ЖЕНЕВ./AFP/.Энэ онд дэлхийн худалдааны өсөлт урьдчилан таамаглаж байснаас ялимгүй сайжрах төлөвтэй байгаа ч Украины дайн, өндөр инфляц зэргээс шалтгаалан "ердийнхөөс доогуур хэвээр” байх төлөвтэй байна гэж Дэлхийн худалдааны байгууллага/ДХБ/лхагва гарагт мэдээлэв.
ДХБ-ын худалдааны төлөв байдлын талаарх жил тутмын тайланд дурдсанаар, энэ онд дэлхийн худалдааны өсөлт 1.7 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ нь өмнөх оныхоос бүтэн нэг функтээр буурсан үзүүлэлт боловч өнгөрсөн 10 дугаар сарын таамаглалаас 0.7 хувиар өсжээ. Гэхдээ жилийн өмнөх төсөөллөөс/3.4 хувь/ хол зөрүүтэй хэвээр байна.
Өсөлтийн төсөөллийг ахиулахад Хятад улс "COVID-19” халдвартай тэмцэхийн тулд авч хэрэгжүүлж байсан хатуу арга хэмжээнүүдээ цуцалсан нь голлох нөлөө үзүүлсэн байна. Тус улс хилээ нээсэн нь олон улсын худалдаанд түлхэц өгөх төлөвтэй байгааг тайланд онцлон тэмдэглэжээ.
ДХБ-ын ахлах эдийн засагч Ральф Осса Женев хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Украины дайныг энхийн замаар зогсоож, геополитикийн хурцадмал байдлыг намжаах нь дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийг ихээхэн сайжруулах болно гэдгийг онцолсон байна.
Түүнчлэн тэрбээр банкны салбарт саяхан илэрсэн эмзэг нөхцөл байдал нь эрсдэл дагуулж, бодлогын хүү хурдацтай өсөн нэмэгдэж байгаа нь санхүүгийн зах зээлд нэмэлт дарамт үүсгэж, улмаар олон улсын худалдаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг мөн анхааруулжээ.