|

Эмийг эрдэнэ мэт дээдлэн хүртэх ёсон

enkhbaatar 2015/09/22 1176 0
Монголчууд эрт дээр үеэс эмийг эрдэнэ мэт шүтэж дээдлэн, эм уух ёс жаягийг буй болгон хатуу мөрдөн ирсэн эртний уламжлал сайхан заншилтай ард түмэн юм. Юуны өмнө эмийг аль дуртай таарсан өдрөө эхэлж уудаггүй. Эмээ ууж эхлэх өдрөө сайн өдөр товлодог. Хонь өдөр эхэлж эм уухыг цээрлэж хор болдог гэж үздэг. Харин туулай, тахиа, луу өдөр мөн хур бороо, цас шороогүй тунгалаг өдөр эм эхэлж уухыг эрхэмлэдэг. Түүнээс гадна хүн бүрийн төрсөн жилээс хамаарч эм эхэлж уух өдрийг товлодог нь хүмүүсийн био хэмнэлтэй холбоотой буй заа.

Гэхдээ хүнд өвчтэй яаралтай эм уух шаардлагатай бол энэ заншлыг мөрдөхгүй байж болдог. Мөн эм уухдаа эм тангаа хоёр гартаа барьж хүндэтгэн "уух эм тан маань рашаан болох болтугай, арьс махны минь завсраар гүйж альби муу өвчнийг арилгаж эдгээх болтугай” гэх мэт эмч оточ, эм тангаа шүтэн дээдэлсэн ерөөлийн үгс хэлж эсвэл оточийн зааж өгсөн тарнийг уншиж гурвантай залбирдаг уламжлалтай байжээ. Энэ нь эмч оточдоо болон эмэнд итгэх сэтгэлийн эрч хүчийг нэмэгдүүлэн эмийн хүчийг нэмж байгаа үйлдэл юм. Мөн уусан эмнийхээ боодлын цаас, тангийн буцалгасан шаар зэргийг хог мэт хамаа бусаар хаяхгүй уул, ус тэнгэрт цацаж өргөдөг эсвэл шатаадаг байжээ.

Эмийг хос тунгаар уухыг цээрлэдэг байсан нь эмийн тунг хатуу баримталдаг, эмүүдийн хоорондын харилцан хамаарлаас болгоомжилдог байсны нотолгоо юм. Ялангуяа эм болон хоол хүнсний харилцан хамаарлыг тун гярхай ажиглан судлаж эм уух ёсыг зөв зүйтэй тогтоож байсан нь гайхалтай. Бадгана ихтэй болон бадгана дэлгэрсэн үед бадганад тустай эмийг өглөө эрт өлөн үед өгдөг бол уруу арилгагч хийг анагаах эмийг өдрийн хоолны өмнө өгдөг. Мөн дээш гүйгч хий зэрэг өвчнийг анагаах эмийг хоол идэх үед өгдөг бол түгмэл гүйгч хийнээс болсон өвчнийг анагаах эмийг өдрийн эсвэл оройн хоол идсэний дараа өгөх ёстой.

Амьсгалахад төвөгтэй байх, ханиах зэрэг өвчнийг анагаах эмийг хоолны өмнө хойно гэлтгүй тодорхой цаг баримтлахгүй бага багаар дахин дахин өгнө. Ер нь эм болон хоолны харилцан хамаарал, өвчний болон өвчтөний өвөрмөц онцлогтой уялдуулан уламжлалт анагаах ухаанд хоолны өмнө өгөх эм, хоол идэх үед өгөх эм, хоолны завсар өгөх эм, хоолны дараа өгөх эм, хоолноос үл хамааран өгөх эм, зохих хоолтой нь өгөх эм зэргээр  маш нарийн ангилсан байдаг.    

Омбу орсон эмийг уух үед улаан гүйлс, үсү, сармис, загасны мах идвэл харшилна гэж цээрлэдэг. Түүнчлэн шар хонилон орсон эмийг уух бол гахайн мах, мана орсон эмийг уух бол цуу зэрэг исгэлэн идээ, чихэр өвс орсон эм уух бол байцаа, зэгс орсон эм уух бол хонины мах, жоншны найрлагатай эм уух бол мөөг хэрэглэхийг хориглодог ажээ.

Мөн оточийн өгсөн танг буцалгах, эм уух үед уурлаж ууцаарлах, хэрэлдэх бол эмийн чадал буурч хор болно гэж үздэг байна. Энэ нь эм бэлдмэлд сөрөг эрчим хуралдана, бие махбодид муугаар нөлөөлнө гэж үздэгтэй холбоотой юм. Эм танг өвчтөнд өгөхдөө өвчтөний биеийн байдал, эмчилгээний онцлогоос хамаарч ямар хоол хүнс хэрэглэж болох, болохгүй, юугаар даруулж уух, ямар хувцас өмсөх зэргээр ямар дэглэм баримтлах, гам хийх зэргийг маш нарийн зааж өгдөг ажээ.

Шинар-6, Баву-7 зэрэг ихэнх эмийг усаар даруулж уулгадаг бол Агар-8, Сорогзон-9 зэрэг хий дарах эмийг ясны шөлөөр даруулж уулгана. Сэрдөг 25, Яжима 25 зэрэг эмийг чихэртэй усаар даруулж уулгадаг бол Сэбрү 25, Сэмжийн дэжид зэрэг эмийг архиар даруулж ууна. Задь-14-ийг хонины махны шөлөөр. Агар-25-ыг шимт ясны шөлөөр, Сожидманалхорыг зөгийн балаар, Жүжиднимажолхорыг сүүтэй цайнд чанаж, 360 удаа самарч халуунаар уулгаад сайн хучин хэвтүүлж хөлөргөнө гэх мэтээр монгол эмийг уух ёс жаягийг тоочоод баршгүй.

Европ анагаах ухаан үүссэн цагаасаа эм уух ёс жаягт дорнын уламжлалт анагаах ухаантай харьцуулахад бага анхаарч ирсэн түүхтэй. Харин сүүлийн зуугаад жил эм хоорондын харилцан хамаарал, өнгөрсөн зууны дунд үеэс эм хоол хүнсний харилцан хамааралд онцгой анхаарах болсон нь сайшаалтай. Эм уух цаг, эм хоол хүнсний харилцан хамаарал нь эмэн эмчилгээний үр дүнд чухал болохыг манай эмч мэргэжилтэнүүд эм зүйч нар ойлгож, ажилдаа мөрдөхийг хичээж байгаа энэ үед Эм зүйн Шинжлэх ухааны Их сургуулийн захирал, Эм зүйн ухааны доктор Л.Цэрэндуламын орчин үеийн анагаах ухаан, эмзүйн ухаан, эмийг зөв хэрэглэх, эм хүнсний  хамаарлын талаар ном бичсэн нь сайшаалтай.










Академич Лувсангийн Хүрэлбаатар

Санал болгох

Сэтгэгдэл

top