|

Өмнөд Солонгос армиа байлдааны бэлэн байдалд оруулжээ

saikhnaa 2016/01/07 930 0

Өмнөд Солонгос армиа байлдааны бэлэн байдалд оруулжээ

 

Өнөөдөр Хойд Солонгосын Төв телевиз "БНАСАУ устөрөгчийн бөмбөгний туршилтыг амжилттай явууллаа. Энэ бол түүхэн үйл явдал” гэж мэдээллээ. Мөн Америкийн империалистууд түрэмгий бодлогоо явуулсаар байгаа цагт улс эх орныхоо батлан хамгаалах хүчин чадлыг зузаатгасаар байх болно гэдгээ зарласан. Гэхдээ энэхүү бөмбөгийг эх орныхоо технологийг ашиглан бүтээсэн бөгөөд манай улсад  халдахгүй бол цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэдгээ мэдэгдсэн. 

Хойд Солонгост 4.2-5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг олон улсын шинжээчид тогтоосон бөгөөд энэ нь байгалийн газар хөдлөлт биш байна хэмээн дүгнэж байсан юм. Газар хөдлөлт өнөө өглөө Улаанбаатарын цагаар есөн цагт мэдрэгдсэн байна. Хойд Солонгосын цөмийн полигон Пангги-ри (Punggye-ri)-гийн ойролцоо газар хөдлөлтийн төв байсан тул тэднийг цөмийн туршилт хийсэн байж магадгүй хэмээн сэжиглэхэд хүргэсэн билээ. Удалгүй Хойд Солонгосоос албан ёсны мэдэгдэл хийж, сэжиг таамаг үнэн зөв байсныг нотоллоо. 

Өнгөрсөн сарын 10-нд Пхеньян хотын зэвсгийн үйлдвэрийн ажилтай танилцах үеэрээ Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун "Бид улс эх орноо хамгаалж чадах устөрөгчийн бөмбөгтэй улс боллоо” гэж мэдэгдсэн ч гадаадын шинжээчид ач холбогдол өгөөгүй.

Тэр байтугай Өмнөд Солонгос "Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг хийх технологи олсон байх. Түүнээс биш тэдэнд бөмбөг байхгүй” гэж мэдэгдэж байсан юм. Өнөөдрийн туршилт хүртэл гадаадын ямар ч тусгай алба, тагнуулын газар Хойд Солонгосыг устөрөгчийн бөмбөгтэй гэдгийг мэдээгүй байлаа. 2015 оны тавдугаар сард тус улсын засгийн газар пуужинд байрлуулах цөмийн хошууны хэмжээг багасгах шинэ технологитой болсноо зарлаж байсан.

Мөн 2014 оны гуравдугаар сард цөмийн туршилт хийж магадгүй гэдгээ ч мэдэгдэж байлаа. Хойд Солонгос 2005 онд цөмийн зэвсэгтэй гүрэн болсноос хойш 2006, 2009, 2013 онуудад газар дор цөмийн зэвсгийн туршилт хийж байсан. Ингэснээр НҮБ-иас тэдэнд хориг арга хэмжээ аваад байсан юм.

БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаар ОХУ, АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгосын зургаан талт хэлэлцээр явагддаг байсан ч Хойд Солонгос 2009 оноос хойш оролцохоо больсон.   

Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршсантай холбоотойгоор АНУ, Япон, Өмнөд Солонгос улсын тусгай албад шуурхай зөвлөгөөн хийж эхлээд байна. Японы засгийн газраас хяналтын онгоц илгээж, цацраг идэвхт бодис тархсан эсэхийг шалгасан бол Өмнөд Солонгос улс армиа байлдааны бэлэн байдалд оруулжээ.

Мөн Өмнөд Солонгос "Хойд Солонгос НҮБ-ийн аюулгүй байдлын тогтоолыг зөрчлөө. Бид тэдэнд устөрөгчийн бөмбөг туршсаных нь хариуг чанга гэгч нь өгнө” гэж мэдэгдсэн. НҮБ-ийн Аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлаар шуурхай хуралдаан зарлан хуралдуулж байна. 

М.Сугараа

Санал болгох

Сэтгэгдэл

top