|

Өөрийгөө олох эрх чөлөө

namuunaa 2015/08/24 1501 0

Би угаасаа ийм өөрчлөгдөхгүй гэсэн өөрийгөө олохгүй төөрөгдөл олон зүйл хэлнэ. Хэн ч угаасаа ийм биш. Харин хүн хэзээ нэгэн цагт тийм хүн болно гэж одоо байгаагаасаа сайжирч илүү болж үүгээрээ бусдаас ялгарч чадвал сүргийн амьтанлаг төрхөөсөө салж өөрийгөө "Би” гэж хэлэх боломжтой болох.


 

Би угаасаа ийм гэсэн яг одоогийн амьдралын хэв төрхийнхөө эсрэг өөрийгөө хүчилж олон зүйлийг шинээр сурч өнөөдөр хүртэл олж хараагүй зүйлээ олж харж нүд нээгдэх тийм ч амархан биш. Хүн өөрийгөө олж ухаарч бодож эхлэхээр найз нөхөд гологдож магтан дуулдаг хүндэтгэдэг хүмүүс ямар ч үнэгүй болох жишээтэй. Энэ үед хүн гутарч сэтгэлээр унах биш жинхэнэ үнэнтэй танилцаж буйдаа баярлах хэрэгтэй.

 

Хүн өөрийгөө олж хөгжиж өндөр түвшинд очих боломжтой. Ингэлээ гээд бүгдийг үнэлэхгүй тоохгүйдээ биш ухаж ойлгож түүх эсвэл үлгэр домог эсвэл бурхан гэдэг чинь хүн өөрөө зохиосон хүний л төсөөлөл болохоос цаанаасаа угаасаа өгөгдсөн зүйл биш гэдгийг мэдэх жишээтэй.Тухайн хүн нэг бол өөрийгөө олохгүйдээ эвлэрч угаасаа би ийм гэж амьтанлаг явах уу эсвэл өөрийгөө олж жинхэнэ үнэнтэй нүүр тулгарч бие даасан хүн болж өндөр түвшинд хүн гэсэн нэрийг тээж явах чадвартай гудамжаар алхах уу гэсэн сонголт байх жишээтэй. Өөрийгөө олохоор зурагтаар ярих хүмүүсээс авахуулаад гудамжаар явах хүмүүсийн нүд хүртэл нэг л өөр харагдаж эхлэнэ. Энэ үед жинхэнэ бодит байдал гэж юу вэ гэдгийг ухамсарлана.

Шинийг сурч олон мэдэхгүй зүйлээ мэдэж эхлэх гэдэг бага насандаа ээж аавын буруу заасан зүйлсийг засаж залруулж арван жилийн сургуулийн багшийн өөрийнхөө үнэмшилийг тулган үнэмшүүлсэнийг ухаарч цаашлаад их дээд сургуульд лекц нэрийн дор буруу ойлгосон зүйлсээ ярьж ном нэртэй өврийн дэвтэрүүдээсээ цээж бичиг хийлгүүлжээ гэдгийг хожим ухаарна. Одоо тэгвэл буруу ээж аав алдаатай багш худлаа профессоруудын хүнийг угаасаа л ийм болгосон гэмт хэргээс хэрхэн салах вэ? Үүний цаана улстөр гээд бүр том дээд хэмжээнд гэмт хэрэг хийдэг хүмүүсийн хэлж ярьж хүнийг угаасаа ийм болгосон хар гайнуудыг яах вэ? Энэ бүгдийг олж харахгүй хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс бас амитан шинжээрээ ингээд л мөрөөрөө л явна гэсэн дараагийн угаасааг хэлж уйлагнадаг.

Мөрөөрөө л явна гэж ээжийнхээ сүүдэрт явах охид эсвэл аавынхаа дарамтад явах хөвгүүд амьтнаас ялгаагүй. Чонын бэлтрэг л ээжийнхээ гаргасан мөрөөр явж чонын амьдралаар л амьдарна. Гэтэл хүн төрөлхтний түүхийг харахад хүн өөрийнхөө амьдралаар амьдарсан тул агуу роман бичиж, суут сонгодог хөгжим зохиож, гайхамшигтай уран зураг зурж, огторгуй ямар их томыг нээн олж, философийн номууд бичиж эрх чөлөө гэж юу байдагийг бүтээн бий болгосон шүү дээ. Мөрөөрөө явж амьтан амьдралаар амьдрах хүмүүс хэний ч төлөө юу ч хийхгүй нүхэн амьдралаар л харанхуй хоосон бэртэгчин амьдралаар амьдарна. Ийм л хүмүүс мухар сүсэгт амархан автагдаж хүний хоол болж адгийн боловсролгүй лам залууд доромжлуулна. Арслан тайж яаж Түвдэд дагаар орж Монгол мөнх биш зуурд боллоо доо. Буцаад тархай бутархай овог аймгууд болсон биздээ.

