|

Б.Наранхүүд сул гишүүний суудал хангалтгүй санагджээ

namuunaa 2015/08/10 601 0

 

      МАН-ын сайд нарыг огцруулах асуудал өнгөрсөн долоо  хоногийн Баасан гарагийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Ингэснээр энэ долоо хоногийн чуулганаар шинэ сайдуудын асуудал хэлэлцэгдэх нь тодорхой болоод буй. 

Саарал ордноор шинэ сайд нарын нэрс яригдаж, АН-ынхан энэ амралтын өдрүүдээр Их тэнгэрийн аманд нууц уулзалт хийж, сайд нарын тохироогоо фракц хоорондоо хийсэн гэх яриа явж байгаа юм. 

Энэ дуулианаар фракцийн түвшинд нэр нь яригдаагүй гишүүд ч эхнээсээ сайд болох лоббигоо явуулж эхэлжээ. Тухайлбал, Б.Наранхүү гишүүнийг парлементийн хэсэг нөхөд нь Зам тээврийн сайдад нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа намын удирдлагуудад  уламжилсан байна. 

Тэрээр УИХ-ын гишүүн  гэхээсээ илүүтэйгээр Мон-Уран компани, хурдан хүлгүүдээр овоглодог Б.Наранхүү энэ удаа давхар дээл өмсөхөөр лоббигоо эрчимжүүлсэн бололтой. МУИС-ийн дэргэдэх математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг төгссөнийг эс тооцвол оноогоод нэрлэх мэргэжилгүй Б.Наранхүү гишүүн парламентэд төдийлэн үг хэлээд байдаггүй тул олны анхаарлын төвд багтдаггүй гэж  хэлж болно. 

Анхлан Б.Наранхүү АН-д орж ирэхдээ "Шонхор" фракцийг гайгүй сайн ивээн тэтгэж, МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг өөрийн төрсөн эгч Б.Сарангэрэлтэй эсрэг нам болсон гэлцдэг. Ямартай ч түүнд сул гишүүний суудал хангалтгүй санагджээ. 

Дашрамд сонирхуулахад, Зам тээврийн яамыг хуучин сайд нь буюу одоогоор З.Энхболдын зөвлөх хийж буй Л.Гансүх толгойлно гэх яриа явагдаж байсан. Харин ойрын хэдэн өдрүүдэд энэ суудалд Л.Эрдэнэчимэг гишүүн нэрлэгдэж буй юм. Учир нь, энэ салбарыг намын зүгээс  туршлагатай хүнээр томилох бодлого барьж, ерөнхийдөө Шонхор фрацкаас сонгохоор төлөвлөсөн гэх яриа явж байна. Энэ тохиолдолд Б.Наранхүү гишүүний сайд болох санаа шал дэмий онигоо болон замхрах нигуртай

Санал болгох

Сэтгэгдэл

top