|

15 см урттай "харь гаригийн хүний араг яс" нь үнэндээ юу болж таарсан бэ?

zulaa 2022/01/08 4950 0

15 см урттай "харь гаригийн хүний араг яс" нь үнэндээ юу болж таарсан бэ?

 

Археологийн ихэнх олдворууд араасаа сонирхолтой таамаг, нууцлаг явдал, эргэлзээг дагуулдаг билээ. Тэдгээрийн нэг нь конус хэлбэрийн шовгор толгойтой, зууван нүдний ухархайтай, арван ширхэг хавиргатай өчүүхэн жижиг биетэй хүний мумми юм. Түүнийг Чилийн Атакамын цөлөөс олсон учраас "Ата" хэмээн нэрлэсэн аж. Байгалийн бүтээл гэхэд итгэмээргүй энэхүү араг яс нь юунаас үүсэлтэй болох талаар олон таамаг гарч ирсэн бөгөөд ихэнх судлаачид түүнийг харь гаригийн хүний үлдэгдэл гэж үзэж байв. Тэгвэл саяхан эрдэмтэд нарийн шинжилгээ хийсний үр дүнд "Ата" нь яг юу болохыг тогтоож чаджээ.

2003 онд Чилийн эрдэнэсийн хайгуулч Оскар Муноз хэмээх эр Атакамын цөлд орших Ла Нориа хэмээх хуучин уурхайн хотын дэргэдэх хаягдсан сүм дотроос энэхүү нууцлаг "мумми"-г олжээ. 

Араг ясыг цагаан даавуугаар ороож, ягаан олсоор уяад савхин хүүдий дотор хийн нуусан байв. Түүнийг хичнээн ажигласан ч хүн мөн гэж хэлэх үнэхээр хэцүү. 

Учир нь "Ата" ер бусын өндөр конус хэлбэр бүхий гавлын ястай, нүдний ухархай нь дээшээ өргөгдсөн зууван, 12 биш 10 ширхэг хавиргатай байсан нь үүний гарал үүслийн талаар томоохон эргэлзээ төрүүлжээ.

 

 

Уфологистууд тэр даруй "Ата" олдсон газрыг судалж эхэлсэн бөгөөд түүнийг харийн хүний үлдэгдэл мөн гэж итгэсэн судлаачид олон байв. Харин зарим нь араг ясыг эртний нууцлаг омгийн гишүүнийх гэж үзжээ.

Эхэндээ эрдэмтэд "Ата"-г балар эртнээс гаралтай олдвор гэж бодсон ч 2012 онд хийсэн дээжийн судалгаагаар 1970-аад онд хамаарах болохыг тогтоосон аж.

 

"Ата" яг юу болж таарав?

 

2018 онд  үүн дээр судалгаа хийсэн эрдэмтдийн баг тус араг ясыг харь гаригаас гаралтай гэсэн таамгийг эрс няцаасан байна. Сан Франциско хот болон Калифорни мужийн тэргүүлэх их сургуулиудад хийсэн шинжилгээгээр "Ата" 40 жилийн өмнө нас барсан нь тогтоогджээ. Генетикийн гаралтай хэд хэдэн өвчний улмаас өсөлт нь удааширсны зэрэгцээ одой болох өвчин, ясны бусад эмгэг түүнээс илэрсэн байна. 

Үүнээс дүгнэн тэд араг ясыг дутуу төрсөн, эсвэл төрөөд удалгүй нас барсан охин хүүхдийнх гэж үзжээ. Стэнфордын их сургуулийн Анагаахын ухааны сургуулийн микробиологи, иммунологийн тэнхимийн профессор Гэрри Ноланы үзсэнээр "Ата" нь цаашид генээс шалтгаалсан өсөлтийн эмгэгтэй хүмүүст туслахад шаардлагатай мэдээллийг өгөх боломжтой аж.

 

 

2012 онд нэгэн найз нь түүнд харийн амьтны араг яс олсноо хэлснээс хойш Профессор Нолан "Ата"-г судалсаар иржээ. Тэр хүртэл олон жилийн турш араг ясыг Испанийн нэгэн иргэн хувийн цуглуулгадаа хадгалж байсан гэнэ.

Охины цогцсыг хаягдсан сүмийн дэргэд хэн булсан болохыг одоогоор мэдэх хүн гарч ирээгүй байна. Магадгүй түүний ээж нь одоо ч амьд байгааг үгүйсгэх аргагүй.

 

 
https://www.caak.mn/view/8289415/

Санал болгох

Сэтгэгдэл

top