|

Цагаан өвлийн ногоон олимп

nomun 2022/02/07 666 0

Цагаан өвлийн ногоон олимп


43 жилийн хичээл зүтгэл, долоон жилийн нөр их бэлтгэл, 14 жилийн хүлээлтийн дараа "Бээжин-2022" өвлийн XXIV олимпийн наадмын хөшиг нээгдэж эртний түүхт Бээжин хотын тэнгэрт олимпийн бамбар бадамлан аслаа. 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд өмнөд хөрш БНХАУ-д болж буй хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон  олимпод 91 орны 2890 гаруй тамирчид  долоон спортын (биатлон, бобслей, керлинг, хоккей, тэшүүрийн төрлүүд, цанын төрлүүд, чарга) 15 төрөлд 109 цогц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.
2015 оны долдугаар сарын 31-нд Малайзын нийслэл Куала Лампур хотод болсон ОУОХ-ны 128-р чуулганаар 2022 оны XXIV өвлийн олипмийг зохион байгуулах хотоор Бээжин хот тодорсныг албан ёсоор зарласан юм. Олимп зохион байгуулах эрхийн төлөө зургаан хотын дунд өрсөлдөөн өрнөж сүүлийн шатанд 44:40 гэсэн саналын харьцаагаар Казакстаны Алмата хотыг ялж Бээжин шалгарсан юм.
Улмаар 2015 оны арванхоёрдугаар сарын 15-нд "Бээжин-2022" XXIV өвлийн олипмп  зохион байгуулах хороо албан ёсоор байгуулагдсанаар бэлтгэл ажил тасралтгүй өрнөж сүүлийн хоёр жил гаруй хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд сорилтыг амжилттай давж спортын их гэр бүлийн анд нөхдөө хүлээн авахад бэлэн болжээ.
 
"Бээжин-2022" өвлийн олимпийн: 
-Лого: Өвөл(冬) гэсэн ханз үсгийн загварт үндэслэсэн.
-Уриа үг: Ирээдүйн зүг хамтдаа
-Бэлгэдэл амьтан: Дүнь Дүнь хэмээх нэртэй хулсны баавгай
-Бамбар: Нисэх (飞) гэсэн нэртэй, навчны хэлбэрт үндэслэсэн
-Сүлд дуу: Ирээдүйн зүг хамтдаа
 
27000 САЙН ДУРЫНХАН АЖИЛЛАЖ БАЙНА 
Энэ удаагийн олимпид одоогоор 91 орны тамирчид оролцох эрхээ хангаад байгаа бөгөөд Гайти, Саудын Араб улсууд анх удаа өвлийн олимпийн наадамд оролцож  байгаа бол Пенчан-2018 онд оролцсон улсуудаас БНАСАУ оролцохгүй бол "Бээжин-2022" онд оролцох эрхээ авч хараахан чадаагүй дөрвөн улс байгаа нь Өмнөд Африк, Сингапур, Того, Тонго болно.
Дэлхийн олон улс орны тамирчдад 12 төрлийн үйлчилгээнд туслан зөвлөх үүрэг гүйцэтгэхээр 27000 сайн дурынхан олимпийн тосгон болон спортын ордонд бэлэн ажиллаж байна.
 "Бээжин-2022” өвлийн олимпийн уулын цана, бобслей, скелетоны төрлүүд Бээжингийн Яньчинд дүүрэгт, харин Бээжингээс 180 км зайд орших Хэбэй мужийн Жанчхүү буюу түүхнээ чуулалт хаалга, хаалган хот гэж нэрлэгдэж ирсэн Жанжякоү хотод гүйлтийн цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон, фристайл, сноубордын төрлүүдийн тэмцээн явагдах бол Бээжинд олимпийн нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, тэшүүр, шорт-трек, уран гулгалт, хоккей, керлингийн тэмцээн болохоор төлөвлөжээ.

Нээлт, хаалтын ёслолын ажиллагаа "Бээжин-2008” зуны олимпийн гол цэнгэлдэх хүрээлэн "Шувууны үүр”-т болсон бөгөөд Бээжин хот нь зуны болон өвлийн олимпийг зохион байгуулах анхны хот болох юм. "Бээжин-2008” зуны олимпийн усан спортын гол ордон болсон "Water Cube”-ийг  "ICE Cube” болгон өөрчлөн ашиглажээ.
 
