|

Эдийн засгийг хүн хөдөлгөхөөс цомхотгол хөдөлгөхгүй ээ

bayaraa 2015/01/16 1020 0

Эдийн засгийг хүн хөдөлгөхөөс цомхотгол хөдөлгөхгүй ээ  1. Ажлыг хүн л хийдэг. Тэр хийж байгаа ажил бол бас хүнд л зориулсан эд билээ. Өөр юунд ч биш. Жишээ нь, Улаанбаатар

хотын ажил сайн байвал хэнд хамаатай вэ. Нийслэлийн иргэдэд л хамаатай. Баянхошууны Бааст өвгөнөөс авахуулаад Долоон буудлын Должин эмээд л хамаарна. Яармагийн Яринпил өвгөнөөс эхлээд Гачууртын ганган Дулмаа эмгэнд хүртэл хамаарна. Тэдний хашааг манадаг халтар банхарт үл хамаарна. Хашаанд тэжээх гахай, тахиа юу байдаг юм тэдэнд үл хамаарна. Тэд бол "Юу вэ” болохоос "Хэн бэ” биш шүү дээ. Энэ бол ойлгомжтой. За ингээд юу гэх гээд байгаа юм бэ гэж үү. Өнөөдөр нийслэл хотод Монгол Улсын хүн амын бараг тал хувь нь амьдарч байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувь эргэлдэж байна. Тэгэхээр улс орон хямарна гэдэг нийслэлээс хамаарна гэсэн үг. Энд нийслэлд найтаавал улс орон даяар найтаана гэсэн үг. Үнэхээр улс орон хямраад байгаа юм бол (хямарлаа гэдэг онош нь үнэн бол шүү дээ!) нийслэл гэдэг моторыг зогсоочихгүй байх хэрэгтэй байна. Энэ бол нэг номерын албан даалгавар.

Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг маань хуучин цагийн шилдэг комсомолч хүн шиг уриа хэлээд удаагүй байна. "Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж. Лоозон шахуу юм даа. Энэ нь бас нэг, хоёр, гурав гэсэн дэс дугаартай юм гэдэг. Хуучин бууны хугархай гэж. Лоозон уриагаа хэлчих юм аа. Черчилль: "Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч бууж өгөхгүй” гэсэн. Тэр бууж өгөөгүй. Ялсан. Үүн шиг байвал яах вэ. "Эдийн засаг” гэсэн куб зэрэгтэй лоозон шахуу зүйл маань нийгмийн талаа хасч гараагаа эхэллээ. Уг нь энэ хоёр параметр зэрэгцэж явж байж "Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” болно оо. Нийгмийн асуудал, эдийн засгийн асуудал хоёр бол зоосны хоёр тал. Е.Гайдар, Да.Ганболдын 24 жилийн өмнөх шок биш дээ. Өнгөрсөн зууны бараг балар цагийн гэмээр зэрлэг түүх шүү дээ. Үүнийг ХХI зуунд давтаж болохгүй. Тэр тусмаа 2,9 сая хүнтэй жижигхэн улс оронд. Тэр тусмаа зуун саяар нь цуглуулж болох боломжтой баяжмал болсон улс оронд. Монголчууд бол ядаж зуун жил капитализмыг туулаагүй. Хөөрхийс минь, 60- 70 хувь нь хуримтлал муутай. Ажилгүй бол арван сар болоход амаараа шороо үмхэх хувь заяа хүлээх эмзэг бүлэг. Бараг улс орноороо эмзэг бүлэг. Энэ үнэн шүү. Гадаадын дансанд байгаа мөнгөө мартдаг хүн Монголд цөөхөн шүү. Ийм л байна. Ийм л байхад л... Эдийн засгийн хямралаас гарах гол хөшүүргээ тандалт, хасалтаас эхэллээ. Танах, хасах бол эдийн засгийн хамгийн энгийн арга. Энэ бол шинэ юм биш. Байдаг л нэг хамгийн энгийнээс энгийн, жирийнээс жирийн муугийн муу стандарт арга хэмжээ.

