|

Улаанбаатар болон орон нутагт хэрэгжих түрээсийн орон сууц ямар ашигтай вэ?

saikhnaa 2016/02/23 832 0

Улаанбаатар болон орон нутагт хэрэгжих түрээсийн орон сууц ямар ашигтай вэ?

 

Энэ жил түрээсийн байрны хэмээх нэгэн том хөтөлбөр хэрэгжиж эхэлж буй. Энэхүү түрээсийн байрны талаар Барилга Хот Байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нийтлэл бичсэнийг хүргэж байна.

Өнөөдрийн нийгэм эдийн засгийн болон хот төлөвлөлтийн байдал, иргэдийн амьжиргаа суурьшил зэргээс харахад бид хөгжлийн шинэ арга хэлбэрээр нарийн уялдаатай бодлого төлөвлөгөөтэй ажиллах цаг болсныг харуулж байна.

Хотын утаа, ус хөрсний бохирдол, замын түгжрэл, гэмт хэргийн өсөлт, дэд бүтцийн хүрэлцээ муу гээд ар араасаа ургасан эмзэг сэдвүүдээс гадна ядуурал ажилгүйдэл газар авсаар байгаа билээ. Тэгвэл эдгээр бүх асуудлын гол зангилаа нь орон сууцны хүртээмжинд суурилж байна гэхэд буруудахгүй юм. Азийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад барилгын салбар нь олон тооны ажлын байр, хөрөнгө оруулалтыг хэрэгтэй цаг үед нь бий болгож, эдийн засгийн хүндрэлийг давахад гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэгвэл бид ч гэсэн өнөөдөр хямралыг давах, ядуурлыг бууруулах асуудлыг орон сууцжуулах бодлоготойгоо хослуулан шийдэх шаардлагатай болж байна.

Орлогын түвшнөөс хамаарахгүйгээр айл өрх бүр орон сууцанд амьдрах нөхцлийг бүрдүүлж чадвал бид гамшгийн түвшинд хүрээд байгаа эдгээр бүх асуудлуудаа шийдэж чадах юм. Тэгэхээр бид иргэдээ орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхдээ арга замаа өөрчлөх хэрэгтэй болоод байна.

Шинэ арга зам нь юу вэ

Хүн амын дийлэнх нь ядуу байсан Малайз, Хятад, Тайланд зэрэг улсууд орон сууцны хүртээмжийн бодлогыг суурь болгож, тулгамдсан асуудлуудаа аль 2007 онд шийдчихсэн байдаг. Тэд олон жилээр нийтийн байр түрээслэн амьдрах эрхзүйн орчныг бий болгож хэрэгжүүлж чадсан ажээ. Ингэхдээ айл өрх бүрийн орлогод нийцүүлэн сарын түрээсийг тогтоож, бага орлоготой иргэд бага төлөх хэлбэрээр түрээсийн үнийг ангилан хуваарилжээ. Ердөө л энэ.

Манай улсын нийт өрхийн гуравны нэг нь 500.0 мян. төгрөг хүртэл орлоготой бөгөөд орлогынхоо 80 гаруй хувийг зөвхөн хүнсэнд зориулж хоногийн хоолоо залгуулж амьдардаг тэдгээр өрхүүдийн хувьд халаалттай тохилог орон сууцанд орно гэдэг холын хол мөрөөдөл. Төрийн орон сууцны хамгийн бага талбайтай орон сууцаар тооцоход (34 м2, 1 м2=1350.0 мян.төг) 46 сая төгрөг байгаа нь тэдгээр өрхүүдийн жилийн орлогоос 7.7 дахин их байгаа юм. Эндээс тооцоход тэдгээр өрхүүдийн хувьд байр худалдан авах ямар ч боломжгүй бөгөөд урьдчилгаа 30 хувь болох 13.8 сая төгрөгийг ч хуримтлуулах чадваргүй байгаа юм.

Нийгмийн эмзэг бүлэг рүү гулсахад бэлэн байгаа ийм өрхийн тоо нийт хүн амын 30 гаруй хувийг эзэлж байна. Иймд эрсдэлд өртөх магадлалтай, нийгмийн бага дунд орлоготой иргэдийнхээ орон сууцны асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа бөгөөд дээрх асуудлыг шийдэх гол гарц нь Түрээсийн орон сууц хөтөлбөр юм. Мэдээж өөрийн өмчлөлийн орон сууцтай иргэд олон байх тусмаа сайн боловч түрээсийн орон сууцны зах зээлийг тодорхой хэмжээнд хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Тэгвэл Засгийн Газар 2015 оны 248 дугаар тогтоол баталж, ”Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.

"Түрээсийн орон сууцны хөтөлбөр” иргэдэд ямар ашигтай вэ

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан хямд үнэтэй байрыг түрээсээ төлж амьдрах боломжтой, нийгмийн бага, дунд орлоготой иргэдэд түрээслүүлэх зорилготой уг хөтөлбөрт одоогийн байдлаар нийслэлд 350, орон нутагт 579 байр хамрагдахад бэлэн болоод байна. Энэхүү хөтөлбөрт бага, дунд орлоготой залуу гэр бүлгүүд, тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах юм. Дээрх иргэдийн орлогын байдлыг харгалзан түрээсийн төлбөрийг байрны талбайн хэмжээгээс хамаарч нийслэлд сардаа 200.0- 280.0 мян. төг, орон нутагт 140.0-230.0 мян.төг байхаар тогтоогоод байгаа бөгөөд энэ нь бусад түрээсийн байрны үнэтэй харьцуулахад харьцангуй хямд үнэ юм.

Орон сууцны засвар үйлчилгээ, ашиглалтын хэвийн ажиллагааг хангах зэрэг тухайн орон сууцны ая тухтай байдлыг хангахад түрээсийн төлбөрөөс зохицуулах боломжтой юм. Энэ хөтөлбөрт хамрагдана гэдэг тухайн иргэний хувьд бодит хэмнэлт бий боллоо л гэсэн үг. Хэрэв та түрээсийн байранд эсвэл галладаг сууцанд амьдардаг бол таны сарын төлбөр, зардал буурч, бодит хэмнэлтээрээ ирээдүйн байрныхаа 30 хувийг төлөх хуримтлал үүсгэх юм. Үүнээс ч илүү сайхан боломжуудыг бий болгохоор салбарын яамныхан судалж тооцож байна.

Тухайлбал, Нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай иргэдэд 0 түрээс буюу зөвхөн ашиглалтын зардлаа төлөх 5+2 жилийн хугацаатай түрээслэх байрны түрээсийн хөлсөн дээрээ ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийг нэмж, тусгай дансанд төвлөрүүлж, түрээслэнгээ байраа зээлээр авах боломжтой болох

Түрээсийн байрыг иргэдэд өмчлүүлэхдээ 10 жилийн хугацаанд түрээслээд хөнгөлөлттэй үнээр худалдан авах, ингэхдээ тухайн байрны баригдсан өртгийн үнэ буюу стандарт үнийг санал болгох зэрэг хувилбаруудыг судалж байна.

Ийнхүү бага дунд орлоготой иргэдээ дэмжиж, салбарын яамнаас томоохон хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх гэж байна. Иргэдийнхээ хүсэл эрмэлзэл, тав тух дээр суурилсан хөгжлийг бий болгоход энэхүү хөтөлбөр туйлын чухал болоод ач холбогдолтой ажил болж байгааг тэмдэглэхэд баяртай байна.

Барилга Хот Байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ. 
Эх сурвалж: Барилга Хот Байгуулалтын Яам

Санал болгох

Сэтгэгдэл

top