|

Цусны даралт ихсэлтийн тухай таны мэдэх ёстой зүйлс

khulan 2024/08/08 133 0
Энгийн үгээр “даралт ихсэх” гэгддэг цусны даралт ихсэх өвчин нь олон ноцтой өвчний шалтгаан болдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Цусны даралт нь их байгааг үл тоомсорлох нь тархинд цус харвах, зүрхний дутагдал, зүрхний шигдээс үүсгэх гол шалтгаан болдог бөгөөд сүүлийн жилүүдэд эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй хөдөө орон нутгийн хүн амын дунд ч хурдтай нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг.
Иймээс цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сан, Улсын III төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 8 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Аяны баг өнгөрөгч 7-р сарын 29-нөөс 8-р сарын 2-ны өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, хоёр аймгийн нийт 2174 иргэнд нарийн мэргэжлийн үзлэг, 7026 иргэнд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлэх, эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгожээ.
“Ядаргаа, стресс нь цусны даралт ихсэлттэй холбоотой гэдгийг сая мэдлээ”
Сүхбаатар аймгийн иргэн 61 настай Ө.Баттөмөр нь цусны даралт ихсэлтийн өндөр эрсдэлтэй өвчтөн ба хагас цус харвалттай нэгэн аж. Тэрээр энэхүү аяны тухай сэтгэгдлээ ийн хуваалцлаа. "Намайг анх цусны даралт ихсэлттэй гэж оношлоход би энэ өвчин надад хэрхэн нөлөөлөхийг мэдээгүй. Олон жилийн турш өвчнөө тоохгүй явсны эцэст, хоёр жилийн өмнө гэнэт хагас цус харвалт болж, амьдрал минь эрс өөрчлөгдсөн. Одоо ч биеийн зүүн талын хэсэг мэдрэлгүй байдаг. Харин энэ аянд оролцоод эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдаж, эмч нарын зөвлөгөөг авч байгаадаа баяртай байна. Өөрийнхөө болон үр хүүхдүүдийнхээ төлөө би эрүүл мэнддээ анхаарч, амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатайг улам бүр ойлгож байна” гэв.
Дорнод аймгийн иргэн 68 настай Л.Бадамханд нь нүдний хараагаа муудсан шалтгааныг цусны даралт ихсэлтээс үүдэлтэй гэдгийг энэхүү аяны үзлэгт хамрагдах явцдаа мэджээ. Тэрээр "Өнгөрсөн хавар миний хараа гэнэт муудаж, орчныг бүдэг бадаг харах болсон.  Үүнийг цусны даралт ихсэлтээс болсон гэж төсөөлөөгүй явжээ. Эмч нар надад нөхцөл байдлыг сайжруулахын тулд хоолны дэглэм барих, тогтмол дасгал хийх, эмээ цагтаа уух зэрэг арга хэмжээ авахыг зөвлөсөн. Би зөвлөгөөг дагаж, амьдралын хэв маягаа өөрчлөхөөр шийдлээ. Энэ аяныг олон хүнд хүрээсэй гэж хүсэж байна” хэмээлээ.
53 настай Ё.Цэндсүрэн цусны даралт ихсэлтээс болж байнга толгой нь өвддөг байжээ. Тэрээр "Би сүүлийн хэдэн жил толгой өвдөлттэй тэмцэж байсан. Энэ өвдөлтийг зүгээр л ядаргаа, стрессээс үүдэлтэй гэж боддог байсан ч энэ аянд оролцож, үзлэгт хамрагдахад цусны даралт ихсэлтээс болж байгааг мэдэж авлаа" гэлээ.
“Дасгал хөдөлгөөн, тэнцвэртэй хооллох замаар цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлье”
Улсын III төв эмнэлгийн дэд захирал О.Батгэрэл цусны даралт ихсэх өвчтэй болон урьдчилан сэргийлэхийг зорьж буй хүмүүст зориулан дараах зөвлөгөөг өглөө.
  • Дасгал хөдөлгөөн: Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь цусны даралтыг бууруулах, зүрх судасны эрүүл мэндийг сайжруулахад тустай. Өдөр бүр дор хаяж 30 минут алхах, хөнгөн, дунд зэргийн дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.
  • Зөв хооллолт: Эрүүл хооллолт нь цусны даралтыг хянахад чухал үүрэгтэй. Тухайлбал, давс багатай, шим тэжээлээр баялаг хүнсний бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Жимс, ногоо, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, тослог багатай сүүн бүтээгдэхүүнүүд болон өөх тос багатай мах, загасны мах хэрэглэхийг зөвлөж байна.
  • Эрүүл амьдралын хэв маяг: Тамхи татах болон архины хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Эдгээр нь цусны даралтыг ихэсгэх хамгийн гол шалтгаан болдог. Мөн ажил, амралтаа тэнцвэржүүлж, стрессээ зохицуулах нь чухал.
  • Эмчийн зааварчилгааг дагах: Цусны даралт ихсэх өвчнийг хянахын тулд эмчийн зөвлөгөөг дагах, тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдах нь чухал. Эмчийн бичсэн эмийг цаг тухайд нь ууж, шаардлагатай шинжилгээнүүдийг тогтмол хийлгэх хэрэгтэй. Энэ нь өвчний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
“Давсны хэт их хэрэглээ нь цусны даралт ихсэлтийн шалтгаан болдог”
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Х.Бямбасүрэн: "Монголчуудын өдөр тутмын хоол хүнсэнд хэрэглэгддэг давсны хэмжээ нь ДЭМБ-ын зөвлөмжөөс их байгаа нь анхаарал хандуулах асуудал юм. Давсны хэрэглээ өндөр байгаа нь цусны даралт ихсэх өвчний гол шалтгаануудын нэгт тооцогддог. Давс нь бие махбодод ус хуримтлагдахад хүргэж, судасны даралтыг нэмэгдүүлж, улмаар зүрхний ачааллыг ихэсгэж, цусны даралт ихсэх эрсдлийг бий болгодог" гэлээ.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-аар өнгөрсөн 8 жилийн хугацаанд 19 аймгийн 50,000 орчим иргэнийг үзлэг, оношилгоонд хамруулсан бөгөөд 2024 оны 8-р сарын 19-23-ны хооронд Хэнтий, Говьсүмбэр аймагт үргэлжилнэ. Эдгээр аймгуудад амжилттай хэрэгжсэнээр, аян Монгол Улсын бүх аймагт хүрч ажиллана гэсэн зорилгодоо хүрэх юм.
Иргэд та бүхэн өөртөө болон хайртай дотны хүмүүсээ эрүүл байлгахын тулд эрүүл мэндийн үзлэгт идэвхтэй хамрагдаарай. Эрүүл мэнддээ цаг гарган, урьдчилан сэргийлэх нь таны хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top