|

Төмрийн хүдрийн үнийн төлөв байдал

saikhnaa 2016/01/11 1016 0

Төмрийн хүдрийн үнийн төлөв байдал

 

Хэдийгээр шинжээчдийн таамаглалууд хоорондоо илт зөрөх нь байнга тохиолддог боловч төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнийн талаар таамаглал дэвшүүлэх нь маш адармаатай зүйл гэдэгтэй тэд бүгд санал нэгддэг.  Учир нь, зах зээлийн үнэ, эрэлт нийлүүлэлт, чиг хандлагад маш олон хүчин зүйл нөлөөлдөг учраас тэр.
Дэлхий дээрх төмрийн хүдрийн хамгийн том хэрэглэгч болох Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан нь үнэ ханшид нөлөөлсөөр байна. 2015 оны 1 дүгээр сард 70 доллар/тн байсан үнэ одоо 40 орчим долларт эргэлдэж байна. 5 жилийн өмнө үнэ 191 долларт хүрч байсан "алтан үе” нэгэнт ард хоцорчээ.Хамгийн гол нь Хятадын ган хайлах үйлдвэрүүдийн байдал тун хэцүү байгаа учраас ойрын болон дунд хугацаан дахь үнийн төсөөллийг гаргахад хүндрэлтэй байгаа юм.
BMI Research байгууллагын судалгаагаар бол, 2016 онд төмрийн хүдрийн зах зээл зогсонги хэвээр байх нь. Дэлхийн томоохон уурхайнууд хямд түүхий эд нийлүүлсээр байгаа, Хятадын зах зээлд эрэлт буурсаар байгаа болон долларын ханш чангарсан нь үүнд голлон нөлөөлөх юм.Дээрх байгууллагын дэвшүүлсэн таамаглалаар, 2015 онд төмрийн хүдрийн үнэ 45-55 долларын хооронд хэлбэлзэх ажээ. Энэ бол бусад агентлагуудынхтай харьцуулахад хамаагүй илүү өөдрөг төсөөлөл.
Өнгөрсөн 2015 онд төмрийн хүдрийн үнэ 21 хувиар унасан нь Австралийн Рио Тинто, Би-Эич-Пи Биллитон /BHP Billiton/ болон Бразилын Vale SA компаниуд бүтээгдэхүүнээ хямд үнээр нийлүүлсээр байгаа, түүнчлэн Хятадын зах зээлд эрэлт буурснаас голлон шалтгаалсан билээ.
Ерөнхий төлвийг ажвал, Хятад улсад гангийн хэрэглээ 2019 оныг хүртэлх хугацаанд жил бүр 1,3 хувиар буурах төлөвтэй байна. Дээр дурдсан "аваргууд” өрсөлдөгчдөө зах зээлээс шахахын тулд нийлүүлэлтээ зориуд өсгөсөөр байгаа юм. "Акулууд”-ын хэрэгжүүлж буй аархуу тактикийн улмаас зах зээл дээр бүтээгдэхүүний асар их илүүдэл хуримтлагдаж, 2015 онд үнэ ханш 45 хувиар, 2011 оны оргил үетэй харьцуулахад даруй 80 хувиар унахад хүрсэн билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр, Хятадын зах зээл дээр нэг тонн төмрийн хүдрийн үнэ дунджаар 38,3 долл./тн байна.
Америкийн хөрөнгө оруулалтын Голдман Сакс банкны шинжээчид төмрийн хүдрийн үнэ ойрын 3 жилийн хугацаанд 40 доллар/тонн-оос дотогш орно гэсэн таамаг дэвшүүллээ. Тодруулбал, энэ онд 60 болон түүнээс дээш хувийн агуулгатай төмрийн хүдрийн биржийн үнэ 38 доллар/тн байх нь. Харин 2017-2018 онд 35 доллар/тн болж ханш улам сулрах хандлагатай байгаа аж.
Үүний сацуу, тус банкныхан урт хугацаан дахь үнийн төсөөллөө ч мөн танилцуулсан байна. Тодруулбал, 2040 он гэхэд Хятадын зах зээл дэх төмрийн хүдрийн эрэлт 50 орчим хувиар буурах бөгөөд энэ нь гангийн үйлдвэрлэл хумигдаж, харин хаягдал төмрийг дахин хайлж боловсруулах технологийг илүү өргөнөөр ашиглана гэсэн таамаглалтай холбоотой.
Дашрамд сонирхуулахад, Хятад улс жилд 1,3 тэрбум тонн төмрийн хүдэр олборлохын зэрэгцээ 628 сая тонныг импортолдог дэлхий дээр хамгийн их хэрэглээтэй улс ажээ. Тус улсын төмрийн хүдрийн нөөц 12,8 тэрбум тонн байгаа нь 16 жилд хүрэлцэх хэмжээ юм.