2. Улсын баатар Э.Бат-Үүл маань Улаанбаатар нийслэлээ удирдана гээд шинэ бүтэцтэй шижгэр эхэлсэн сэн 2012 онд. Өнөөдөр 2015 он. Гурван жил ч болоогүй байна. Шинэ бүтцийн механизм ажиллаж эхлэхийн даваан дээр дахиад л юм өөрчлөгдөх нь дээ. Нийслэл бол хийгээд байвал ажил нь барагдахгүй том бүтэц. Жаахан тогтвортой ажиллаасай. Улс төрийн шийдэл гараад Улаанбаатар нийслэлдээ хамтарч ажиллая гэсэн бол өөр хэрэг. Нийслэлийн Засаг даргын зургаан орлогчийг хоёр болгоно ч гэх шиг. Тэгвэл Э.Бат-Үүлийн механизм ажиллахгүй л байгаа юм байна шүү дээ. Нэгнийх нь ажлыг нөгөөд нь шилжүүлээд өгсөн нь явах гээд авсан нь учраа олох гэсээр байтал бараг хагас жил болно. Дор хаяж гурван сар. Бөөн гацаа. Уг нь энэ механизм үнэхээр ажиллаж байсан нь үнэн юм бол Гантөмөр орлогч дулааны станцаа бариулаад уур усаа Баянзүрх дүүргээр тараачихаад явбал зүгээрсэн. Буцах хаягтай буух эзэнтэй байхсан. Бас нэг орлогч Очирбат нь гэр хорооллоо дахин төлөвлөчихөөд найман хувийн орон сууцныхаа ажлыг банк санхүүгийн байгууллагатай бүрэн жигдрүүлчихээд буугаасай даа. Нийслэлийн маань нэг номерын дайсан утаа. Гэр хорооллыг барилгажуулж байж л тэр утаанаас ангижирна. Бээжин хэлээд өгнө. Хөх хот хэлээд өгнө. Тэнд гэр хороолол байгаагүй ч эсгий хотыг орлох дайны утааны эх сурвалжууд байсан. Нэг орлогч нь экологи, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн Бат-Эрдэнэ. Аливаа хотын ногоон байгууламж 40 хувьд хүрвэл сайхнаас сайханбилэгтэй байдаг юм гэнэ лээ. Манайх шиг хайрга, цемент ахалсан хотыг энэ дарга ногоон биш гэхэд ногоовтор болгочихоосой доо. Цомхотголын Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан засаг даргыг үл тоох нь зөв байх. Ажлын байрыг агшааж ажлаа эхэлж байгаа юм чинь.

Уг нь Буяндалайн үүрэг роль бол нийслэлд мөн хэрэгтэйсэн. Хүн ам маань хөдөлмөр эрхлэхгүй байгаа учраас хулгай хийж байна. Дээрэм хийж байна. Архи ууж байна. Энэ гурван хөдөлмөр байхад хангалттай гэж байвал цомхотгохоос доо. Төсвийн бус эх үүсвэрээс цалинжуулна ч гэх шиг. Ямар партизаны отряд биш. Энэ дөрвийн цалин нэг ландын үнэнд хүрэх үү. Тэр цомхотголд орох гээд хүлээж буй улсын цалин пүнлүүгээс болж улс орон хямарсан уу. Шалтгаан нь шал өөр юманд байгаа. Хойтон уул уурхай өндийгөөд ирэх юм бол эднийг эргүүлж ажилд авах уу. Үгүй гэж үү. Яагаад. Эдийн засаг нь ирэх гурван жилд өснө гэж үзэж байгаа бол хот өөрөө мөнгөө босгог л дээ. Нэгэнт бүтэц нь зөв механизм нь ажиллаж байгаа юм бол орон нутгийн өөрөө удирдах ёс руу хүч түрэх хэрэг юу байна аа. Ноён Ерөнхий сайд аа. Хуучин цагаар бол ёстой өнөө Сэм ах Вьетнамын ард түмэн рүү өнгөлзлөө гэдэг шиг муухай юм. 2006-2008 онд миний бие Барилга, хот байгуулалтын яаманд алба хашиж байхдаа Эрхүү мужид хэдэн удаа ажлаар очиж билээ. Эрхүү мужийн амбан захирагч найман орлогчтой байж билээ. Ер нь бол хийх ажил нь байхад хүн цомхотгох нь хямралыг улам гүнзгийрүүлнэ. Эдийн засгийн куб зэрэгтэй Засгийн газар танаж, хяргах биш мөнгө олох, эдийн засгаа агшаах биш бүр сунгах байдлаар хямралаас гарна. Энд л шийдэл гэдэг үгний шид байна даа. Эс тэгвэл энэ бол шийдэл биш шидэл болно.

