10-р сарын 29-нд УИХ-аас "Өршөөл үзүүлэх тухай” хуулийг батлан гаргасан. Ингэснээр манай аймагт ажиллаж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа 437-р хорих ангиас 65 хүн суллагдахаар болж байна. Тэдний 19 нь манай аймгийн харьяат иргэн гэнэ.
Түүнээс гадна бусад орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хорих ангиудаас манай аймгийн харьяат 37 хүн суллагдаж байна. Эдгээр иргэд нь 2-5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.
Үүнтэй холбогдуулан АЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газар хамтран эдгээр хүмүүсийг хүлээн авч уулзах юм байна. Мөн тэднийг нийгэмшүүлэх, хаягийн бүртгэлд хамруулах, ажлын байртай болгоход анхаарч ажиллах гэнэ.
Түүнээс гадна анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж шүүхээс тэнсэн харгалзах ял сонссон иргэд өршөөлд хамрагдана. Манай аймгийн хувьд тэнсэн харгалзах ял эдэлж буй 190 орчим, эрх хасагдах ялтай 25 иргэн өршөөгдөж байна. Мөн өршөөлийн хуулийн дагуу зарим төрлийн гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж буй тодорхой тооны иргэд ялын хугацаанаасаа хасуулахаар боллоо.
erdenetinfo.mn