Монголчуудад "араб загвар” ихэд тохирох тухай яриа гараадахсан. Дамшиглаж хэлсэн энэ үгэнд зарим нь бүр үнэмшчихсэн барилгын салбараа хятадуудад, машин засвараа вьетнамуудад, гэр ахуйгаа филиппинчүүдээр, хоол үйлчилгээний салбарыг солонгосчуудаар хийлгэсээр байх нь бидэнд илүү дээр гэж боддог бололтой юм. Одоо харин үүн дээр хуулийн салбар нэмэгдэж байгааг мэдэж байгаа нь хэд байгаа бол.
Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн дагууд Монгол Улсын хуулийн салбарт зөвхөн хуулийн салбарт ажиллах тусгай зөвшөөрөл авсан этгээд хуулийн ажил эрхлэх эрхтэй байдаг. Гэтэл Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа хуулиас давсан журам гаргаж, гадаадын хуульчдыг Монгол Улсын хуулийн зөвлөгөө өгөх үүд хаалгыг цэлийтэл нээж орхижээ. Энэ журмын лоббиг Монгол дахь нэгэн Элчин сайдын яам хийсэн гэсэн яриа ч хуульчдын дунд байна.
Уг нь хуулийн заалт энэ: "36.11. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гадаад улсад авсан иргэн Монгол Улсад уг үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой харилцааг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна”...
Энэ заалт нь тухайн гадаад иргэн Монгол Улсад хуулийн чиглэлээр ажиллаж зөвхөн тухайн зөвшөөрөл авсан улсынхаа хуулийн зөвлөгөөг өгөх ёстой гэсэн хуулийн шаардлага. Гэтэл сайд асан Х.Тэмүүжин гадаадын хуульчдыг Монголд ирж монголын хуулийн салбарт дураараа дургих боломжийг нээж өгсөн юм.
Азийн бүх орон гадаадын хуульчдыг ажиллуулах хуультай байдаг. БНСУ гэхэд саяхныг болтол нэг ч гадаадын хуулийн фирмийг нутагтаа оруулаагүй. Оруулж ирэхдээ гадны хуульч гэдгээр бүртгүүлээд, зөвхөн гадны хуулиараа зөвлөгөө өгөхийг зөвшөөрдөг. Нью-Йоркийн хуульч Америкийн хуулиараа Монголд зөвлөгөө өгөх ёстой гэсэн үг. Гэтэл Х.Тэмүүжингийн "тэжээсэн” гадаадын хуульчид гадаадад сургууль төгсөж ирчихээд Монгол Улсын хуулиар хууль зүйн зөвлөгөө өгч байна. Өөрсдийн толгой хүрэхгүй хэрэг дээр дороо монгол хуульчдыг авч ажиллуулж байна.
Монгол хуульчид томоохон гэрээ хэлцэл, хэргүүд дээр ажиллах чадвартай юу? "Рио Тинто”-гийн төвшинд хүрч мэтгэлцэх сайн хуульч манайд байна уу? Гадаад хуульчдыг хөлслөх "дуртай” улс төрчид ингэж асуугаад "Монголын хамаг сайн хуульчдыг нэг баг болгоод болгоод "Хан ресурс” дээр ялагдаа биз дээ” гэж өөрсдийн хэлснээ зөвтгөдөг юм.
Үүнд шуудхан хариулья. Монгол хуульчид гадаадын хуульчдын дор ажиллах биш, гадаадын хуульчид монгол хуульчийн дор ажилладаг байх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, оюуны шандас шаардсан томоохон гэрээ хэлцэл, хэргийн зарим заалт дээр монгол хуульчдын мэдлэг, туршлага хүрэхгүй байж болно. Үүнийг одоохондоо хүлээн зөвшөөрч болно. Гэхдээ манайхан туршлага дутах зүйлдээ гадаадын хуульч хөлслөөд авах гарц бэлээхэн байна шүү дээ. Энэ нь олон давуу талыг бидэнд бий болгоно.
