|

Зээлийн батлан даалтын сан ХАҮТ-д шилжжээ

enkhbaatar 2015/09/18 1198 26
http://www.bolod.mn/Upload/news/orhon.jpg

2015 оны 7-р сарын 3-аас эхлэн зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа Орхон аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимд шилжсэнтэй холбогдуулан худалдаа аж үйлдвэрийн танхимаас зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах санал хэлэлцэх уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зээлийн барьцаа хөрөнгө дутагдалтай байгаа жижиг дунд үйлдвэрлэл болон худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих зорилготой зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээ 2013 оноос хэрэгжиж эхэлсэн.

Тодруулбал Зээлийн батлан даалтын сан нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн ч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийнх нь 60 хүртэл хувьд батлан даалт гаргах юм. Ингэхдээ нэг зээлд гаргах батлан даалтын хэмжээ 500 сая төгрөгөөс хэтрэхгүй байх ёстой юм.

Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг 2013 оноос хойш өнөөг хүртэл аймгийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн хариуцан ажилладаг байсан бол 2015 оны 7-р сарын 3-аас эхлэн Орхон аймаг дахь худалдаа аж үйлдвэрийн танхимд шилжсэн байна. Үүнтэй холбоотойгоор худалдаа аж үйлдвэрийн танхимаас манай аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны банк болон аймаг сумдын засаг даргын тамгын газар, хөдөлмөрийн хэлтэстэй цаашид хамтран ажиллах санал хэлэлцлээ.

Зээлийн батлан даалтын сан хэрэгжээд 2 жил болох хугацаанд аймгийн хэмжээнд Голомт болон Монгол банкнаас ердөө 3 зээлд батлан даалт гаргаж үйлчилсэн байна. Энэ нь зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны хувьд хангалтгүй гэсэн үзүүлэлт бөгөөд шалтгаан нь иргэд тус сангийн талаар мэдээлэл дутмаг байдаг эсвэл иргэд ААН байгууллагууд өөрсдийн барьцаа хөрөнгөндөө тааруулж зээл авдаг, мөн арилжааны банкнууд эрсдэлийг тооцож үздэг зэрэгтэй холбоотой гэнэ.

Гэтэл өнөөдрийн байдлаар бүх арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудаас зээлийн батлан даалтын санд хамрагдах боломж иргэд ААН байгууллагуудын өмнө нээлттэй байгааг хэлж байна. Тиймээс энэ удаагийн уулзалтаар арилжааны банкнууд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж батлан даалт гаргахад тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэх гарах арга замыг тодорхойлох юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top