Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд гарчээ. Шалтгаан нь алтны үнэ огцом өссөнтэй холбоотойгоор тус брэндийн цагны үнэ эрс өсөөд байна. Швейцарьт төвтэй брэндийн зарим алтан цагны үнэ 14 хувиар өсчээ. Гэтэл ган хийцийн цагны үнэ ердөө гурван хувиар өссөн.
"Rolex"-ийн хамгийн алдартай загваруудын нэг болох "Daytona"-ийн үнэ хамгийн их өссөн байна. Тухайлбал, "OysterFlex" бугуйвчтай цагаан алтан цаг нь 38100 ам.доллараар борлуулагдаж байна. Энэ нь өнгөрсөн жилийн 35 мянган ам.долларын үнээсээ хавьгүй өссөн үзүүлэлт юм. Харин шар алтан хийцтэй "GMT-Master" загварын үнэ ойролцоогоор долоон хувиар өсч, 43300 ам.доллар хүрчээ.
Тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч "Rolex" брэнд жил бүр үнээ нэмдэг. Гэвч алтны үнийн өсөлтөөс хамаараад өнгөрсөн онд алтан цагны үнээ хоёр ч удаа нэмжээ.
Дэлхийн төв банк хүүгээ бууруулснаар өнгөрсөн онд алтны үнэ 27 хувиар өссөн. Эдийн засгийн хямрал, инфляцийн өсөлт нүүрлэсэн цаг үед алт бол хамгийн аюулгүй хөрөнгө. Зээлийн хүү буурах үед алт нь бонд гэх мэтээс ч илүү сонирхол татахуйц хөрөнгө болдог.
Цагны үнэ хэдий өссөн ч энэ нь худалдан авагчдыг зогсоож дийлсэнгүй. Чинээлэг худалдан авагчдын халаас зах зээлийн хэлбэлзэлд хотойхооргүй гүн ажээ. Италийн "Watch Spotter" хэвлэлд бичсэнээр үнийн өсөлт нь үйлчлүүлэгчдийг үргээх бус харин ч тэднийг татах гол стратеги болдог.
Дашрамд дурдахад, 2025 онд ам.долларын ханш өсч, зээлийн хүү буурч байгаа тул алтны үнэ буурах төлөвтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN