|

Эрдэнэтийн ДЦС-ыг 53.8 сая ам.доллароор шинэчилнэ

saikhnaa 2015/11/24 1129 0

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийн төслийн ажлыг шуурхай хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан тус төслийн нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг Хөгжлийн банкны гүүрэн санхүүжилтийн механизмаар шийдвэрлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд Засгийн газрын хуралдаанаарс зөвшөөрлөө.

 

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөлийн төслийг хэрэгжүүлснээр цахилгаан эрчим хүчний дутагдаж буй хэрэглээг тодорхой хэмжээнд хаах, ОХУ-аас авч байгаа импортын эрчим хүчний хэмжээг бууруулах, станцын үйлдвэрлэлийн хэмжээ 2 дахин нэмэгдэж, 1кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх өөрийн өртгийг 41.32 төгрөгөөр бууруулан 67.48 төгрөг болж, системийн алдагдал жилдээ 7.0 төгрөгөөр буурах ач холбогдолтой юм.

 

Станцын өргөтгөлийн төслийн хүрээнд 35 МВт-ын турбингенераторыг шинээр суурилуулж, хими, ус цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүдийг шинэчилж, сүлжээний групп бойлерийг ялтсан бойлероор сольж, ус хөргөх цамхаг шинээр барих, цахилгаан хангамж бусад туслах тоноглолын шинэчлэлийн ажлууд хийгдэх юм.

 

"Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хүчин чадлыг өргөтгөх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг гүйцэтгэхээр шалгарсан компанитай гэрээ байгуулж, төслийг 53.8 сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болголоо.

Санал болгох

Сэтгэгдэл

top