БЭЭЖИН ЗУНЫ ОЛИМПОД 43 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛЖ БАЙСАН БОЛ ӨВЛИЙНХ  3.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР "БҮТЖЭЭ” 
Олимпийн уралдаан тэмцээнийг дээр дурдсан гурван бүсийн 12 ордон цогцолборуудад 16 хоногийн турш эв нэгдэл спортын их цэнгэл үргэлжлэх болно.
2008 оны зуны олимпод 43 тэрбум ам.доллар зарцуулж байсан бол 2022 оны өвлийн олимпийн төсөв харьцангүй бага буюу 3.9 тэрбум ам.доллар орчим гэсэн урьдчилсан төсөөлөл гаргаад байна. Учир нь уралдаан тэмцээн болох ихэнх спортын ордон, цэнгэлдэх хүрээлэн, дэд бүтцийн байгууламж нь өмнө нь ашигласан болон хуучин байгууламжаа  шинэчлэн зассан бөгөөд шинээр дөрвөн спортын уралдаан тэмцээний байгууламж барьсан нь тэшүүрийн ордон, чарга болон бобслейн зам, трамплин харайлтын цогцолбор, уулын цанын зам юм.
Энэ удаагийн өвлийн олимп нь цар тахлын амаргүй үед, тэр тусмаа Омикрон хувилбарын давалгаа ид дэгдэж буй цаг үед зохиогдож байгаа болохоор маш хатуу, нарийн чанд дэглэмд нээлт хаалт, уралдаан тэмцээнүүд болон бусад албан ёсны соёлын арга хэмжээнүүд явагдана гэдгийг БНХАУ-ын Олимпийн наадмын зохион байгуулах хорооны зүгээс нэлээд эртнээс анхааруулан сануулсаар байна.
Цар тахлын дэгдэлтийн нөхцөл байдлаас шалтгаалан гадаадын үзэгч, хөгжөөн дэмжигчдийг олимпийн тосгонд оруулахгүй, зөвхөн урьдчилан тасалбар худалдан авсан Хятадын дотоодын үзэгчдийг халдвар хамгааллын маш нарийн тодорхой шалгуурын дагуу уралдаан тэмцээнд үзэгчээр оруулж буй юм.
 
Жан И Мө: НЭЭЛТ "БИ-ЭЭС БИД”, "ТҮҮХИЙГ ӨГҮҮЛЭХЭЭС ИРЭЭДҮЙГ ЗОРИХ” АГУУЛГАТАЙ 
"Бээжин-2022" өвлийн XXIV наадмын нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар Хятадын алдарт найруулагч Жан И Мө ажиллажээ. Тэрбээр  мөн "Бээжин-2008" зуны XXIX наадмын нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар ажиллаж Хятадын олон мянган жилийн түүх соёлын дээжээс даян дэлхийн олон зуун сая үзэгчдэд тун амжилттай толилуулж чадсан юм.
Авьяаслаг найруулагчийн удирдлагааар 3000 гаруй урлаг соёлынхон 100 минутад нээлтийн  ёслолыг төгс гүйцэтгэхээр 2019 оны гуравдугаар сараас эхлэн бэлтгэж нээлтийн дохио эхлэх мөчийг хүлээж байлаа. "Бээжин-2022" нээлтийн ёслолын агуулга, философи нь "Бээжин-2008” -аас нэлээд ялгарах бөгөөд "БИ-ээс БИД”, "Түүхийг өгүүлэхээс Ирээдүйг зорих” гэсэн байдлаар өөрчлөгдөж байгааг  найруулагч онцолж байна.
Олимпийн бамбарыг дэлхийн 25 улс орны харьяалал бүхий 14-86 насны төлөөлөл болсон 1200 хүн дамжуулан гүйсээр нээлтийн үдэш уудам тэнгэрт бадамлан ассаныг дэлхий нийт харлаа. 
 
Хятад судлаач, орчуулагч Х.Баатархүү

Санал болгох

Сэтгэгдэл

top