Ойр орчмынхоо хүмүүсийг хүндэтгэдэг, өөр арга байхгүй, хөөрхийг гомдоогоод юу хийх вэ, бас өрөвдөөд байна шүү дээ гэж шалтаглан мөрөөрөө явах гэсэн угаасаа ийм гэж амьдралд бууж өгсөн хүмүүс зөвхөн өөрийгөө биш бусдыг балладаг. Өнөөдөр балласаар ч байна. Өөрийнхөө амьдралаар амьдарч чадахгүй хүмүүсийг анхааруулж нэг ч удаа боломж өгч чадвал тийм хүмүүс ёстой л ачтай хүмүүс дээ. Ерөөсөө ээж аавынхаа амьдралыг дууриан амьдарч тэдний үгэнд үг дуугүй орох гэдэг эрх чөлөө байтугай тэгш эрхтэй ч харшилдана. Тиймээс шударга ёс бүр ярих ч хэрэггүй.

Өөрийгөө хаанаас олох вэ гэхээр ухамсар ба шүтлэг хоёрын зааг дээр, эрх чөлөө ба дарамт хоёрын ялгаан дээр цаашлаад ардчилал ба сэхээтэнчлэл хоёрын туйлшрал дээр олно гэсэн ойлголт. Хүн өөрийгөө сайн муу хоёрын дунд олох шаардлагатай үүний тулд өөрийн бие ба өөрийн ухаан хоёрын ялгааг мэдэж авах чухал. Том булчин шөрмөстэй биетэй олон эрчүүд ухаан муутай бол бүтэн болоогүй хагас хүмүүс шүү дээ. Өөрийгөө олох гэдэг мөнхийн ба хугацаатай хоёрын хил хязгаар дээр олох мөн "Байх” ба "Биш” хоёрын зөрлөг дээр өөрийгөө олох гэх мэт ойлголтууд хэрэгтэй.

Өөрийгөө олох гэдэг нийгмийн дунд олны дотор танилуудын өмнө найз нарынхаа дэргэд өөрийгөө хэрхэн харагдуулж хэн гэж ойлгуулж хэн гэдгээр танигдаж явах тэр хөдөлшгүй тогтсон "Би”-г олох эрх чөлөө. Энэ эрх чөлөөг эдэлж чадахгүй олон хүмүүс амьдралын турш хэн ч болоход бэлэн явцгаадаг. Ийм хүмүүсийг улс төрийн намууд болон мухар сүсгийн байгууллагууд маш хурдан татаж элсүүлж авдаг.
Хэн ч болоход бэлэн үргэлж өөрчлөгдөх яаж ч магад тэр "Би биш” болж өөрийгөө алдахаас хамгаалахад боловсрол хэрэгтэй. Боловсролгүй ардчилал "Би биш”-үүдийг төрүүлж хар масс болгожээ. Би болж чадах хэрэгтэй. Олон хүн "Би” болохоос айдаг бас татгалздаг. Одоо өнгөрсөн ингээд л явна гэдэг. Нэгэнт Би-нүүд нийлж чадахгүй гэвэл "Бид” болж чадахгүй.

Өнөөдөр олон зүйр цэцэн үгс хүчингүй болж олон ч хүнийг төөрөгдүүлсэн хэвээр. Сохорын газар сохор доголонгийн газар доголон явна гэсэн зүйр цэцэн үг Монгол хүнийг хэн ч биш хүүхэд шиг тогтворгүй хүний аашийг дагасан хөнгөн хийсвэр болгожээ. Сохорын газар хараатай мөртлөө сохор болох ямар их ялагдал вэ. Доголонгийн газар эрүүл биетэй байж хүн дагаж доголох ямар их хоосрол вэ.Монгол хүн дасан зохицох чадвартай гэдэг ямар их мөрөөрөө бас угаасаа ийм гэдгийн баталгаа вэ. Хүн дасаж зохицохдоо биш шүүмжтэй харж гярхай нүдээр шинжиж дасах үедээ дасна дасахгүй үедээ хаяад явах хэрэгтэй. Үнэхээр таалагдахгүй тэнэг үйл явдал гарвал зохицох биш өөрчилж шинэчлэх хэрэгтэй. Үүнийг гадаадаар инноваци гэдэг биш билүү. Нөгөө төгөлдөршүүлэх гэж орчуулсан худлаа орчуулгаа санах хэрэгтэй.

