|

Монгол Улсад Олон улсын төлбөрийн картын үйлчилгээг анхлан нэвтрүүлсний 25 жилийн ой тохиож байна

zulaa 2024/08/08 384 0

Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл болох олон улсын картын үйлчилгээг Голомт банк анхлан нэвтрүүлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна.
Ойн хүрээнд Голомт банкнаас “Олон улсын төлбөр тооцооны чиг хандлага 2024” олон улсын арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд арга хэмжээнд банк санхүү, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон дотоодын 95 байгууллагын нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид уригдан оролцож байна.
Хурлын үеэр Visa, MasterCard, GRG Banking, UnionPay, Cardzone зэрэг дэлхийн санхүүгийн салбарын тэргүүлэгч компанийн төлөөллүүд орчин үеийн төлбөр тооцооны хэрэгслийн хөгжил, банкны үйлчилгээний шинэ чиг хандлага, CX буюу хэрэглэгчийн туршлага зэрэг сэдвүүдээр илтгэл тавих юм. Үргэлжлүүлэн Монголын хэрэглэгчдийн төлбөрийн инновацад хандах хандлага, түүнийг дагасан технологи, бизнесийн шаардлага, гарц шийдлүүдийн талаарх хамтарсан хэлэлцүүлгийг өрнүүлнэ.
 

“Төлбөр тооцооны хамгийн өргөн, хялбар хэрэглээ болох олон улсын төлбөрийн картыг Голомт банк анхлан гаргаснаар Монгол Улсын банк, санхүүгийн салбарт цоо шинэ олон улсын стандартыг нэвтрүүлээд зогсохгүй Монголчуудын гадаадад аялах, зорчих, худалдан авалт хийх соёлыг олон улсын түвшинд хүргэсэн. Бид уг туршлага дээрээ үндэслэн технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг тэр дундаа цахим банк, интернэт банк, онлайн худалдаа, смарт утсанд суурилсан банкны аппликэйшн, дижитал хэтэвч, виртуал карт, олон улсын стандартын QR, контактлесс төлбөр тооцоо гээд цаг хугацаа, зардал хэмнэсэн маш олон шинэлэг үйлчилгээг салбартаа анхлан нэвтрүүлсээр ирсэн.”
А.Одонбаатар, Голомт банкны Гүйцэтгэх захирал
Технологи суурьтай үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк Монголын банк, санхүүгийн салбарт технологийн дэвшил, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд шинээр анхлан нэвтрүүлж, цаашдын хөгжил чиг хандлагыг тодорхойлсоор ирсэн. Үүний нэг тод жишээ нь, Голомт банк 1999 онд Олон улсын төлбөрийн картын системийг Монгол Улсад анхлан нэвтрүүлснээр “MasterCard Worldwide” байгууллагын албан ёсны гишүүн болж, олон улсын эрхтэй Голомт нэрийн MasterCard картыг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсэн нь иргэд, харилцагчдад олон улсын гүйлгээ, төлбөр тооцоо хийх боломж нээгдэж байсан түүхтэй.
Түүнчлэн, 2000 онд олон улсын VISA карт, 2010 онд эх газрын Хятадаас гадна олон улсын зах зээлд UnionPay юанийн карт, 2013 онд American Express картыг дотоодод анхлан нэвтрүүлж байсан Голомт банк дэлхийн үсрэнгүй хөгжилтэй мөр зэрэгцэн, дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, дэвшилтэт шийдлийг харилцагчдадаа санал болгон олон улсын төлбөр тооцооны систем, картын бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй хөгжүүлсээр ирсэн билээ.
“Олон улсын төлбөр тооцооны чиг хандлага 2024” олон улсын хурал нь Монгол талаас оролцогч финтек, банк бус санхүүгийн байгууллагуудад шинэ санаа, шинэлэг мэдээ мэдээллээр хөрөнгө оруулж, олон улсын байгууллагуудад Монголын зах зээлийг танилцуулсан үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна.
Дэлхийн жишиг Монголын банк

Санал болгох

Сэтгэгдэл

top