Ингэж бид олон улсын хууль, эрх зүйн сайн мэдлэгийг олж авна. Ингэж бид гадаадын хуульчдын оюуны шүүсийг шахаж, өөрийн орондоо нутагшуулж чадна. Дэлхийгээр дүүрэн сайн хуульчид байна. Туршлага дутах асуудал дээр гадаадын хуульч хөлсөлж авах нь дэлхийд байдаг нийтлэг жишиг юм.
Монгол Улсын Засгийн газар сая сая ам.доллараар гадаадын хуульчдыг хөлслөн авч ажиллуулж байгаа нь тун харамсалтай. АНУ-ын "Painter law firm” нэртэй, гэр бүлийн хоёр хүнээс бүрддэг гэх компани Монгол Улсын Засгийн газраас 17.5 тэрбум төгрөг "салгасан” дуулиан саяхных. Төмөр замын төсөл дээр 5.6 сая ам.доллараар хөлсөлж авч ажиллуулж байсан АНУ-ын "McKinsey & company" фирмтэй холбоотой таагүй яриа ч байдаг. Монгол Улсын Засгийн газар Арбитрийн хэргүүд дээр тус бүрд нь 2-5 сая ам.доллар төлж, гадны хуулийн фирм хөлсөлж авч байна.
Энэ их мөнгө манай хуулийн салбарт үлдсэн бол манай хуульчдын ур чадвар ямар хурдан дээшлэх бол. Зарим залуу монгол хуульчид гадны фирмд өндөр цалин авч ажилладаг ч тэдэнд хусам оногдохоос өрөм нь ноогддоггүй. Тэд хэрэгтэй холбоотой хэдэн чухаг зүйл мэдэж авах ч цаана нь өрнөж буй том бодлогын талаар суралцах боломжгүй. Х.Тэмүүжингийн баталсан журам бол монгол хуулийн фирм, цаашилбал монгол хуульчдыг хөгжих боломжийг бүрэн хаасан журам юм. Монголын хуулийн фирмүүдийг эрүүгийн "жижиг” хэрэг дээр ажиллахаас Засгийн газрын томоохон хөтөлбөр, хэрэг, маргаан дээр ажиллах бараг боломжгүй болгосон.
Нөгөөтэйгүүр, туурга тусгаар улсын хувьд гадаадын гигант хуулийн фирм хөлсөлж авах нь учир дутагдалтай. Хэдэн жилийн дараа гарах сөрөг үр дагаврыг Засгийн газрын хэнбугай ч тооцдоггүй. Оюутолгойн нэг асуудал дээр дэлхий даяар 5000 хуульчтай гадны фирм хөлслөөд ажиллууллаа гэж бодоход тэр олон хуульч дотор "Рио Тинто”-гийн аль нэг хэрэг дээр ажиллаагүй хүн байхгүй гэдгийг мэдэх боломжгүй. Уг хуулийн фирм давхар давхар хожил авахын тулд хэдэн жилийн дараа "илрэх” хуулийн цоорхой заалт дээр үнэтэй зөвлөгөөгөө өгөөгүй байхыг хэн ч үгүйсгэхгүй. Хэрэв монгол хуульчид энэ хэрэг дээр ажиллавал туршлага дутах юман дээрээ гадаад хуульчдыг авахад хожим үүсэх ямар нэгэн эрсдэл гарахгүй.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав удахгүй батлагдах Хуульчдын эрх зүйн байдлын тухай хууль болон Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр энэ бүхнийг анхааран үзэж, засварлана гэж найдаж байна. Үе үеийн Монгол Улсын Засгийн газарт гадаад хуульчдын нөлөө, лобби байсаар байгаад мөн анхаарал хандуулах цаг болжээ. Монгол хуульчдын эрх ашгийг хамгаалах, бодлого тодорхойлох үүрэгтэй Хуульчдын холбоо ч энэ талаар дорвитой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.
Монголчууд туршлагагүй, муу, гадаадынхан туршлагатай, сайн гэсэн явцуу үзлээсээ салах цаг болжээ. Бидэнд "араб загвар” гээч хэрэггүй.
Монголчууд чадна. Монгол хуульчид чадна.
Д.Төв