Өөрийгөө олж өөрийнхөөрөө байж бусдаас ялгарч бусдыг үл тоон алхаж чадахгүй Монгол хүний мөрөөрөө явах гэсэн өрөвдөлт зан төрх яасан их ялагдал вэ. Мухар сүсэгт ялагдаж ламд залилуулж өөрийгөө олох биш өөрийгөө бүрэн алдсан мухар сүсэгт Монгол хүн арц царван үнэртэж мэдрэмж балартаж хадаг хийсгэж байгал орчноо бохирдуулж хэн гэдгээ мэдэхгүй хэн болохоо ойлгохгүй явцгаана.

Өөрийгөө олох гэдэг "Би биш”-ийг орхиж "Би” болох шүү дээ. Гэхдээ хүүхэд шиг би гэж бүх юмны урдаар орох гэж зүтгэх биш харин нийгмийн дунд олны дунд ажлын хүмүүсийнхээ дунд найз нөхдийн дунд Би байж чадах чадвар шүү дээ. Хэлэх гэснээ хэлэх хүсэх гэснээ хүсэх татгалзах гэснээ татгалзах зөрөлдөх гэснээ зөрөлдөж чадах тэр Би болсон хүний өөрийгөө олж буй баталгаа. Өөрийгөө олоогүй хүмүүс нэг бол юу ч хэлэхгүй бүгдийг зөвшөөрч толгой дохино эсвэл бүгдээс зугатааж хэнтэй ч уулзахгүй гэртээ бүгнэ. Би бишүүдийг номхон дөлгөөн үг дуу цөөтэй төлөв даруу гэж улам дуугүй болгоно. Сүм хийдэд дуугүй номхон суудаг болохоос биш нийгэм дотор дуу гаргах хэрэгтэй номхон биш омоглон байх хэрэгтэй. Чаддаг байх хэрэгтэй шүү дээ.

Өөрийгөө олны дунд алдахгүй, массын нэг болж урсгалд урсахгүй, хүн дагаж амьдралаа даатгахгүй, хүний сүүдэрт явж цүнх барьдаг зөөгч болохгүй, бялдуучилж хүн бүрт тал засахгүй, хэзээ нэг магтаал шагнал ирнэ гэж горьдож дол цохихгүй, үргэлж ярзайтлаа инээж нэг их найрсаг хүн болох гэж хичээхгүй явах тэр үнэт чанар өөрийгөө л олсон хүний шинж шүү дээ. Өөрийгөө олоогүй хүмүүс дороо л хүмүүст танигддаг. Өөрийгөө олоогүй хүмүүс баригдахаараа бантаж царай зүсээ хувиргаж нуух гээд бүтэлгүйтэж улам биеэ барьж инээдэм болдог.

Өөрийгөө олж чадна гэдэг бусдаас өөрийгөө тусгаарлаж чадахыг хэлэх ба ингэж буйгаараа ганцаараа зожиг болохыг хэлээгүй. Ганцаараа байж чадвал өөртөө төвлөрч өөрийнхөө ажил хөдөлмөр болон сонирхож хүсэж явдаг зүйлээ хийж бүтээхэд тустай. Өөртөө цаггүй гэвэл бусдын цаг хэмээр л явна гэсэн ойлголт.

Өөрийгөө олох гэдэг нэгдүгээрт эдэлж хэрэглэх тодорхой эд зүйлсийг эзэмшиж, олны дунд нийгэмд биеэ зөв авч явахаас гадна бас оюуны чадвартай байж бодож бодлоо илэрхийлэх мөн сэтгэж сэтгэлээ илэрхийлж чадахыг хэлнэ. Ингэж гурван зүйлийг маш сайн хослуулж чадах чухал. Үүний тулд бодол гэж юу вэ гэсэн ном унших сэтгэл гэж юу вэ гэсэн онолтой танилцах шүү дээ. Үг мэдэх хангалтгүй түүний цаана үг бүр онолтой шүү дээ. Үүнийг л хэлнийхэн эсвэл их эрдэмтэн бичгийн хүн гэж магтдаг хүмүүс ухаарч ойлгоогүй дээ.

Би хэн бэ? Би юу хүсдэг билээ? Би хорвоог болон ертөнцийг хэрхэн төсөөлдөг вэ? Би бусдад хэн гэж харагдах вэ? Би өөрийгөө бусдад таниулж чадсан уу? гэх мэт асуултуудыг өөрийгөө олох гэсэн хүмүүс л тавихаас биш нэгэнт бусдыг дагадаг бууж өгсөн ялагдсан хүмүүсийн асуултууд биш.

