|

"Эмнэлэг явж байгаа хүнийг маршрутаас гарсан гэх үндэслэлээр шоронд хорьдог үзэгдэл байж болохгүй"

zulaa 2023/04/05 284 0

"Эмнэлэг явж байгаа хүнийг маршрутаас гарсан гэх үндэслэлээр шоронд хорьдог үзэгдэл байж болохгүй"

 

Иргэн Д.Монголхүүгийн хоригдсон асуудлаар түүний өмгөөлөгч болон гэр бүлийнх нь гишүүн мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Б.Баяраа "Анх Д.Монголхүүг Сүхбаатарын талбай дээр жагсаал хийх үед цагдаагийн алба хаагчдыг эсэргүүцсэн гэх шалтгаанаар нэг жил зорчих эрхийг нь хязгаарлах ял оногдуулсан. Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан учраас тэрээр үг дуугүйгээр ял шийтгэлийг биелүүлж байсан. Түүнчлэн Д.Монголхүүгийн хувьд 2020 онд эгэмний хагалгаанд орж байсан бөгөөд цагдаад баривчлагдах явцдаа гэмтэл нь сэдэрч, ГССҮТ-д үзүүлэх шаардлага гарсан. Ийнхүү тэрээр прокурорын байгууллагаас эмнэлэгт үзүүлэх зөвшөөрөл авсан юм. Харин прокурор ердөө нэг л өдрийн зөвшөөрөл олгосон. Д.Монголхүү зөвшөөрлийн дагуу эмнэлэгт үзүүлж, гэртээ шууд харьсан боловч гэмтлийн эмнэлэг рүү явсан замаараа буцаж хариагүй гэдэг шалтгаанаар маршрут зөрчсөн гэж үзсэн. Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар явж байгаа хүнд маршрут тогтоож, улмаар маршрутаас гарсан гэх үндэслэлээр шоронд хорьдог үзэгдэл байж болохгүй. Нөгөө талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Э.Итгэлтөгс Д.Монголхүүг ГССҮТ-д очоогүй гэж худал хуурмаг мэдээлэл тараасан. Д.Монголхүү эмнэлэг явсан гэдэг нь хамт явсан гэрчийн мэдүүлэг, эмчийн үзлэгийн дүгнэлтээр нотлогддог. 

Хоёрдугаарт саяны шүүх хурал дээр шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан дутуу, хуурамч нотлох баримт гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл Д.Монголхүүг GPS-ийн тусламжтайгаар 24 цагийн турш хянаж байдаг. Гэтэл шүүхэд өгсөн баримтад Гэмтлийн эмнэлэг явсан эсэх маршрут нь байхгүй, цаг хугацаа нь тодорхойгүй ийм маршрут гаргаж ирсэн. Хүнд зорчих эрхийг нь хязгаарлах ял эдлүүлж байгаа бол хаанабайгааг нь цаг минутаар хянаж байгаа. Албаар эмнэлэг очоогүй гэдэг хуурамч баримт гаргаж, шүүхэд өгсөн. Манай талаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэж өгөлгүйгээр буруутгаж байна.

Дараагийн давтан зөрчил гаргасан гэж үзсэн нь цахим бугуйвчийг унтраасан гэх асуудалтай холбоотой. Тус бугуйвчийг хоногтоо дөрвөн удаа цэнэглэдэг. Цэнэгээ дээд тал нь зургаан цаг барьдаг. Нэг удаа цэнэг дуусаж бугуйвч унтрахад л шийдвэр гүйцэтгэх газрынхан яаралтай гэрт нь хүрч ирсэн. Хамгийн гол нь Д.Монголхүү Баянзүрх дүүрэгтээ байсан. Түүнд цахим бугуйвчны цагийг цэнэгтэй байлгах ял өгөөгүй нь ойлгомжтой. Үүнийг зөрчил гэж үзэх нь зөв үү" гэсэн байр суурийг илэрхийллээ.

Тэгвэл Д.Монголхүүг хорьсон асуудлаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах тайлбарыг гаргалаа. Үүнд

"Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 556 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 854 дугаар магадлалаар Д.Монголхүүг Эрүүгийн хуульд заасан "Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн.

Ялтан Д.Монголхүү шүүхийн шийдвэрийн дагуу зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тогтоосон маршрутаас гарсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж ял эдлүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Иймд Д.Монголхүүгийн эдлээгүй үлдсэн 6 сар 8 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сар 8 хоног хорих ялаар сольж шийдвэрлэсэн болно.

Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэж Эрүүгийн хуульд заасан байдаг" гэлээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

top