Үл хөдлөх соёлын дурсгалын тооллого 4 жил тутамд явагддаг бөгөөд 2012-2016 оны хооронд хэрэгжих түүх соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн баримтжуулах хөтөлбөрийн хүрээнд 2015 оны 5-р сарын 1-ээс 10-р сарын нэгэн хүртэл МУ-ын үл нутаг дэвсгэрт байгаа түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллого явагдах юм. Тус ажилтай холбоотойгоор аймгийн засаг даргын захирамжийн дагуу Баян-Өндөр болон Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх үл хөдлөх дурсгалын тооллогыг хийж дууссан байна.
Аймгийн хэмжээнд түүх соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг, тооллого 6-р сарын 15-аас 6-р сарын 19-ний хооронд явагдаж түүх соёлын 300 орчим үл хөдлөх дурсгалыг нэгдсэн программд бүртгэхээр болсон байна.Манай аймгийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа 300 орчим үл хөдлөх дурсгал нь буош болон хиргисүүр гэсэн 2 төрөлд хамрагддаг бөгөөд Хүннү гүрний үеэс эхлэн Монголын эзэнт гүрний үеийн түүх дурсгалд багтдаг байна. Ялангуяа Түрэг болон Уйгарын үед хамаарах хиргисүүр булш дийлэнхийг нь эзэлдэг аж.
Цаашид түүх соёлын үл хөдлөх дурсгалд зөвхөн хиргисүүр, булшийг оруулаад зогсохгүйгээр тодорхой шалгуурыг хангасан 1990 оноос өмнөх үеийн хөшөө дурсгалыг мөн тооллогод хамруулж МУ-ын соёлын үл хөдлөх дурсгалын нэгдсэн программд оруулна гэдгийг хэлж байна. Манай аймгийн хэмжээнд нийт 21 хөшөө дурсгал байгаагаас энэ шалгуурт тэнцэж соёлын үл хөдлөх дурсгалын тоонд багтах 11 хөшөө байгаа юм байна.
Одоогийн байдлаар эдгээр үл хөдлөх дурсгалын хамгаалалтыг орон нутаг өөрөө хариуцан хийж байгаа бөгөөд соёлын өвийн ойролцоо амьдарч байгаа нутгийн иргэдэд жилд 100,000 төгрөгийн урамшуулал олгож хамгаалах ажлыг хариуцуулдаг байна. Өнгөрсөн жилийн тухайд нийт 1 сая орчим төгрөгийг 10 орчим айл өрхүүдэд соёлын түүхт дурсгалыг хамгаалах чиглэлд орон нутгаас гарган өгчээ.