|

“Айргийн гозгор” дахь археологийн дурсгалаас чулуун ЧУЛУУН ШАГАЙ олдлоо

magnai 2015/10/01 1630 0

“Айргийн гозгор” дахь археологийн дурсгалаас чулуун ЧУЛУУН ШАГАЙ олдлоо

Орхон аймгийн музейн мэргэжилтнүүд 2008 онд түүх соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэх явцдаа Жаргалант сумын "Айргийн гозгор” дахь олдворыг анх илрүүлсэн гэж үздэг. Түүнээс хойш 2010 онд Монголын соёлын өвийн төвийн мэргэжилтнүүд Жаргалант сумын "Айргийн гозгор” гэх газарт очин дэвсгэр зургийг үйлдэж улмаар 2011 оноос хойш Монголын Үндэсний музейн мэргэжилтнүүд тус газарт судалгаа шинжилгээг эхлүүлж Хараагийн Ноён уулын дурсгалтай төстэй, Хүннүгийн үеийн дурсгалтай төстэй ч өвөрмөц ялгаатай дурсгалууд болохыг тогтоож өнгөрсөн жил 2 булшийг малтаж 30 орчим эд өлгийн зүйлийг олсон.

Тэгвэл энэ жил тус газар дахь археологийн судалгааг Аймгийн засаг даргын тамгын газраас санхүүжүүлэн Монголын Үндэсний музейн мэргэжилтнүүд, Орхон аймгийн музей, БСГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран хийж байгаа бөгөөд нийт 4 булшийг малтах ажил явагдаж байна. Малтлагын явцад хос шарил болон Сяньби-гийн үед хамаарах магадлалтай булш, чулуугаар урласан шагай зэрэг ховор дурсгалууд олдоод байна. Малтлагын багт Калифорнийн их сургуулийн эртний хүн судлаач ажиллаж байгаа бөгөөд малтлагаас гарсан 1 дурсгалыг Сяньби үел амьдарч байсан хүний булш байх магадлалтайг тогтоогоод байгаа аж.

Энэхүү судалгаа эцсийн байдлаар тогтоогдвол Монголын археологийн судалгаанд томоохон нээлт болохыг онцолж байна. Түүнчлэн "Айргийн гозгор”-оос олдоод байгаа хаш чулуун шагай нь улсын хэмжээнд анх удаа олдож байгаа дурсгал юм байна. Түүнчлэн энэ онд судлагдах 4 булшнаас ясаар хийгдсэн хос савх, мөн ясаар хийсэн үсний зүү, ваарын хагархай зэрэг 6-7 орчим дурсгал олдоод байгаа юм. Айргийн гозгор нийтдээ 96 булш байгааг тогтоосон бөгөөд энэ жилийн судалгааны ажилд 20 сая төгрөгийг зарцуулж байна.

Археологийн судалгааны ажлын зардлыг орон нутгаас хариуцсанаар судалгааны явцад олдсон эд өлгийн зүйлс манай аймгийн музейд хадгалагдах боломжтой болох юм. Орхон аймгийн музейн тухайд археологийн олдвор тийм ч их байхгүй. Тиймээс "Айргийн гозгор” дахь Археологийн судалгааны ажил нь аймгийн музейд археологийн сан хөмрөг бүрдүүлэх анхны цуглуулга болох юм гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top