 3. Сүүлийн хоёр Ерөнхий сайдын алдаа юу байв аа. Н.Алтанхуяг гэхэд гарч ирэхтэйгээ уралдаад дэлхийн хямрал ярьж ирсэн. Түүнээс болоод хямраад байгаа. Бас түрүүчийн Засгийн газар нь хямруулаад хаячихсан тухай. Өөрөө тэр кабинетэд байсан хүн ингэж ярихаар өргөн оны дэмжлэгийг авах уу. Энэ нь ард түмнийг хий гутралд оруулах нэгэн шалтгаан болж байв. Гутралд орсон хүн хүрз бариад урам зоригтой шавар зуурдаггүй л байхгүй юу. Газар ухаад үр суулгадаггүй л байхгүй юу. Өнөөдөр ч гэсэн 12 мянга гэнэ үү, 16 мянга гэнэ үү хүнийг орон тооны цомхотголд оруулна гэдэг яриа цаад утгаараа 80 мянган хүнд цохилт болж очиж байна. Манайх шиг хоёрхон сая 900 мянган хүн амтай оронд ажлын байр гэдэг юу юунаас чухал билээ. Орон тооны цомхотголд гол төлөв хамгийн чадал чансаа муутай, өрх толгойлсон, эсвэл ямар нэг амьжиргааны бэрхшээлтэй хүмүүс ширвэгддэг нь нууц биш юм. Эд ширвэгдээд цаашаа юу болдог вэ. Ядуурал, дампуурал, даамжраад гэмт хэрэг.

Жишээ нь, Ч.Сайханбилэг ч гэдэг юм уу, Э.Бат-Үүл даргын хүрээний хүн энэ цомхотголд орохгүй. Энэ хоёр нөхөр сайн муудаа гэдэг утгаараа биш л дээ. Арын хаалгадна энэ тэр гэсэн муухай санаагаар ч биш. Монгол хүний феодал сэтгэлгээний уламжлалаар энэ хоёр хүний гэсэн тодотголтой хэнийг ч ажлаас нь халахгүй. Уламжлал ийм л юм. Иймд Улаанбаатар хотод удирдлагынх нь эрх чөлөөг үлдээх нь нэгэнт сайн ч, муу ч явж байгаа мотор доголдохгүй байхад хэрэгтэй сэн. Хүн амьтан халах, солихоороо нийгмийг бүү бужигнуулаач. Эрдэмтдээсээ эхлээд бужигнаж байна. Тэднийг цомхотгосноос шинэ даалгавар өгөөч. Шийдэлд чинь хэрэг болно доо, сайд аа. Эдийн засаг сунаад ирэхийн цагт нөгөө хэдэн хүрээлэнгээ бий болгох гэж юу болох бол. Нийслэлд хот байгуулалтын хүрээлэнг бүрэн утгаар нь байгуулах гэж бүхэл бүтэн 20 жил л болсон юм даг.Э.Бат-Үүл маань бусдыг огцруулахдаа ороолон оролцсон. Н.Алтанхуягийг амжилттай огцруулав. Одоо орлогч нараа огцруулахад хүрээд байна уу. Улсын баатраа одоо бүтээхдээ аль зэрэг хүн вэ гэдгийг хармаар байдаг. Хийж эхлүүлсэн юмандаа аль зэрэг үнэнч хүн вэ гэдгээ ч өөрөө харуулах цаг нь болжээ.

Нийслэлийн орлогч нар ажилгүй болж байхад хэн ажилтай үлдэх вэ гээд Монгол орон даяар зөгийн үүрэн дэх үймээн шиг Говь-Алтайн Бигэр сумаас Дорнодын Матад сум хүртэл дүнгэнэж байна. Италичууд "Зөв эхлэл бол хийсний тал нь” гэдэг юм даа. Хүмүүст сайн сайхан өөдрөг итгэл, урам өгөөсэй. Энэ бол реформын зөв эхлэл. Түүнээс... уучлаарай...

 

Х.Бүрэнтогтох

эх сурвалж: unen.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top