Ахмад настнуудын зүгээс эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгодог эмийг сар бүрийн 5-аас хойш буюу тэтгэвэр бууснаас хойш тараах боломжтой эсэхийг тодруулж өгөхийг хүссэн юм. Энэхүү саналын дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлдэг эмийн үнийн хөнгөлөлтийн талаар албаны хүнээс тодруулахад хөнгөлөлттэй үнээр олгогддог эмийг худалдаалах хугацааг тогтоосон тодорхой заалт байхгүйг хэллээ. Өөрөөр хэлбэл тухайн эмийн санд олгогдсон санхүүжилт дуусах хүртэл хөнгөлөлттэй үнээр эм олгогддог юм байна.
Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч буюу сар бүр эрүүл мэндийн даатгалд төлбөр төлдөг 0-оос дээш насны бүх хүн өрх сум багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг ЭМ-ийн даатгалын сангаас төлөхийг хэлдэг.
Манай аймгийн тухайд хөнгөлөлттэй эм олгодог 16 эмийн сангаар дамжуулан 28 бүлгийн 134 нэр төрөл, 218 тунгийн эмийг хөнгөлөлттэй үнээр олгож байна. Аймгийн хэмжээнд жилд нийт 418,4 сая төгрөгийн санхүүжилтийг дээрх эмийн сангуудад хуваан олгодог.
Эмийн сан тус бүрт ногдох хүн ам болон гүйцэтгэл зэргийг харгалзан үзэж санхүүжилтийг олгодог учраас эмийн сангуудад харилцан адилгүй санхүүжилт оногддог байна. Тиймээс хөнгөлөлттэй эм олгох нь тухайн эмийн сангийн төлөвлөгөөт санхүүжилттэй холбоотой гэж ойлгож болох юм.
Түүнчлэн эмийн сангууд сар бүр ногдох санхүүжилтээ дуустал хөнгөлөлттэй үнээр эм олгож гүйцэтгэлээ буюу нэхэмжлэхээ тухайн сард олгогдсон эмийн жортойгоо нийгмийн даатгалын хэлтэс, эрүүл мэндийн албанд ирүүлж хянагддаг байна.
Эрүүл мэндийн даатгалд сар бүр төлбөр төлдөг хирнээ ямар нэгэн хөнгөлөлт урамшуулал авдаггүй, хөнгөлөлт урамшууллын талаар ямар нэгэн мэдээлэлгүй байх нь цөөнгүй байдаг. Тэгвэл дан ганц тэтгэврийн насны ахмадууд гэлтгүй эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн бүр эмийн үнийн хөнгөлөлтийг эдлэх боломжтойг албаны хүн онцоллоо.