|

Дуучин Г.Ариунбаатар Буриад улсын иргэн болохоор шийджээ

saikhnaa 2015/11/27 1143 0
Монгол улсын болон ОХУ-ын Буриад улсын гавъяат жүжигчин, П.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны Гран-при шагналт дуучин Г.Ариунбаатар Улаан-Үд хотод орон сууц худалдан авахаар хөөцөлдөж байгаа хэмээн Буриадын ulanmedia.ru сайт өчигдөр мэдээлэв. Тэрбээр Чайковскийн нэрэмжит уралдааны шагналын мөнгөнөөсөө үүнд зарцуулах гэж байгаа бөгөөд байр авах болсон шалтгаан нь, дуурийн театр нь хэзээд үзэгчдээр дүүрэн байдаг Улаан-Үд хотод байнга оршин суух хүсэлтэй байгаагийнх хэмээн тус сайт бичжээ. "Би дэлхийн олон оронд тоглосон. Гэхдээ Буриадын үзэгчид бусдаас үнэхээр онцгой.
 Ондоо газар бол би тайзан дээр гараад сандардаггүй бол энд гарах бүртээ догдолж, эмээж байдаг. Буриадын тайзан дээр тоглохдоо би хэзээд аз жаргалтай байдаг” хэмээн тэрбээр саяхан болсон хэвлэлийн бага хурал дээр ярьсныг тус сайт иш татсан байна. Г.Ариунбаатар ирэх бямба гарагт Улаан-Үдийн театрт бие даасан тоглолтоо хийх бөгөөд мэргэжлийн болон орос хэлний бэлтгэл дээр нь түүний багш, Буриадын дуурь бүжгийн улсын академик театрын концертмейстер, ОХУ-ын Ардын жүжигчин Дариймаа Линховоин хамтран ажиллаж байгаа аж. "Орос хэл их хэцүү хэл. Гэхдээ би энд нэг жил болчихсон юм чинь удахгүй ярьдаг болчих байх” хэмээн тэрбээр хэлсэн байна.    
Б.Энхзул 
Эх сурвалж:tonshuul.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top