Өөрийгөө олж чадвал өөрийгөө л бүтээх боломж гарна шүү дээ. Хүн гэдэг ээж аавын болон нийгмийн дутуу бариад хаясан барилгатай л адил. Тиймээс барилгыг гүйцээж барихын тулд хүн өөрөө л гүйцээх болохоос биш өөр хэн ч гүйцээж чадахгүй. Хэн ч өөрийнхөө л бүтээл болдог. Зарим бүтээл муу харин зарим бүтээл дажгүй.

Өөрийгөө бие хүн болгоход боломж хэрэгтэй. Өөрт өгөгдсөн боломжоос гадна бас өөрийнхөө онцлог авьяас чадвараа мартаж болохгүй. Хэнд ч авьяас чадвар бий хэдий ч бусдаас шалтгаалан авьяасаа нууж явсаар өөрийгөө олохгүй явах жишээ олон бий. Олон ээж аавууд хүүхэддээ боломж өгөөгүй байж хэт их зүйлийг хүүхдээсээ шаардаж ач хариул гэдэг. Гэтэл эргэж хариугаа өгч ачийг хариултал олон жил хэрэгтэй шүү дээ. Нөгөөтэйгүүр авьяасгүй хүн хичээл зүтгэлээр авьяасыг нөхөх бас боломжтой.

Хүү аавынхаа амьдралаар хэзээ ч амьдрахгүй гэдгийг үргэлж давтан хэлэх хэрэгтэй. Аавынхаа иддэгийг идэх албагүй. Охин хэзээ ч ээж шигээ болохгүй шүү гэдгийг дахин дахин давтах хэрэгтэй. Ээжийнхээ сонирхдогийг сонирхох албагүй. Муу гэдэгтээ биш харин ялгаатай гэдэгтээ шүү дээ. Удам дагах гэдэг хоцрогдсон бөгөөд аавыгаа өвлөх гэдэг ч хот газар нийгэмд чухал биш.

Мэдээж өөрийгөө олох гэдэг хэдийгээр өөрийгөө нийгмийн дунд олох тухай боловч эхлээд өөрийнхөө дотор өөрийгөө олох бас чухал гэдгийг мартаж болохгүй. Би юу чадах билээ мөн юуг чадахгүй билээ.
Мэдээж хүн залуудаа алдах гэдэг маш сайн. Алдаж үзээгүй гэвэл зөв гэж юу гэдгийг хүн мэдэхгүй. Буруу болон зөв хоёрыг хоёуланг л үзэж эдэлсэн байх хэрэгтэй. Түүний дараа л ялгааг мэднэ. Үүнийг юм үзсэн хүн гэдэг шүү дээ.

Ерөөсөө хүн угаасаа биш уг дотроо хэн бэ гэдгээ мэдэж түүн дээрээ ажиллаж уг гэдгийг шинэчилж өөрчилж чадна. Ингэж чадаж байж сэтгэл ханамжтай шүү дээ. Үүний тулд ухаанаа сайн хөгжүүлэх хэрэгтэй. Мэдээж төрөхөд ухаан цагаан цаастай адил гэдэг. Одоо энэ цагаан цаасан дээр ээж аавууд олигтой зүйл бичих хэрэгтэй. Олиггүй зүйл бичсэн гэвэл ухаан буруутна. Тиймээс юун саруул ухаан харин ч маш хурдан бүрхэг ухаан болох аюултай.

Эндээс харахад "Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн үг тийм ч онож хэлсэн үг биш. Яагаад гэвэл багаасаа болон залуудаа олигтой боловсрол авч ухаанаа хөгжүүлээгүй хүмүүс шууд л саруул ухаантай болох боломж байхгүй шүү дээ.

Эцсийн эцэст ухаан гэсэн энэ чухал ойлголтыг ухамсар гээд бүр ондоо үгтэй хольж хутгаж ирсэн аюул буруу яриа буруу ойлголтуудын баталгаа шүү дээ. Тиймээс "Монгол хүний саруул ухамсарт итгэдэг” гэвэл илүү ойр мэт. Ухамсар гэдэг мораль буюу сайн мууг ялгаж чадах хүний төлөвшил шүү дээ. Жоохон ухамсартай байгаач гэдэг сайн мууг ялгаа ч л гэсэн үг. Харин жаахан ухаантай байгаа ч гэвэл ухаан алдахгүй сэрүүн сэргэг байгаа ч гэсэн унтах унтахгүйн тухай ойлголт байх жишээтэй.

Үргэлжлэл бий.

Санал болгох

Сэтгэгдэл

top