Оросын арми Украины 10 гаруй бүс нутаг руу дайралтаа эхэлжээ. Нийслэл Киев хотын ойролцоох цэргийн штаб, нисэх онгоцны буудал бөмбөгдөлтөд өртсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсаас Украин Улсад оршин суугч Б.Тэгш-очиртой холбогдож дараах мэдээллийг авлаа.
Тэрбээр "Өглөөний 05.00 цагаас хойш пуужин харваж эхэлсэн. Би энд Украин эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Одоогоор газар доор метронд сууж байна. Сая агаарын дайралт гээд хүмүүс метроны хонгил руу орж чихээ дараарай, газар хэвтээрэй гээд нэг хэсэг эвгүй байдалтай байлаа. Ерөнхийдөө энэ хотын энд тэндгүй пуужин харваж, галдаад байгаа бололтой байна. Энд байгаа монгол оюутнууд байр түрээсэлдэг нэгнийдээ цугласан байна. Би мессиж бичиж "метрон дотор ороорой” гэж хэлсэн. Яг яахаа сайн мэдэхгүй гадагшаа гарах гэхээр бөмбөгдүүлчхээд хэцүү нөхцөл байдалтай байна. Мөн энэ хотоос гарах урсгалыг хаасан, аюултай орчинд байна.