|

Сэжигтэнг цагдан хорьж эрүүл мэндээр нь хохироосоор байх уу

saikhnaa 2015/11/25 1895 198

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас авлигын хэрэгт буруутган цагдан хориод 20 хонож байна. Гэхдээ яг авлига авсан гэдэг нь эцсийн байдлаар тогтоогоогүй. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Тэгвэл Г.Шийлэгдамба цагдан хоригдож байх хугацаанд зүрхний өвчин нь сэдэрсэн гэдгийг өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь удаа дараа мэдэгдэж, прокурорт батлан даалтад гаргах хүсэлтээ уламжилсаар байгаа билээ.

"Саатуулагдсан албан тушаалтан болгоны хууч өвчин сэдэрч, батлан даалтад гарах гэлээ” хэмээн иргэд буруутгадаг. Гэвч хорих газар хууч өвчтэй битгий хэл эрүүл хүн ч өвчний үүр болдог талаар өршөөлд хамрагдсан иргэдтэй уулзах үеэр ярьж байв.

Гэвч манайд өвчтэй хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад цагдан хорьж, шийтгэдэг явдал байсаар л байна. Үүнээс болж амь насаа алдсан тохиолдол бий.

Тодруулбал, Газрын тосны газрын дарга Д.Амарсайханг мөн л АТГ-аас авлигын хэрэгт буруутган саатуулсан. Саатуулагдаж байх хугацаанд Д.Амарсайханы өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь зүрхний өвчин сэдэрсэн тул батлан даалтад гаргаж өгнө хэмээн удаа дараа хандсаар байсан. Гэвч цагдан хорих хугацааг сунгасаар зургаан сарын дараа цагдан хоригдож байхдаа зүрхний шигдээс болж нас барсан байдаг.

Урьдчилсан байдлаар Д.Амарсайханы үхлийн шалтгааныг зүрхний шигдээс буюу инфаркт гэж тогтоосон. Харин эцсийн байдлаар юу гэж тогтоосон нь тодорхой бус. Бүгд л арьсаа хамгаалсан мэдэгдэл хийсээр хууч өвчтэй байснаараа Д.Амарсайхан гэх хүн золиос болж л хоцорсон билээ. Хамгийн гол нь Д.Амарсайханы холбогдсон гэх хэрэг шүүхийн шатанд явсаар эцэстээ хэрэгсэхгүй болсон. Эндээс хэрвээ Д.Амарсайхан амьд байсан бол гэх харамсал төрж байгаа биз. 

Тэгвэл яг одоо цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Г.Шийлэгдамбын өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь зүрхний өвчин сэдэрсэн тул батлан даалтад гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг прокурорт удаа дараа гаргасаар байгаа юм. Гэвч батлан даалтад гаргах нь битгий хэл цагдан хорих хугацааг сунгасаар байна.

Үүнээс болж Д.Амарсайханд тохиолдсон явдал Г.Шийлэгдамбад тохиовол яах вэ. Өмнөх шигээ арьсаа хамгаалж, хууч өвчтэй байсан нь гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хохироод үлдэх үү.

Нэгэнтээ нэр хүндтэй, буцах хаягтай хүнийг гадуур байцааж яагаад болдоггүй юм бол. Байцаалтын явцад оргон зайлах гээд байгаа бол батлан даалтыг л чанартай хийлгүүлж болмоор. Намын дарга, Засгийн газрын тэргүүнээр гарын үсэг зуруулж батлан даалт гаргуулсан ч яахав дээ. Энд авлига авсан гэхээсээ илүүтэйгээ хувь хүний эрүүл мэнд амь нас яригдаж байна шүү дээ.

Шүүх эцсийн байдлаар гэм буруутайг тогтооно хэмээн манай хуулийнхан хэвлэлийнхний амыг таглах дуртай. Тэгвэл гэм буруу нь эцсийн байдлаар тогтоогдоогүй сэжигтэнг цагдан хорьж эрүүл мэндээр нь хохироосоор байх уу, хуулийнхаан.

А.Аюуш

Санал болгох

Сэтгэгдэл

top