
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын 10 дугаар хуралдаан боллоо.
Ээлжит хуралдаанаар “Нэгдүгээр тойрог зам” төслийн техник эдийн засгийн үндэслэлийн явц, хөрөнгө оруулалт, уг төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчны зохицуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулах, орон сууцжуулалтын талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэв.

Нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-г ирэх сарын 20-нд дуусгаж, тендер зарлахаар төлөвлөжээ. Төслийн санхүүжилт, газар чөлөөлөлт зэргийг шийдвэрлэхэд Төсвийн тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль зэрэгт зарим өөрчлөлт хэрэгтэйг Хотын удирдлага танилцуулаад Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхдээ иргэдийн оролцоонд тулгуурлах, амины орон сууц барихад зээл олгох, газрын эздэд бизнес хийх боломж бий болгох, гэр хорооллыг дэмжих сан байгуулах, ипотекийн хөтөлбөрийг бага орлоготой айл өрхөд чиглүүлэх зэрэг санал гарч байлаа.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нийслэлийн утааг бууруулахад гэр хорооллын зөв төлөвлөлт, шийдэл чухал. Ногоон санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх ажлын хэсгийг ахалж ажиллаад, санал дүгнэлтээ боловсруулаад бараг дуусаж байна. Иргэдийн оролцоотой хот байгуулъя, хашаандаа сайхан амьдрах боломж нээж өгье, дулаалгаар утааг шийдье гэдэг дүгнэлтэд хүрсэн. Дулаанбаатар аян эхлүүлнэ” гэлээ.

Шуурхай штабын хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээр тойрог замын трасс, төлөвлөлттэй танилцлаа.
Нэгдүгээр тойрог замтай холбогдох Туулын хурдны замын тендерийг энэ сард багтаад зарлаж, бүтээн байгуулалтыг энэ зун эхлүүлж, 20 сарын хугацаанд эхний урсгалыг нээхээр тооцоолжээ.

Нэгдүгээр тойрог замын төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц сайн байна. Энэ хоёр зам холбогдсоноор түгжрэл 50 хувиар буурах тооцоолол гарсан. Энэ бол улс төрийн намууд хамтдаа сууж байгаад гаргасан чухал шийдвэр. Тиймээс дор бүрнээ хариуцлагатай байж, эхлүүлсэн ажлуудаа чанартай, тасралтгүй гүйцэтгэж чадвал энэ бүрэн эрхийн хугацаанд нийслэлийн түгжрэлийг бүрэн шийдвэрлэх боломж байна” гэлээ.
Эх сурвалж: ЗГ