|

Монгол бөхчүүдийн ёс жудаг хаачаа вэ

saikhnaa 2016/01/07 1043 0

Монгол бөхчүүдийн ёс жудаг хаачаа вэ

 

Монголчууд эрийн гурван наадмаа үзэж цэнгэдэг эгэлгүй ард түмэн. Тэр дундаа үндэсний бөхчүүдийнхээ уран барилдааныг уухайлан үзэж, ам уралдан ярьж, хэн гэгч бөх илүү өнгөтэй сайхан жавхаатай, бяртай харагдана, хэн гэгч хүчтэний хүч суларч, барилдахаа больсон талаар ч ам уралдуулан ярилцахаас гадна анализ хийж хардаг билээ. Ийнхүү төр түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн бөхчүүд сүүлийн үед хэл ам татлах, цаашлаад хэцүү нэртийн хаалга ч татах явдал энүүхэнд болжээ.

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр ийм байдлаас болж монгол бөхчүүдийн ёс жудаг алдагдаж, мөрөөрөө яваа бусдынх нь нэр төр сүүдэртээд байгаа нь дэндүү харамсалтай. Үнэндээ монгол бөхийн ёс жудаг, эр хүний сайхан төлөвшилтийг орхигдуулж байна. Хэдий хувь хүний ухамсарын асуудал гэж бодлоо ч төрийнхээ хайр хишгийг дааж, түмэн олныхоо цэнгэлийн манлай болсон бөхчүүд хэрэгт төвөгт орооцолдоно гэдэг байж боломгүй асуудал баймаар юм.

Олон нийтийн газар биеэ зөв зохистой авч явж чадахгүй, эрэндээ бардаж, аандаа аархаж зодоон цохио хийх, элдэв хэрэг төвөгт шүүхийн хаалга татсан асуудал цөөнгүй бий. Түүнээс гадна, залилан, хууль бус наймааны хэргээр шүүхийн хаалга татсан тохиолдол бий.

Хамгийн сүүлд гэхэд, өнгөрсөн даваа гаригт Улсын заан, хурандаа Ц.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж, түүнд чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хоригдох ялыг оноож, түүнийг хорих анги руу шууд ачсан юм. Ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн заан маань бусдыг залилалж, их хэмжээний эд хөрөнгө, мөнгө төгрөг хувьдаа завшсан хэргээр ийнхүү яллагдав.

Тэрбээр шүүх хурал дээр учруулсан хор хохирлоо хэдий барагдуулсан гэдгээ тайлбарлаж хэлсэн ч шүүх ийм шийдвэр гаргасанд ар гэрийнхэн бол өөрөө ч сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлж, дараагийн шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн байгаа. Түүнээс гадна одоогоос таван жилийн өмнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, Улсын начин Ц.Улаанхүү хар тамхины хэргээр шүүхээс мөн л 11 жилийн хорих ял сонсч, ялаа эдэлсэн билээ.

Түүний хувьд хар тамхи, мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодисыг гэртээ хадгалж байсан, бусдад худалдахыг санаархсан, зөөвөрлөхийг завдсан гэх хэргээр гурван шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хоригдохоор яллагдаж байсан юм. Харин тэгвэл саяхан батлагдан гарсан Өршөөлийн тухай хуулиар хар тамхины хэргээр хоригдож байсан ялтнуудаас 9 хүн суллагдсаны нэг нь Улсын начин Ц.Улаанхүү байжээ. Түүний өндөр насыг нь бодож, ийнхүү наранд гаргасан байна.

Мөн түүнчлэн Улсын харцага Г.Намсрайжавт холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн 2012 онд шийдвэрлэж, гурван сарын баривчлах ял оноож байсан удаатай. Тэрбээр согтуурсан үедээ замын цагдаад эр бяраа гаргаж, зодож биед нь гэмтэл учруулсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж, улмаар хэрэг нь шүүхээр таслагдаж байсан юм. Дараагийн нэг баримт гэвэл Улсын начин Б.Одхүү танхайн хэргээр байнга хуулийн байгууллагын хаалга татдаг нэгэн.

Тэрбээр өнгөрсөн 2013 онд "Гарден” ресторанд Улсын заан Ц.Баярсайханыг, Олимпийн аварга Н.Түвшинбаяр нарыг зодож танхайрсан хэргээр шалгагдаж, Хан-Уул дүүргийн шүүхээс түүнд таван жил,нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл тэрбээр ялаа эдэлж байгаад суллагдсан тэрбээр одоо "томоожиж” Монгол бөхийн өргөөнд хөлийн цэц хийж явна.

Түүнээс гадна улс, аймгийн алдар цолтой бөхчүүд өнгөрсөн 2012 онд "River sounds" бааранд үйлчлүүлж байсан хоёр залууг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарч байсан удаатай. Нэр бүхий хоёр бөхөд танхайн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан хэдий ч хэрэг нь тэгсхийгээд намжиж байлаа. Мөн түүнчлэн аймгийн арслан хүчингийн хэрэгт ч холбогдож байсан мэдээлэл гарч байсан.

Энэ мэтчилэн бөхчүүд овлигогүй зан гаргаж, хүч хэрэглэж, бусдыг дээрэлхэж, гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарсаар байгаа юм. Хамгийн гол нь ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж, уран хурц барилдаанаараа мэлмий баясгаж, сонор мялааж явах ёстой байтал онцгүй үйлдлээрээ олны анхаарлыг татаж, хэл аманд орох нь тийм ч таатай асуудал биш баймаар юм даа.

Ямартаа ч олон нийтэд мэдэгдсэн дээрх хэргүүд хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх мэдээлэл дэлгэрэнгүй байгаа бол үүний цаана олон нийтэд мэдэгдээгүй үйлдэгдсэн хэргүүд хав дарагдаад өнгөрсөн байхыг үгүйсгэхгүй юмаа. Дашрамд сонирхуулахад бөхчүүд гаргасан амжилтаа тэрбум, тэрбумаар үнэлүүлдэг ч гэнэтийн ашгийн албан татвараа улсад төлдөггүй гэсэн яриа ч бий.

Амжилт гаргасан бөхчүүдэдээ аймаг, сумдын удирдлагууд байдаг хөрөнгө мөнгөө бариад гүйдэг нь үнэн. Хэдэн саяар үнэлэгдэх байр, машин бэлгэнд авдаг учир тэд гэнэтийн ашгийн албан татварын 10 хувийг улсад тушаах ёстой. Гэтэл бөхчүүдийг татвараа төлдөггүй гэж хүмүүс ярьдаг юм билээ.

Сум орон нутагт бүтээн байгуулалт өрнүүлэх барих хөрөнгөөр бөхчүүдийг шагнаж урамшуулж, тансаглуулдаг гэх хардлага байдгийг ч нуухгүй. Нөгөөтэйгүүр "бөхийн буян их шүү, ханцуй дотроо залбирч хүртээрэй” гэсэн үг үнэний ортой ч тэд нэгийг бодож нөгөөг тунгаах хэрэгтэй дээ.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

top