Ардчилсан намын "Төв хорооны Улстөрийн товчоо” түүхэндээ анх удаа ирц нь бүрдээгүйгээс хуралдаж чадалгүй, төрийн ордны нэг танхимыг хоосон өнжөөв. Үндэсний зөвлөлдөх хороо нь гэсэн үг л дээ. Намын дарга нь утсаараа оролдонгоо сууж сууж, нэг том санаа алдаад л гарч яваа харагдана билээ. Өрөвдмөөр ч юм шиг. Ер нь журмын нь нөхөд сонгууль хэмээх асар том тулаан хаяанд ирчихээд байхад хуралдаа ирэхгүй байна гэдэг ямар сайн байх вэ дээ.
АН-ынхан хэцүү, хэцүү. Зуны цагт 100 хуц хариулснаас долоон дор гэдэг юм. Аргадаж тойглохгүй л бол даргынхаа үгэнд орно гэж ёстой гонж шүү дээ. Харин Н.Алтанхуяг зальтай тулдаа яаж ийгээд тэднийхээ арга эвийг олдог байлаа. Тэгвэл одоогийн нь дарга З.Энхболдод чухамхүү тэр л арга эвийг нь олох асуудал дутагддаг учраас журмын нөхдөө цуглуулж чадсангүй гэж дүгнэхээр байлаа.
АН-ын гишүүдийг "маллана” гэдэг зуны цагт 100 хуц хариулахаас долоон дор
Нөгөө талаас МАН, МАХН хоёр сүүлийн үед тун их сүжирч байгаа тул АН хүссэн, хүсээгүй ИЗНН-ыг гуйх хэрэг гарах тул энэ удаагийнхаа хуралдаанаар энэ асуудлыг ярих ёстой байсан учраас тэд хуралдаа ирээгүй юм болов уу даа. Уг нь АН-аас тасарч гарсан ИЗН төрхөмдөө буцаж ирлээ гэхэд хэн ч гайхахгүй нь мэдээж.
Гэвч ирэх сонгуулийн өмнө ИЗН-д хэдэн квот өгөх вэ гэдэг АН-ынхны хувьд чухал байлгүй яав гэж. Тиймээс энэ хуралдаанаар ИЗНН-д өгөх квотын асуудал яригдах учраас ирц бүрдсэнгүй гэж үзэж болно. Яагаад гэхээр нэгэн цагт төрсөн гэрээ орхиод гарсан намынханд өөрийнхөө олон жил бөөцийлсөн "дошийг” хэн ч алдахыг хүсэхгүй шүү дээ.
Хамгийн гол нь хуралдааны ирц бүрдээгүй явдал АН-д бүлэг фракцууд нь амь бөхтэй хэвээр байгааг баталлаа. Уг нь энэ намын дарга З.Энхболд их хурал дээрээ энэ цаг үеэс эхлэн Ардчилсан нам фракцгүй боллоо хэмээн тун сүртэй зарлаж байв. Харин тэр үед танхимд суусан төлөөлөгчдийн ихэнх нь алгаа ёс төдий ташиж байсныг эрхэм намын дарга анзаарсан бол өөрийнхөө нэгэнт тогтсон удирдах арга барилаа 180 хэм эргүүлэх байлаа. Тэгээгүй.
Нөгөө л чанга хатуу, бүхнийг яс тулгаж, хүчээр шийддэг арга барилаа огт тавиагүйн хар гайгаар намын нь гишүүд түүнээс улам бүр зай барих болсны амьд жишээ энэ. Хуралдаа ирэхгүй байна гэдэг чинь нөгөө талдаа даргаа л эсэргүүцэж байгаа хэрэг шүү дээ.
Түүнээс биш АН-ынхан энэ байтугай асуудлыг хурал дээрээ хэрэлдэж, зодолдож байгаад шийддэг байсан юм. Энэ удаа тэгсэнгүй. Ирсэнгүй. Шалтгаан нь АН-ын дарга З.Энхболдын шазруун зан, гөжүүд төрх, хүнтэй ажиллах хүйтэн хөндий арга барил. Өөр юу ч биш. Ингэхэд АН-ын гишүүдийг "маллана” гэдэг зуны цагт 100 хуц хариулахаас долоон дор гэдгийг эрхэм даргын сонорт дахин хүргэе.
24tsag.mn