|

УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

zulaa 2024/11/13 109 0

УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар системээр явагдаж ирсэн. Үүнээс болоод “…УИХ-ын гишүүд нөлөөнд автаад байна”, “…Тойргийн сэтгэхүйгээс салахгүй, том төслүүдээ явуулахгүй байна”, “…Ард түмний жинхэнэ төлөөлөл УИХ-д орж чадахгүй байна” гэсэн гол агуулгаар өөрчлөлт хийсэн. Хамгийн гол нь “…Жижиг тойргууд, 76 гишүүнтэй байсаар Үндсэн хууль дахь “…УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэсэн зарчим алдагдлаа” гэсээр байгаад тогтолцоо, тоо хоёрыг өөрчилсөн. Сонгуулийн холимог тогтолцоотой, 126 гишүүнтэй болсон.

Эндээс бүрэлдсэн анхны УИХ нь энэ. Сонгуулийн дүн өөрчлөлтийн үр дүнг харуулсан. Улстөрчид нь тойрогт өрсөлдөж, жагсаалтаар нийгмийн бүхий л төлөөллүүд багтаж орж ирсэн. Үнэндээ олон нийтийн хүлээлт өндөр байлаа.

Гэвч энэ УИХ босгон дээрээ бүдэрчихлээ. Сая 2025 оны улсын төсвийг хэлэлцэхдээ л чадамжаа харуулав. Том зургаараа “…126 гишүүнтэй УИХ ёстой бүтэхгүй юм байна. Мэргэжлийн гэсэн худлаа юм байна. Нуль попуудаар дүүрсэн байна. Төсвөө ч хэлэлцэж чадахгүй. Ер нь эдний цөөхөн нь 2025 оны төсвийн төсөлтэй уншиж танилцсан юм байна” гэсэн ойлголт нийгэмд суугаад үлдчихлээ. Яагаад ийм болчихов? Ер нь бол ирэх оны төсвийг тойрсон улс төр өмнөх долоо хоногт гаарав. УИХ-ын зарим гишүүн чуулган, Байнгын хорооны хуралдаанд хэлэх байсан зүйлүүдээ гудамжинд гарч ярив. Уг нь 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслүүдийг Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Энэ хооронд үүнд ҮАГ, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргаснаа УИХ-д хүргүүлээд, нийтэд мэдээлсэн. Үндсэндээ төсөв өргөн барьж, төсвийн төсөл УИХ-ын гишүүдэд очсоноос хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Шүүмжлэх хугацаа хангалттай байв.

Гэтэл хэсэг гишүүн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа гэнэт гарч ирээд төсвийн булайг дэлгэв. Улс төрийн орчинд энэ талаар олон янзын тайлбар яригдаж байна. “…Шинэ, хуучин бүтэглэлүүдийн улс төрийн эрх мэдлийн төлөөх тулаан “ гэж байна. Энэ ортой л бололтой.

Яагаад гэхээр Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд 2025 оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнгөрөөгөөд 2024 оны арваннэгдүгээр сарын 4-нд Хятад руу айлчлахаар явжээ. Тэр нь даваа гариг аж. Сайд нарыг явахын өмнөх бямба гаригт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан байна. МАН-ын бүлгийнхэн тэр хурал дээрээ “Галтай сэдвүүдээ хийе, таван тэрбумаа тэвчье” гэж тохирсон байгаа юм. Тодруулбал, Ерөнхий сайд нь “…Галтай сэдвүүдээ хийе. Одоо хийхгүй бол дараагийн хүнд бүр илүү ачаа овоолно гэсэн үг. Тиймээс өнөөдөр ойлгогдохгүй ч хожим зөв байсан нь илрэх хуралдсан асуудлаа энэ өвөлдөө багтаж шийдье. Мөн гишүүд таван тэрбум гэж хэвшсэн. Тэрийгээ тэвчээд явчихъя.

