|

Авлигачдын толгойг илсэн Өршөөлийн хуулийг дэмжихгүй

namuunaa 2015/08/26 974 0

Иргэний зориг ногоон намынхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг дэмжиж байгаагаа өнөөдөр илэрхийллээ. Тус намын удирдлагууд өчигдөр хуралдаж, ийм шийдвэрт хүрсэн байна. УИХ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг нээлттэй хэлэлцэх ёстой гэх байр суурийг ч илэрхийлээд байгаа юм. Энэ талаар ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Ч.Базар "Манай нам хоригийг чуулганаар нээлттэй хэлэлцэх ёстой гэж үзсэн. Нээлттэй хэлэлцсэнээр УИХ-ын гишүүдийн хэн нь авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглаж байгааг харуулах талтай” гэсэн юм.

Мөн тус намын зүгээс цаашид Авлига, хээл хахууль, албан тушаалын хэргүүдийг АТГ болон холбогдох хууль, шүүхийн байгууллагууд өөрийн хараат бус эрх мэдлийн хүрээнд мөрдөн шалгаж, шүүн тогтоож байх нь ардчилсан засаглалын хөгжилд тустай гэж үзжээ. Мөн энэ чиглэлийн эрх зүйн орчинг илүү төгөлдөржүүлж, хэрэгжүүлэх нь УИХ-ын гишүүдийн үүрэг, хариуцлага хэмээж байна.

 

Түүнчлэн тэд Өршөөлийн хуулийг дөрвөн шалтгаанаар дэмжихгүй байгаа аж. Тодруулбал, нэгдүгээрт ИЗНН нь 15 жилийн туршид авлига, хээл хахуулийн эсрэг тодорхой бодлоготой явж тод дуугарч, Авлигын эсрэг Монгол Улсын хуулийг санаачлан батлуулсан улс төрийн хүчин учир үзэл баримтлалдаа үнэнч байж, нийгмийн шударга ёсны төлөө нийгмийн баялгийг хумслан хөлжигчдийн эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлж байна гэжээ.

 

Хоёрт, 2015 оны Өршөөл үзүүлэх хууль нь шударга ёсыг хүсэгч нийгмийн бухимдлыг үл тоон төрийн мөнгийг хувьдаа зувчуулан ашигласан, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэн баяжиж хөлжсөн хувь хүн, бүлэглэлийн хууль бус үйлдлийг өөгшүүлж байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдал, эрх зүйт төрийн үйл ажиллагаанд хор хохирол учруулж, дараа дараагийн Өршөөл үзүүлэх хуульд муу жишиг болохуйц хууль болсныг эсэргүүцэж байна гэв.

 

Харин гуравдугаарт, Монголын хууль батлагчид Үндсэн хууль, нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэхдээ хүлээн зөвшөөрсөн "...авлигаар эд баялгийг хувьдаа хууль бусаар олж авах нь ардчилсан тогтолцоо, үндэсний эрх ашиг, хууль дээдлэх ёсонд нэн хохиролтой гэдэгт итгэж... тохиролцов” хэмээсэн үндсэн зорилгоосоо ухарч, авилгын гэмт хэргийг улс орны эсрэг гэмт хэрэг гэж үзэн эдийн засаг болоод нийгмийн хүрээнд хор хохирол учруулахуйц гэмт хэргийг хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх гэсэн амлалтаа умартаж буйг буруутгаж, олон улсын өмнө хүлээсэн гэрээ. хэлэцээртээ үнэнч байхыг шаардаж байгаагаа тус намынхан хэлж байна.

 

Дөрөвт, Манай намын санаачлан батлуулсан Авлигын эсрэг хуульд "Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мердөн байцаалт явуулах, хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн" хэмээн заасныг хууль тогтоогчид, тэр дундаа эрх баригч улс төрийн хүчнүүд илт зөрчин тус байгууллагын үйл ажиллагаанд улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөг тогтоосон үйл ажиллагаа явуулж буйг илт эсэргүүцэж байна гэсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top