Төмрийн хүдрийн экспортын хэмжээгээр /767 сая тонн/ дэлхийд тэргүүлдэг Австралийн улсын шинжээчид ч мөн адил урьд нь гаргасан үнийн төсөөллөө буурууллаа. Тодруулбал, тус улсын Аж үйлдвэрийн яамны таамаглалаар, үнэ ханш энэ онд дунджаар 41,3 доллар/тн байх аж. Энэ нь Австралийн боомтуудаас ачигдаж буй төмрийн хүдрийн үнэ юм. Экспортынх нь орлогыг голлон бүрдүүлэгч түүхий эдийн үнэ 2015 онд 43 хувиар уначихаад байхад австраличууд экспортоо улам нэмэгдүүлж 868 сая тоннд хүргэх зорилт тавьсан байх юм.
Төмрийн хүдрийн үнэ ханш 40 доллар/тн буюу "сэтгэлзүйн саад”-аас дотогш унасан нь томоохон компаниудыг ч  алдагдалтай ажиллахад хүргэнэ. Гэсэн хэдий ч тэд зах зээлийн сегментийнхээ багахан хэсгийг ч сайн дураараа тавьж өгөх хүсэлгүй байгаа нь илт бөгөөд тэртэй тэргүй ханачихаад байгаа зах зээлд түүхий эдийг замбараагүй "цутгасаар” байна.
"Их дөрвөл” гэгддэг Бразилын Vale, Австралийн Рио Тинто, BHP болон Fortescue Metals Group гэсэн аварга компаниудын хувьд үнэ 40-өөс доошлох үед алдагдал хүлээж эхэлнэ  гэсэн тооцоо бий. Тээврийн болон бусад зардлыг тооцож үзэхэд "Их дөрвөл”-ийн хувьд алдагдал хүлээх цэг буюу ашиг олох доод хязгаар нь 28-39 долларын хооронд хэлбэлздэг аж. Энэ бол Лондоны Capital Economics хэмээх зөвлөгөө өгөх компанийн шинжээчдийн хийсэн судалгааны дүн. Рио Тинто-гийн хувьд дээрх үзүүлэлт 30 доллар байх жишээтэй. "Их дөрвөл”-ийн хувьд хувьцааных нь ханш 33-78 хувь хүртэл уначихаад байгаа энэ үед ч гэсэн стратегиа өөрчлөх бодолгүй байна. Цаашдаа салбарын "акулууд” олборлолтоо улам өсгөх аваас уг салбарт ажилладаг жижиг болон дунд уурхайнуудын 50 хувь нь хаалгаа барихаас аргагүйд хүрэх нь.
Түүний зэрэгцээ, Fitch Ratings агентлагийн хийсэн судалгаагаар, 2016-2017 оны хугацаанд дэлхийн зах зээлд нийлүүлэх түүхий эдийн хэмжээ 145 сая тонноор нэмэгдэх учраас үнэ сэргэх үйл явцыг удаашруулах төдийгүй ханшийг улам унагах үр дагавартай. Улмаар 2019 он гэхэд дэлхий даяар илүүдэл нөөцийн хэмжээ 490 сая тоннд хүрнэ гэсэн тооцооллыг дээрх агентлаг хийжээ.
Зарим шинжээчдийн "баргар” төсөөллөөр бол, хэт илүүдлээс үүдэн 2017 онд үнэ ханш огцом савлаж 30 доллароос ч бууж, 20 доллар дотор орж ирэх ба ингэж хоромхон зуур уналтын доод цэгтээ хүрснийхээ дараа эргээд сэргэх үйл явц эхэлж магадгүй юм.
Дашрамд сонирхуулахад, төмрийн хүдрийн үнэ 30-40 жилийн өмнө маш хямдхан байжээ. Олон улсын валютын сангийн мэдээллээр, 1988 онд урт хугацааны хэлцлээр нэг тонн хүдрийг 10,5 доллароор нийлүүлж байсан аж.
Эцэст нь, хөрөнгө оруулалтын Морган Стэнли банкны ерөнхий эдийн засагчаар ажиллаж байсан Энди Ши-гийн /Andy Xie/ үзэж байгаагаар бол энэ онд үнэ ханш 40 доллароос доошлох аж. Тэрбээр дүгнэхдээ "хөрөнгө оруулалтын үүднээс харвал, төмрийн хүдэр олборлолтын салбар нь олон жилийн туршид хямд түүхий эд нийлүүлж, бага хэмжээтэй боловч тогтвортой ашиг олж ажиллана” гэжээ. Энэ хүний дүгнэлтийг зориуд иш татдаг нь учиртай. Ноён Ши 2012 онд нэг тонн нь 129 долларт хүрээд байсан төмрийн хүдрийн үнийг 40 доллар болж навс унана гэдгийг урьдчилан хэлж байсан хүн юм. Тухайн үед Рио Тинто-гийн босс Сэм Уолш эл таамаглалыг "итгэхэд дэндүү бэрх төсөөлөл” гэж байв.
 Б.Адъяахүү   
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

top