрэггүй болов уу.

 

-Улсын нийт гадаад өр 2017 оноос эхлэн төлөгдөөд явах юм байна. Энэ тохиолдолд одоо үргэлжилж байгаа эдийн засгийн хямрал улам гүнзгийрнэ гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Одоогийн байдлаар бид төсвийнхөө 15 хүртэлх хувийг Засгийн газрын өрийн төлбөрт өгч байгаа. Гэтэл 2017 оноос эхлээд төсвийнхөө 50 хүртэлх хувийг Засгийн газрын гадаад өрийн төлбөрт өгөх нөхцөл байдал угтаж байна. Монгол Улс нийт төсвийнхөө 50 хувийг өрийн төлбөрт өгчихөөд үлдсэн 50 хувиар нь яаж амьдрах юм бэ. Одоо байгаагаасаа бүр илүү бүсээ чангална гэсэн үг шүү дээ. Энэ тохиолдолд Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн явуулахад маш их хүндрэл учрах болно. Харамсалтай нь энэ үзэгдэл 2017 оноор дуусах уу гэвэл үгүй. Энэ бол зөвхөн эхлэл. Энэ байдал 2023 оныг хүртэл үргэлжилнэ.

 

-Засгийн газар гадны хэд хэдэн эх үүсвэрээс дахин зээл авахаар хөөцөлдөж байгаа тухай мэдээлэл байна?

-Нийт гадаад өр 22 тэрбум ам.долларт хүрчихсэн гэж ярианы эхэнд хэлсэн. Энэ бол санаа зовох асуудал гарцаагүй мөн. Гэтэл үүнийг эрх баригчид огт тоохгүй байна. Харин ч Засгийн газрын гадаад өрийг улам нэмэгдүүлэх арга зам хайж байна. Тухайлбал, БНХАУ-тай 1.3 тэрбум ам.долларын зээлийн гэрээ хийгээд төмөр зам барина гэж ярьж байна. Үүгээр зосгохгүй Эгийн голын усан цахилгаан станцыг санхүүжүүлэх нэг тэрбум ам.долларын асуудал бас яригдаж байгаа. Мөн үүн дээр нэмээд Энэтхэгээс нэг тэрбум ам.долларын зээл авахаар уг асуудал хэлэлцээрийн шатандаа явж байна. Энэ бол Засгийн газрын гадаад өрийг ахин 3.3 тэрбумаар нэмэх асуудал. Нөхцөл байдал даамжирсаар явцын дунд үнэхээр дампуурах асуудалд хүрч болзошгүй байна шүү гэдгийг анхааруулсаар байхад эрх баригчид энэ нь маньд хамаагүй асуудал гэсэн үүднээс хоноцын сэтгэлгээр хандаж байгаад харамсаж байна. Маргааш амьдрах амьдралгүй юм шиг, үр хүүхдүүд нь монголд амьдрахгүй юм шиг ингэж хандаж болохгүй. Одоогийн эрх баригчдыг маш муу хоноц байна л гэж хэлэх байна даа.

 

-Яригдаж буй 3.3 тэрбум ам.долларын зээлийг нэмж авах нь оновчтой шийдэл биш гэж таны зүгээс харж байгаа юм байна тийм үү?

-Оновчтой шийдэл ерөөсөө биш. Энэ бол Монгол улсад алсдаа асар их хохиролтой зээл. Хамгийн гол нь өмнөх зээлүүдийн гашуун туршлага байна. Өмнөх томоохон зээлүүдийн тухайд эргэн төлөгдөх нөхцөл нь маш муу төслүүдээр дамжуулан үрэн таран хийгээд дууссан. Зээлийн зарцуулалт тодорхой бус, яасан ийсэн нь мэдэгдэхгүй байна гэдэг асуудал удаа дараа хөндөгдөж байсан. Гэтэл ийм байхад, өмнөх зээлийг үрэн таран хийсэн өнөөх бүлэглэл нэмж зээл аваад зарцуулна гээд улайрч байгаа нь маш аймшигтай.

 

Эдийн засагч Х.Батсуурьтай хийсэн бидний дараагийн ярилцлага хөрөнгө оруулалт, ам.долларын өсөлт бууралт сэдвийн доор үргэлжлэх болно. Орон сууцны ипотекийн зээл болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар түүнтэй хийсэн өмнөх ярилцлагыг энд дарж үзнэ үү.

 

Р.Улам-Оргих

Санал болгох

Сэтгэгдэл

top