Шинэ соёл учраас маргаантай асуудлууд гарч л байгаа байх. Гэхдээ үүнийг л хийх гэж тогтолцоог өөрчилсөн. Ингэх л гэж гурван намын хамтарсан Засгийн газрыг байгуулсан” гэжээ. МАН-ын гишүүд ч “…Ок” гэцгээгээд үлджээ. Харин 4-ний даваа гаригаас 2025 улсын төсөв тойрсон улс төр хэрхэн өрнөснийг бүгд мэднэ.

Эндээс харвал, тогтолцоог томсгож, тоог нэмсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг гардаж хийсэн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үүнээс гарах үр дүнг улс төрийн хувьд алдаж тооцсон бололтой. Намын дарга атлаа уламжлалыг эвдэж өөрөө тойрогт нэр дэвшсэн. Тэгээд нийгмийн сегментүүдийн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд гээд баахан хүнийг жагсаалтад оруулсан. Үүнд намынхан нь таатай хандахгүй л байсан. Гэтэл ингэж УИХ-д гаргасан нөхөд нь томилолтоор явангуут араас нь “хутга шааж” гарав. Нөгөөтэйгүүр, мань эр “…Ингэж бүсчилсэн том тойрогт сон­гууль явуулж, 126 гишүүнтэй болсны дараа том төслүүдээ урагш­луулна” гэж итгээд итгээд хулхидуулчих шиг боллоо.

“…Нийгмийн төлөөлөл” гээд байсан гишүүд нь бүлэглэлийн төлөөлөл болоод гараад ирэв үү, яав? Ямартай ч улсын төсвийг ном журам, хууль дүрмийн дагуу хэлэлцээд баталчихаж чадахгүй хэмжээнд популист УИХ бүрджээ.

УИХ өнгөрсөн баасан гаригт 2025 оны улсын төсвийг батлахдаа дагалдуулж нэг тогтоол гаргасан. 2025 оны улсыг төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай уг тогтоолд “…Төсвийн тухай хуулийн төсөл баталсантай холбогдуулан төсвийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг харгалзан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж УИХ-д танилцуулах, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2024 оны арванхоёрдугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэх, төсвийн тодотголын төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Засгийн газарт даалгах” талаар тусгажээ.

Шууд утгаараа, УИХ хууль зөрчсөн тогтоол баталчихлаа. Учир нь энэ төсвийн хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ. Гэтэл хэрэгжиж эхлээгүй төсвийг тодотгох тогтоол баталчихаж байна. УИХ-ыг ингэж бүдэрч будилж байх зуурт эрх мэдэл нь Үндсэн хуулийн Цэцэд аажмаар шилжсээр л байна.

Өнгөрсөн зун сонгуулийн зааг дээр УИХ-ын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, ШЕЗ-ийн гишүүн зэрэг тодорхой албан тушаалтнуудын томилгоог УИХ “сонсох” эрхгүй болгож шийдсэн. Сая, өнгөрсөн баасан гаригт УИХ төсвөө батлах гээд мунгинаж суух зуурт “…Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “…Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн байна” гээд хүчингүй болгож, УИХ-ын 2020 оны 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна. Чухамдаа энэ мэтээс болоод л олон нийт “…УИХ хүнээ нэмсэн ч хүчээ алдлаа” гэцгээгээд байх шиг байна. Угтаа энэ ихээхэн тааруу бөгөөд хортой дүгнэлт байгаа юм. Өндөр хүлээлтдээ легитим ч авч амжилгүй өмнөх 76-гийн хүрснээс доошилж эхлэв. Товчхондоо, “76”-аас дордсон “126” л гэцгээж байна. “…Сахил хүртээд шал дордов” гэдэг л яг одоо энэ УИХ-ын гишүүдэд яг таарахаар болчихов.
Гэхдээ УИХ энэ төсвийн хэлэлцүүлгээс болж нэр хүнд нь түр унав уу, эсвэл бүр ойчив уу.


Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top